С.Одонтуяа: Иргэнээ баялаг болгохын төлөө ажиллаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн, БГД-ийн Ардчилсан намын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.
-Юуны өмнө Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. “Масс пресс” сонины уншигчдад ч гэсэн энэ ойн баярын мэнд хүргэе.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настнуудад чиглэсэн хэд хэдэн хууль батлагдан, хэрэгжиж байна. Мөн Тамхины хяналтын тухай хууль үр дүнгээ өгсөн гэж иргэд сайшааж байгаа. Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль боловсруулагдаж байна. Энэ нь УИХ-д 11 эмэгтэй гишүүн ажиллаж байгаатай холбоотой юм болов уу?
-Ардчилсан намын “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн хамгааллын бодлогын талаар зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний дагуу бид ажиллаж байна. Дээр нь энэ удаагийн УИХ-д 11 эмэгтэй төлөөлөл багтсаныг чамлахааргүй амжилт гэж үзэж байгаа. Бид иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. Миний хувьд АН бүлгийн дотоод ажил, мөн хэд хэдэн хуулийн Ажлын хэсэгт ороод зав зай муутай явж байна. Би ЭМДХ, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хуулиуд, Эмнэлгийн эрх зүйн байдлын тухай хуульд голлон анхаарч ажиллаж байна.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар ажилласан жилээ нөхөн тооцуулж чадсангүй үлдчихлээ гэх олон хүүхэдтэй ээжүүдийн асуудлыг шийдвэрлүүлсэн үү?
-Хамрагдаж чадаагүй хүмүүсийн талаар эмэгтэй гишүүд удаа дараа асуудал дэвшүүлсэн юм. Ингэсний хүчинд 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан 41.000 гаруй хүнийг хамруулж, ажилласан жилийг долоо хүртэл жилээр нөхөн тооцуулж чадсан. Энэ хүмүүсийн 82 хувь нь эмэгтэйчүүд байсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн нэмэгдлийг нь тооцож олгоод эхэлнэ. Энэ асуудал дээр С.Эрдэнэ сайд нааштай хандаж шийдвэрлэж өгсөнд бид баяртай байгаа.
-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн аймшигт хэргүүд ар араасаа гарах боллоо. Харин Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл боловсруулагдах шатандаа байгаа. Энэ хуульд гэр бүлийн дарамтад байдаг хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бол?
-2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан ч нэлээд дутагдалтай болсныг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно. Тухайн үед дагалдах хуулиудад өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийг ахуйн зөрчил хэмээн цагдаа, хуулийнхан тоодоггүй байлаа. Тиймээс долоо хоног баривчлах эсвэл 15000 төгрөгөөр торгоод өнгөрнө. Харин хохирогчид хандсан ямар ч үйлчилгээ, хамгаалалт байхгүй.
Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд нэн тулгамдаад байгаа асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй. Сүүлийн гурван жилийн дотор зөвхөн гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Хамгийн харамсалтай нь үүний 87 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн хувь нь хүүхдүүд байгаа.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийг ахуйн зөрчил хэмээн цагдаа, хуулийнхан тоодоггүй байлаа.
Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл дээр онцгой анхааран ажиллаж байна. Шинэчилсэн хуульд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод үзүүлэх тусламж, цагдаа, шүүхийн байгууллага хэрхэн ажиллах, хэн ямар хариуцлага хүлээх зэргийг нарийвчлан тусгасан. Мөн энэ асуудлаас болж хүүхэд сэтгэл санаагаар хохирч, сурч боловсрох эрх, хамгаалуулах эрх нь зөрчигдөж байдаг. Тиймээс уг хуульд насанд хүрээгүй хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах талаар бүтэн бүлэг заалт оруулж байгаа. Ингэснээр хүүхдүүд эрхээ хамгаалах боломж бүрдэх юм.
-Торгох, баривчлах төдийхнөөр арга хэмжээ авдаг байснаас харахад хүчирхийлэгчдэд ямар ч хариуцлага тооцдоггүй юм байна. Шинэчилсэн хуульд хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагын талаар хэрхэн тусгасан байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үздэг байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцдог болж байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л тэр аюулд цэг тавьж чадна”.
-Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдахыг хүмүүс хүлээж байгаа. Энэ хуулийн ач холбогдол, агуулгын талаар товчхон мэдээлэл өгөөч?
