МАН-аас мэдэгдэл гаргажээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Хаврын чуулган эхэлснээс хойш "давхар дээл" тайлах төслийг хэлэлцсэн ч олонхийн бүлэг унагасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах өргөдөл өгснийг УИХ сар гаруйн хугацаанд хэлэлцээд төсөл санаачлагч нь өөрөө хуулиа эргүүлэн татсан нь Монгол төрөөр тоглосон явдал гэж үзэж байна.
Монгол Улсын иргэн төрийн хамгаалалтад байж байгаад амиа алдсан явдал гарсан. Тиймээс шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушалтнуудтай хариуцлага тооцохыг шаардаж мэдэгдэл гаргаж байна" гэлээ. Энэхүү мэдэгдлийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргаж байгааг тэд онцолсон юм.
Мэдэгдэлд, “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшилээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчимыг ард түмний үнэт зүйл байх ёстой гэж Монгол Ардын Нам хатуу баримталсаар ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Бас хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, хагарал талцал айдас хүйдэсээр нийгмийг дүүргэж байгаа нь сүүлийн үед болсон үйл явдалууд харуулж байна.
Улсын Их Хурлын үйл ажиллагааг 2 сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.
Төрийн сайд нарын алдаа завхрал хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо.Эрх баригч намуудын хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ Улсын Их Хурлын үйл ажиллагааг 2 сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ.
Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.