Д.Оюунхорол: Энэ засаглалын үед хөрөнгө оруулалтыг “царцаах” гэдэг үг моодонд орлоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргье. УИХ-ын чуулганы завсарлагаанаар юу хийж амжуулав?
Тойрогтоо ажиллаа. Мөн зарим аймаг сумдаар явж ажиллаад ирсэн. Ингэж явахдаа УИХ-аар батлагдсан хууль тогтоомжууд болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, санал хүсэлтийг сонсоод ирлээ. Явсан аймаг бүрт л иргэдийн амьдрал хүндэрч байгаа тухай, бензин шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэ өссөн талаар ярьж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг даруй нэмэгдүүлж өгөхийг л захиж хүсэж байна.
МАН-ын бүлгийг эдийн засаг хямарч иргэдийн амжиргаа хүндэрлээ гэж ярихаар олонхийн бүлэг “МАН-ынхан шоу хийж байгаа юм. Иргэдийн амьдрал зүгээр, хэвийн байгаа” гэж тайлбар хийж янз бүрээр аргалах хаацайлах гэж их оролдлоо. Бодит байдалдаа дүгнэлт хийж алдаагаа засахгүй байсаар байдал улам хүндэрч байгааг эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харамсалтай.
2013 оны төсвийн Хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг 70 хувиар тасалсан. 2014 оны хөрөнгө оруулалтаа “0” дүнтэйгээр баталж царцаасан. Олон объектын дүнг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж төсөвт тодотгол хийх ёстой байсан ч чадсангүй. Дээрээс нь санхүүгийн хувьд байдал хүндрээд төсвөө зөв төлөвлөж, хугацаанд нь зарцуулж чадахгүй, томоохон хөрөнгө оруулалтууд бүгд зогсонги байдалд орлоо. Монголын томоохон орд болох Тавантолгойн нүүрс улам үнэгүйдэж, борлогдох нь бэрхшээлтэй болж, валютын нөөц долоо хоног, сар болгон сая сая доллараар багасч байхад өр тавьж авсан бондын хэдэн доллараар юм болгоныг аргацааж, валютын ханшаа хэдхэн сарын дотор ихээр алдаж байгаа нь импортын болоод өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдэхэд хүргэж байна. Өмнөх жилүүдэд тасралтгүй буурч байсан ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг 2013 онд эсрэгээрээ нэмэгдэж, өмнөх засгийн үед төлөвлөсөн, тооцоо судалгааг нь хийсэн нэг ч том аж үйлдвэр, уурхайн төслийг бодитойгоор эхлүүлээгүй бөгөөд, одоогийн мөнгөний бодлого нь үйлдвэржилтийг дэмжихээс илүү импорт, барилга, байрны үнэ зэргийг өндөрт байхад чиглэгдэж, экспорт, хүн амын бодит орлого, цалин дор хаяж 12 орчим хувиар буурсаар байхад эдийн засгийн байдал сайн байна гэж хэлэх үндэслэл байхгүй байна.
Германы эдийн засагч Ханс Вернер Зин хэлэхдээ “Монгол улс маш богино хугацаанд 2.2 тэрбум төгрөгийн их өр үүсгэсэн байна. Европын холбооны улс 100 жилийн дотор л энэ хэмжээний өртэй болсон байдаг. Бонд гаргаж, тансаг хэрэглээгээ өсгөж байгаагаа засах хэрэгтэй. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Монгол улс хурдан давхидаг гөрөөс гэж нэрлэгддэг байснаа больж мөлхдөг яст мэлхий болох бий гэсэн айдас дэлхий нийтэд ч байна. Ингэхээр танай улсын Засгийн газраас гадныханд түгээх мессеж, үйл хөдлөлөө хянаж, чамбай хандах чухал” гэж дүгнэсэн байна лээ. Эрх баригчид маань энэ дүгнэлтээс нэгийг бодох л естой юм шиг санагдаж байсан.
Долларын ханш өсөж төгрөгийн худалдан авах чадвар буурсныг та юунаас үүдэлтэй гэж боддог вэ?