Энэ хууль батлагдвал олон жил хамт амьдарсан хууль ёсны хосуудын нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн нь өөрийнхөө тэтгэвэр дээр нэмж бурхан болоочийнхоо тэтгэврийн 50-100 хувийг авдаг болох юм. Ингэж ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулж, эдийн засгийн баталгааг нь хангах боломжтой. Гаднын орнуудад бол ахмадуудын тэтгэврийг үлдсэнд нь өвлүүлэх байдлаар шийддэг жишиг бий. -Нэр бүхий гишүүдийн хамт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
Уг хууль батлагдсанаар зөвхөн ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдээд зогсохгүй, тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, урт удаан хамт амьдрах, эрүүл мэнддээ анхаарах зэргийг дэмжих олон талын хөшүүрэг болно гэж бид харж байгаа.
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн ихээхэн анхаарал хандуулж буй 70 гаруй мянган бага насны хүүхдэд хамаатай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-70 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна. Хүн бүр сурч боловсрох эрх үндсэндээ хэрэгжихгүй байна гэсэн үг. Энэ хүүхдүүд эх орондоо хэрэгтэй иргэд. Гэтэл эдгээр хүүхдийг хамруулахад 800 цэцэрлэг шаардлагатай. Энэ мөнгийг улс ойрын 10 жилд гаргах боломжгүй. Иймээс хүүхэд харах үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа. Бид энэ хуулийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж, дэмжиж ажиллаж байна. Гэр хорооллын жижигхэн байранд хүүхэд харах үйлчилгээний загвар байрыг Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-т хийсэн. Өнөөдөр гишүүд очиж танилцлаа. Монгол гэрийн нөхцөлд 10-15 хүүхэд харах үйлчилгээний загварыг бид удахгүй БГД-т нээнэ.
-Таны хийж хэрэгжүүлж буй ажлууд дундаас хүүхдүүдийн хүлээдэг нэг хөтөлбөр бий. “Эх орон 36” гэж. Энэ хөтөлбөр хэр хугацаанд үргэлжлэх вэ?
70 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна
-Иргэнээ баялаг болгохын төлөө өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зориг, бие даасан байдал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөрийг санаачилсан юм. Энэ нь өсвөр насны хүүхдийн 36 төрлийн чадамжийг хөгжүүлэх 36 цагийн хөтөлбөр юм.
Өнгөрсөн жил нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй сургуулийн 8000 гаруй хүүхдийг хамруулсан. Олон улсын “Найрамдал” зусланд болсон энэ хөтөлбөрийг хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд тун их сайшаан дэмжиж байсан. Тиймээс энэ жил хамрах хүрээг өргөжүүлэн таван аймагт хэрэгжүүлэхээр болоод байна.
-Улс орны ирээдүйн хөгжлийн талаар таны бодол?
-Бид арилжаанд шунаад амжилт олсонгүй, үйлдвэрлэх хэрэгтэй. Гаднын хөрөнгө оруулалтыг оруулаад цацдаг, тэр нь зогсохоор гаднаас зээл аваад цацдаг байсан. Үнэгүй хоол хавханд л байдаг. Бусдын мөнгөөр задгай наргиж болохгүй, өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө экспортлох хэрэгтэй.
Өнөөдөр дэлхий дахин тэргүүн зэргийн асуудал гэж гуравхан юм ярьж байна. Нэгдүгээрт, байгаль орчинд халгүй, хямд эрчим хүчийг яаж гаргаж авах вэ? Хоёрдугаарт, хүнсний хангамжийг хэрхэн нэмэгдүүлж, яавал хоргүй хүнс хэрэглэх вэ? Гуравдугаарт, байгаль орчныхоо тэнцвэрийг яавал алдагдуулахгүй байх вэ? Ердөө л энэ гуравхан асуудал. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж чадаж байгаагаар нь тухайн орны Үндэсний аюулгүй байдал хэмжигддэг цаг үе ирчихээд байна. Улс орны хөгжил дэвшлийн бодлого, өөрчлөлт шинэчлэлт, реформыг энэ тулгын гурван чулуунд үндэслэж хийх ёстой болоод байна. Гол нь энэ гурван тэргүүлэгч асуудлын гүнд ард иргэдийн маань амар тайван аюулгүй байдал, хувь хүний хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал байх ёстой гэсэн үүднээс хандаж хийх хэрэгтэй гэж боддог.
Эх орноо дэлхийн хөгжлөөс хоцроочихгүй байх гарц, шийдлийг дарга нартаа даатгаад орхих биш, харин аль болох олуулаа хэлэлцэж, зөв замаа тодорхойлдог бид хүчирхэг болж чадна.