Ж.Энхбаяр: МАН, АН засаг байгуулдаг цаг дууссан
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийн эрчимжилтийн хурдасгуур гараанаасаа гараад 10 гаруй хонож байна. Гэвч санхүү, эдийн засгаа энэ хоногуудад сайжруулах нь юу бол гэсэн байдлаар хандах нь бий. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал харамсалтай, гунигтай. Нөгөө талаас Засгийн газар өнгөрсөн хоёр жилээсээ сургамж авч чадаагүй байна. АН-ын “Эзэн 100” хөтөлбөр эхэлсэн, МАН-ын “Ард 100” гэдэг хяналтын тооллуур ажиллаж байгаа. Одоо 87 хоног үлдлээ. Өнөөдөр 10 тэрбум орчим ам.долларын эдийн засагтай Монгол Улс “100 хоног” гэсэн лоозон маягийн хөтөлбөрөөр хөдлөх нь юу л бол гэж харж байна. АН энэ хөтөлбөрөө гаргахдаа дүн шинжилгээ хийж чадсангүй. Эдийн засгийн нөхцөл байдлыг муутгасан учир шалтгаанаа тодруулаад оношоо зөв тавьсангүй.
Зүй ёс нь эдийн засгийг эрчимжүүлэх биш эдийн засгийн бодит уналт, санхүүгийн хямралаас гаргах арга хэмжээ байх ёстой. Аливаа зүйлийг эрчимжүүлэх өөр хэрэг. Нөлөө талаас хямралаас гаргах бас өөр. Харин бид оношоо буруу тавьсан. Онош буруу болохоор арга замууд буруу болж байгаа юм. Засгийн газар өөрөө Монгол Улсын нийгэм, эдийн засгийг удирдах жолоодлогоо алдчихсан. Засгийн газар нэгдмэл бус, зохион байгуулалтын болоод үйл ажиллагааны чадвараа алдчихсан байгаа. Сүүлийн үед болсон улс төрийн үйл явцууд Монголын нийгэмд маш тод томруун гаргаж өгсөн. Өөрсдөө асуудалтай Засгийн газар асуудалд оруулсан эдийн засгаа үлдэж байгаа 87 хоногийн дотор сайн сайхан болгоно гэдэгт итгэхгүй байна. Хайран цаг хугацааны алдагдал болно. Дээр нь Монголын хувийн хэвшлийнхэн болон ард түмэн ахиад л өндөр үнэ төлнө.
-Таны хувьд эдийн засгаа сайжруулах оношоо зөв тавиагүй, буруу алхмаас эхлүүлсэн гэж үзэж байгаа хэрэг үү?
МАН-ын “Ард 100” гэдэг хяналтын тооллуур ажиллаж байгаа. Одоо 87 хоног үлдлээ.
-Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар улс төрийн намууд оношоо зөв тавиад асуудлаа зөв дэвшүүлж чадсан бол эмчилгээ авах боломж байсан. Гэвч үүнийгээ дахиад дутуу хийлээ. Үүнд харамсалтай байна. Орж ирсэн хөтөлбөрийг харахад зээл авъя, байгаль орчныг хамгаалах чиглэлд хүрсэн олон түмний ололт, амжилтаасаа ухаръя, цөөхөн үлдсэн төрийн өмчийн хэдэн газраа хувчилъя. Гадны валютын бүсэд Монгол Улсаа найр тавьж өгье, цахилгаан дулаанаа чөлөөлье гэж байна. Үүний үр дагавар тодорхой.
Ханш өсч, инфляци явах нь. Эрчим хүчний сайд “Иргэдийн орон сууцны тог, цахилгааны төлбөр нэмэгдэхгүй” гэж хөөрхөн юм ярьж байлаа. Гэтэл хүний амьдрал бусад нөлөөллөөс шалтгаалж зардлууд нь үүндээ шингэнэ. Өөрөөр хэлбэл, талх, мах, сүүний үнэ өснө гэсэн үг. Монгол төгрөгийн ханш өсч, иргэдийн худалдан авах чадвар муудаад байдаг. Одоо эрчим хүчний суурь үнэ хөдөлгөөнд орж чөлөөлөгдсөнөөр инфляци нэлээн явах нь. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ханш ахиад унана. 100 хоногийн дараа Монгол Улсын өр нэлээд нэмэгдэж, улсын үйлдвэрийн хэдэн газраа ямар нэгэн аргаар хувааж авах нь гэсэн ийм л дүр зураг анзаарагдаж байна. Үнэхээр хариуцлагагүй байгаагийн нэг хэлбэр.
-Эрх баригчид МАН-ынхан Монгол Улсаа хөгжүүлье, ажил хийе гэхээр саад болж байна. Нөгөө талаас зээл авах гэхээр хязгаар тогтоочихсон нь асуудал болж байна гэх нь бий. Харин Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчиж, өрийн хязгаарыг 70 хувьд барих гэж байгаа нь өөрөө асуудал биз?