Монгол банкны төгрөгийн гадаад валютын ханшийн мэдээлэл иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байгаа. Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралаас үүдэн импортын бүтээгдэхүүний үнэ өсч, инфляцийн түвшинг хөөрөгдөж, иргэдийн амьдралыг улам бүр дордуулж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Төв банкнаас эдийн засгийн интервенцийг удаа дараа хийж байгаа боловч валютын нөөц хомстой манай улсын хувьд энэ аргын хүрээ хумигдаж сөрөг нөлөөллийг бууруулах боломж багасах талтай юм. Валютын зээл нийт банкны салбарын зээлийн 30 орчим хувийг эзэлж байгаа өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханшийн сулрал тэдгээр зээлдэгчдэд маш их дарамтыг бий болгож байна.
Өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин 12.2 хувь байна. Манай улсын эдийн засагт экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж байгаа нь гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан инфляцийн дарамтыг өсгөх хандлага бий болсон гэж үзэж байна. Тухайлбал хүнсний барааны үнийн өсөлт өмнөх сарынхаас 50.1 хувиар, харин өмнөх жилийнхээс 31.8 хувиар өссөн бол хувцас, бөс барааны хувьд өмнөх сарынхаас 28.9 хувиар, харин өмнөх жилийнхээс 23.2 хувиар тус тус өссөн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш унасантай шууд холбоотой юм.
Засгийн газар “үнэ тогтворжуулах хөтөлбөр” арга хэмжээг эхлүүлж 3 ихнаяд төгрөг гаргаж зах зээлд нийлүүлснээр төгрөгийг үнэгүйдүүлсэн. Харамсалтай нь энэ их мөнгө хэдхэн компаний үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ болсноос цаашгүй. Тийм учраас бид ЗГ-аас үнэ тогтворжуулах нэрээр гарсан 3 их наяд төгрөгийг юунд зарцуулсан, ямар компаниуд, хэн авч хэрэглэснийг олон нийтэд мэдэгдэхийг хүсч байгаа. 2013 онд 12.5 хувийн инфляцийн өсөлтийн 73.6 хувийг үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөгөөс болсон гэж судлаачид тайлбарлаж байна.
Валютын ханш Баялаг бүтээгчдэд хамгийн хүндээр тусч байх шиг байна?
Төсвийн орлогын төвлөрөлттэй холбоотойгоор улсын төсвөөс ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа 303 аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн захиалагч яам, төсвийн ерөнхийлөн захирагчаар хянагдаж баталгаажсан нийт 183.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэл санхүүжилт авч чадаагүй байна. Өнгөрсөн 2013 онд импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дутуу төвлөрөлттэй холбоотойгоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нийт 18.7 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдэж чадаагүй байгаа нь олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хурч байна.
Өдрөөс өдөрт долларын ханш чангарч байхад гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд авах мөнгө нь улам л үнэгүйдэж байна. Энэ дунд валютын ханшийн зөрүүгээр хөлжиж байгаа хэсэг бүлэг байна гэж иргэд хардаж байна. 2008-2009 оны хямралын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд ханшийн өөрчлөлтөөс 235 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын зээлийн алдагдал хүлээж байсан бол 2013 оны 12 сарын байдлаар 573 тэрбум төгрөг болж өссөн байна. Хувийн хэвшлийн чанаргүй зээл ханшийн өсөлттэй зэрэгцэн огцом өсч 222 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Маш олон ААН хаалгаа барьлаа. Энэ бол эмгэнэл. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг үйлдвэрлэж, татварын орлогын 70 гаруй хувийг бүрдүүлж, 600 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, улс орны хөгжлийг нуруундаа үүрч яваа. Өнөөдөр баялаг бүтээгчдээ дэмжихгүй бол манай улсын эдийн засаг хөл дээрээ босохгүй л дээ.
Ингэхэд намрын чуулганаар Та өргөн барьсан хуулийн төслүүдээсээ хэлэлцүүлж чадав уу? Цөөнхийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх асуудалд оруулахгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл их явсан. Эрх баригчид маань ардчиллын олон үнэт зүйлээс нэг иймэрхүү маягаар ухарч байна даа?.
