М.Энхболд: Болохгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно
Өнгөрсөн баасан гаригт МАН- ын дарга М.Энхболд, УИХ дахь намын бүлгийн дарга С.Бямбацогт нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардах бичиг өгөхөөр өрөөнд нь хэвлэлийнхэнтэй орсон юм. Ерөнхий сайд үдийн цайны цагаар гадаадын хүмүүстэй уулзалттай байхад дайрч орж ирлээ гэж ихэд бухимдан хүлээж авлаа.
Харин шаардлага хүргэхээр ирсэн талынхан ном журмын дагуу орж ирсэн гэсээр маргаан үргэлжилсэн. МАН-ынхан Ерөнхий сайдад хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооц гэсэн утга бүхий 10 хоногийн хугацаатай шаардах бичиг өгөхөөр ирсэн тухайгаа хэлж албан бичгээ гардууллаа. М.Энхболд “УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл батлагдахгүй байна, хэлэлцэж байгаа асуудал нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал биш, дэмий цаг үрсэн зүйл ярьсаар байтал эдийн засгийн байдал муудаж ам.долларын ханш 1820 төгрөгт хүрлээ.
Энэ бүхнийг Засгийн газрын үйл ажиллагаатай холбон ойлгож байна. Тиймээс үүнд дүгнэлт хийж хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүстээ 10 хоногийн дотор хариуцлага тооцож, төрийн ажлыг чамбайруулахыг шаардаж ийнхүү шаардах бичиг өргөн барьж байна” гэдэг тайлбар өгөв. Үүний хариуд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Үүнийг надтай, Засгийн газартай холбох шаардлагагүй, улс орны өнөөгийн байдалд санаа тавьж байгаа бол хамтарч ажиллаж дуу хоолойгоо нэмэрлэх учиртай.
МАН-ын бүлэг дээр мэдээлэл өгье гэж дөрөвдүгээр сарын 7-нд хэлсэн. Та бүхэн одоо хүртэл хариу хэлээгүй яваа. Ийм байдлаар ажил яаж явах вэ. Эдийн засаг муу байх нь МАН-д ашигтай юм уу. Би МАН-тай Засагт хамтрахгүй гэсэн болохоос хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй” гэлээ. Мөн “Өрөөнд дайрч орж ирж дарамт шахалт үзүүлдэг болох нь” хэмээн дургүйцэж “урилгагүй зочдоо” үдсэн юм. Шаардах бичиг өргөн барьсны дараа МАН-ын дарга М.Энхболдоос доорхи зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн ямар үндэслэлээр шаардлага хүргүүлж байгаа вэ?
Хариуцлага тооцдоггүй хүнтэй хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавина.
-МАН-ын бүлэг өнөө өглөө /баасан гаригийн/ ээлжит бус хурал хийж, хариуцлагагүй ажиллаж байгаа гүйцэтгэх засаглалын сайд, агөнтлагийн дарга нар болон холбогдох хүмүүст Засгийн газрын тэргүүн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Ингэснээр алдаа, дутагдлаа засч ажил сайжирна гэж бодож Ерөнхий сайдад 10 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүллээ. Шаардах бичиг гардуулах уулзалтын өмнө бид ном журмын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлж, хүсэлтээ илэрхийлж өрөөнд нь орж уулзсан. Гэтэл дайрч орж ирлээ гэж хэлж байна. Хамгийн чухал нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хууль хяналтын байгууллагад шалгуулж байхдаа хүний амь эрсдэж байхад холбогдох хүмүүстээ хариуцлага тооцох нь чухал гэдэг үүднээс шаардах бичиг өглөө.
-Хэрэв 10 хоногийн дотор хариуцлага тооцохгүй бол яах вэ?
-Хариуцлага тооцдоггүй хүнтэй хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавина.
-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар бүлгийн дарга С.Бямбацогттой Ч.Сайханбилэг сайд ярилцсан гэлээ. МАН-ын зүгээс хамтарч ажиллах уу?
-Хамтарч ажиллахад бэлэн байна. УИХ-аар батлагдаж байгаа бүх хууль МАН-ын бүлгийн оролцоотой байгаа. Харин сүүлийн үед Засгийн газраас өргөн барьсан хуулиуд УИХ дээр дэмжлэг авч чадахгүй байна. Жишээлбэл, Газрын тосны тухай хууль, Хяналтын тухай хууль бүгд УИХ дээр дэмжлэг авч чадахгүй байна. Дутуу боловсруулсан, муу төсөл их орж ирж байна.