-Төсвийн тогтвортой байдлын хуулийг С.Баярцогт сайд байхдаа баталсан. Улс төрийн зөвшилцөл хийснээр Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн алсыг харж, зурж байж баталсан хууль. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээг 40 хувьд барьснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хувь нь тавьсан өрөө төлөөд явах чадвартай байна гэдэг тооцоо хийсэн юм. Одоо өрийн баланс алдагдаж байгаа. Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоонд өсч, 20 хувиас дээш гарахгүй бол төлбөр төлөх чадваргүй болно. Хэрвээ хүргэхгүй бол өрийн төлбөр улам нэмэгдэнэ. Эдийн засаг өөрөө өөрийгөө аваад явах чадвартай байсан бол одоо зөвхөн зээлэн дээр тогтдог болж хувирсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төр, аж ахуйн нэгжүүд нийлээд гадаад зах зээлд жилдээ 750 гаруй сая ам.долларын зээлийн төлбөр төлж байгаа. 2017 оноос зээлийн төлбөр эрс нэмэгдэнэ. Бид 2017 оноос нэг их наяд ам.долларын давсан төлбөрийг төлнө. Монгол Улсын өнөөдрийн чадавх бол нэг наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх чадвартай эдийн засагтай байгаа. Хэрвээ өрийн харьцааг 70 хувьд хүргэх хууль батлагдвал бид жилдээ хоёр тэрбум ам.долларын өрийн төлбөрийн уналтад орно гэсэн үг. Эдийн засаг өөрөө өөрийгөө авч явах чадваргүй энэ үед өрөөс өрийн хороонд байна гэвэл Монгол Улсын ирээдүй үнэхээр бүрхэг, харанхуй л байна.
-АН-ынхны яриад байгаа шиг өрийн хэмжээг нэмэгдүүлснээр ажил урагшлах боломж бий юү?
-Бидний орлого тодорхой байна. Тухайн нэг иргэн цалиндаа тааруулаад өрөө тооцоотой явдаг. Хэрвээ үүнээс хэтэрвэл амьдрал утгаа алдана. Нэг өдөр найралж, зугаалж болно. Машин авч болох ч орлого нь хэвээрээ байна. Ялангуяа, өнгөрсөн жилийн хугацаанд авсан өр, зээлийн асуудалд бид туулийн сэтгэл хангалуун бус байгаа. Дэндүү хариуцлагагүй, бодлогогүйгээр мөнгөө үрээд дуусч байна. Бид нэг ам.доллараар гурван ам.долларыг татах, баялаг бүтээх албыг дэмжих зорилгоор өр авах боломжийг УИХ нээж өгсөн. Гэтэл өнөөдөр нэг ам.доллараар гурвыг татаж чадав уу.
Бид 2017 оноос нэг их наяд ам.долларын давсан төлбөрийг төлнө.
“Чингис” бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны 600 орчим сая, нийтдээ хоёр тэрбум ам.доллараар зургаан тэрбумыг, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж биелэсэн үү. УИХ-ын баталж өгсөн утга санаа, зорилт хэрэгжсэн үү. Харамсалтай нь эсрэгээр нь тэр хэмжээний ам.доллар гадагшилж, Монголд итгэх итгэл уначихлаа. Үүнийг бүх тооноос харж болно. Хувийн бүх хэвшил, иргэн, аж ахуйн нэгжүүд хэмнэлтийн горимд ороод бүсээ чангалж, зардлаа хумьж байхад төр санаачилга гарахгүй байна. Өргөн барьсан төсвийн тодотгол нь орон тоо багасгахгүй, илүү зардлаа танахгүй байна.
Монгол Улсын хэмжээнд 157 объектын хөрөнгө оруулалтыг зарцаачихсан, дутаа хэвтэж байгаа. Гэвч үүнийгээ дуусгаж чадаагүй байж дахин зээл аваад өөр юм хийж байна. Хувийн хэвшлийн тавьж байсан төмөр замыг төр дээрэмдэж авсан. Удахгүй засмал замыг нь авна гэсэн сураг сонсогдож байна. Уул уурхайн зориултаар аж ахуйн нэгж өөрөө хөрөнгө оруулаад тавьсан замыг төр авч яах юм.
-Ард түмний амьдрал хүнд байгааг хэн хэнгүй мэдэж байгаа. Гэтэл макро үзүүлэлтээр бүх зүйл сайхан байгаа, өсч буй гэдэг. Энэ үзүүлэлт нь амьдралтай яагаад зөрөөд байна вэ?
-АН-ынхан ямар өнцгөөс амьдрал сайн байна гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Орлого яаж багасгав, төлдөг цахилгаан, дулааны үнэ хэрхэн нэмэгдэв гэдгийг Монголын энгийн иргэнээс асуухад хэлээд өгнө. Ийм мэдрэмжгүй, зөрчилтэй, нөгөө талаас хэлэхэд мэдлэггүй байгаа нь харамсалтай хэрэг. Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг 100 хоног үндсэндээ хоосон PR. Энэ Засгийн газар PR-аар амьдарч байна. Харин насаа уртасгах 100 хоногийг явуулж байгаа. Нөгөөтэйгүүр өнөөдрийн байдалд оруулсан хүмүүстээ улс төрийн хариуцлага тооцох чадвар алга. Цаашид ч гэсэн тооцож чадахгүй байх. Ийм нөхцөлтэйгээр тэдэнд итгэх найдлага ч үнэндээ алга байна шүү дээ.
-Үнэхээр Эв нэгдлийн Засгийн газрыг МАН, АН байгуулах боломж байгаа юу?
-МАН, АН байгуулагдаг цаг дууссан. Энэ бол улс төрийн намуудын хувилдаан биш. Монгол Улсад хамгийн их улс төрийн хүчин чадал сайтай, хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ санаачилгыг гартаа авах нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн нэг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал биш боллоо.
Эдийн засгийн уналтаас нийт монголчууд яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг нь нийгмийн, нийтийн, үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой болсон. Тэр утгаараа санаачилгыг Ерөнхийлөгч гартаа авах, нөгөө талаас УИХ-д байгаа улс төрийн бүх хүчнийг оролцуулан зөвшилцөл хийж чадвал хохирол багатай гарна. Түүнээс бол би сайхан болно гэж ярьж чадахгүй байна. Хохирол багатай гарах асуудал байна уу гэхээс биш эдийн засаг өсөх тухай бус. Яавал 2012 оны түвшинд очих вэ гэдэг эхний зорилт. Тиймээс тэр зүйлийг хүлээж, харж байна.