УИХ-ын Намрын чуулганд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс 22 хуулийн төслийг өргөн барьсан. Үүнээс 3 хуулийн төсөл нь УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Үлдсэн 19 хуулийн төслийг олонхи “царцаасан”. Энэ засаглалын үед “царцаах” гэдэг үг моодонд орлоо. /инээв/
Та ямар хуулиуд өргөн барьсан вэ?
“Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүдтэй хамтран өргөн барьсан. Энэ хуулиар жилийн дөрвөн улирлын эрсдэлтэй хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг малчид, малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчилж өгсөнөөрөө жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тусламжинд хамрагдах боломж нээгдэх юм.
Мөн Монгол улсын 0-18 насны хүүхэд бүрт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн бүрт сар бүр 21000 төгрөг олгуулахаар “Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуулийн төслийг өргөн барьсан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэзээ хэлцэх нь тодорхойгүй байна.
Малчдын тэтгэврийн тухай багц хууль ямар шатандаа яваа вэ?
УИХ дахь МАН-ын бүлгийнхээ 25 гишүүн, АН- аас Б.Болор, эвслээс Д.Батцогт гишүүдтэй хамтран Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, малчин иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох, сайн дураар даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох үүднээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг Монгол улсын Засгийн газраас санал авахаар өгсөн боловч дэмжихгүй байна.
Мөн Цалин тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмдэг байх, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хэрэглээний үнийн индексээр жил бүр нэмэгдүүлж байх шаардлагатай гэж үзэж холбогдох хуулиудын төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн өөрөөр хэлбэл цалин тэтгэврээ чимээгүй нэмдэг болох ёстой гэдгийг л хуульчилах ёстой юм. Харин энэ асуудалд улс төржих ямар ч шаардлага байхгүй зарчмын л асуудал шүү дээ.
Малчдаар улс төр хийж байна гэж зарим хүмүүс үзэж байх шиг байна?
Тэгж харж байгаа хүмүүст би харамсаж байна. Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон хэдэн малчид маань олон жил үнэлгээгүй хөдөлмөрийг цаг наргүй эрхэлж, төрд ч дарамт болохгүй ажлын байр нэхэлгүй, өөрсдийгөө болон үр хүүхдээ тэжээн амьдарсаар ирсэн нь үнэн.
Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд мал аж ахуй томоохон байр суурь эзэлдэг.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 10,0 гаруй хувийг мал аж ахуй үйлдвэрлэж байна. Хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30,0 орчим хувийг малчид эзэлж, нийт өрхийн 20,0 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаа залгуулж байна. Малчдын тоо жилээс жилд буурч байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 17 орчим хувь буурсан. Эдгээр хуулийн төслийг цаг алдалгүй батлах хэрэгтэй гэж олон нийт үзэж байна.
Улсын эдийн засаг хүнд байхад дарамт учруулах нь гэж хараад байгаа юм уу?
Харин ч эсрэгээрээ. Бид нарийн тооцоо судалгаа хийсэн. 2013 оны байдлаар 285.500 малчин байгаагаас Нийгмийн даатгалд сайн дураар 23.720 нь буюу 8.3 хувь нь хамрагдсан байна. Өнөөдөр Нийгмийн даатгалд хамрагдвал зохих 257.807 малчин байгаагаас Нийгмийн даатгалд хамрагдаагүй 234.087 малчин байна.
1995 оноос хойшхи 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоолон нөхөн төлвөл 455 065 128 000 төгрөг. Хэрвээ өнөөдрийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 1 245 927 020 000 төгрөг Нийгмийн даатгалын санд хуримтлагдахаар тооцоо гарсан. Өнөөдөр тэтгэврийн насны малчин нийт малчдын 9.7 хувийг л эзэлж байгаа.
Малчдын тэтгэврийн тухай асуудал яригдаж эхэлмэгц С.Эрдэнэ сайд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг та юу гэж үзэж байгаа вэ?
Хамтын тэтгэврийн тухай хуулийг эсэргүүцсэн юм биш. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 3.1.4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх” гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчин Засгийн газраас санал авалгүйгээр оруулж ирсэн нь буруу.
Бид хуулиа дээдлээд санаачилсан хуулийн төслүүдээ Засгийн газарт санал авахаар өгчихөөд 2-3 сар хариугаа хүлээж байна. Үүнээс гадна манай тэтгэвэрийн даатгалын сан нь эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан байдаг. Одоогийн ажиллаж буй иргэд нь тэтгэвэр авагчдаа санхүүжүүлж явдаг сан шүү дээ. Энэ зарчимтай Хамтын тэтгэврийн тухай асуудал нийцэхгүй байна. Хэрвээ хамтын тэтгэврийг бий болгоё гэвэл одоогийн тогтолцоо, зарчмаа өөрчилж байж хэрэгжүүлэх шаардлагатай болно.
Энэ талаарх тооцоо судалгаа ердөөсөө ч алга байна. Засгийн газраас, Сангийн яамнаас энэ асуудлыг судлаж тооцоо судалгааг нарийвчлан боловсруулж оруулж ирэх шаардлагатай. Ч.Улаан сайдаас асуухад энэ тэтгэвэрт өгөх 200 гаруй тэрбум төгрөг байхгүй л гэж хэлсэн. Энэ асуудалд хөнгөн гоомой хандаж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Тэтгэврийн сан одоогоор алдагдалтай сан хэвээр байгаа. Энэ онд гэхэд 320.0 тэрбум төгрөгний татаасыг төрөөс авна. Хамтын тэтгэвэрт 76.0 мянган иргэн хамрагдана гэж үзээд дундаж тэтгэврийн 70 хувиар бодож хамтын тэтгэвэр олгоход жилд нэмж 145.0 тэрбум төгрөг шаардагдана гэж хууль санаачлагчид нь тооцоолсон байна лээ. Үнэхээр л мөнгө байгаа бол цалин тэтгэврээ ядаж 30% нэмчих хэрэгтэй л дээ.
Хамтын тэтгэврийн тухай хууль нь гэр бүлийн бат бэх харилцааг дэмжинэ гэж байгааг та юу гэж үзэж байна вэ?
Гэр бүлийн үнэт зүйл, бат бэх харилцааг тэтгэврийн даатгалаар шийдэхгүй . Хүн ам зүйн бодлого, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаа тусад нь шийдвэрлэх естой гэж үзэж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга хийж гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн өмчлөх эрхийн асуудал, гэр бүлийн өмчийн асуудал, гэх мэт олон харилцааг зохицуулан тусгаж УИХ-аар батлуулахыг яаралтай хийх шаардлагатай байна. Мөн өнөөдөр гэр бүлийн орчин дахь хүчирхийллийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ хуульчилж өгөх хэрэгтэй.
Ингэхэд өмнөх парламентын үед таны санаачилан өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ямар шатанд яваа вэ?
УИХ-ын чуулганаар хэлцэгдэх дарааллаа хүлээгээд байж байгаа даа
- Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Та инээж байгаад Ардчилсан Намын бүлгийг завсарлага авах хүртэл үг хэлчих шиг болсон?
Энэ хууль 2016 оноос хэрэгжих юм уу, батлагдсан өдрөөсөө эхлээд хэрэгжиж эхлэх үү гэдэг дээр л гол асуудал байгаа юм. Өнөөдрийн бидний мөрдөж байгаа хуулиар “УИХ-ын гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтанд оролцохоос сайн дураар татгалзана” гэсэн хуультай. Нөгөө талаас нийтийн албанд болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд ашиг сонирхолын зөрчил үүссэн буюу болзошгүй тохиолдолд албан үүргээсээ татгалзаж өөрөөр хэлбэл энэ санал хураалтанд оролцохгүй гэдгээ сайд нар бичгээр ирүүлсэн байх учиртай.
УИХ-аар Дээд боловсролын санхүүжилтын тухай хууль хэлэлцэж оюутны төлбөрийн 70.000 төгрөгний асуудлыг хэлэлцэж байх үед тухайн үед чуулганы танхимаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бид хоёрыг санал хураалтанд оруулахгүй гэж гаргасан. Хууль бух хүмүүст тэгш шудрага үйлчлэх естой . Энэ нь Монголын парламентын түүхэнд загвар болсон. УИХ-ын даргаас 17 сайдаа санал хураалтанд оруулах ёсгүй гэж шаардсан байгаа.