Ц.Элбэгдорж: Эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014.03.10

Ц.Элбэгдорж: Эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон зохиогддог Эхийн алдар одонт мянган ээжийн чуулган Төрийн ордонд боллоо.

Чуулганд оролцогчдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

Та бүхний өсгөж байгаа хүүхдүүдийн ажил хэрэгч, бүтээлч сайхан хөдөлмөрөөс улс орны хөгжил шалтгаалдаг юм

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа, айл гэр бүрт байгаа ээжүүд, эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг дэвшүүлж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Алдарт эхийн одонтой зуун мянга гаруй ээжийг төлөөлж өнөөдөр Төрийн ордондоо хүрэлцэн ирж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа та бүхэнд мөн чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулга уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ жил бүр гуравдугаар сарын 8-нд болдог. Үүнийг ээжүүд хүлээдэг. Үр хүүхдүүд нь хүлээдэг. Ийм сайхан уламжлалт баяр, уламжлалт сайхан хүндэтгэлийн арга хэмжээ болж байгаад би туйлын их баяртай байдаг.

Манай ээжүүд зөвхөн гуравдугаар сарын 8-нд Төрийн ордонд цуглаж баярлахаас гадна ээжүүд, охид, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн өмнө, Монголын гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, улс орон, бодлого тодорхойлж байгаа хүмүүст хүргэдэг уламжлал тогтсон юм. Би нэг зүйлд бүрэн итгэж явдаг. Улс орны сайн сайхан гэр бүлээс, айл өрхөөс эхэлдэг. Айл гэр дотор халуун дулаан уур амьсгал байх юм бол улс оронд халуун дулаан уур амьсгал байна гэсэн үг. Айл гэр элбэг хангалуун амьдралтай, баян чинээлэг, аз жаргалтай, хайранд умбасан, бие биеэ хайрласан, хүндэтгэсэн, аз жаргалтай байх юм бол манай улс орон ч гэсэн тийм л аз жаргалтай байна гэж боддог.

Нөгөө талаас, улс орон хүнээс эхэлдэг. Хүн дээрээ тогтдог. Тэгэхээр хүний сайн сайхан, хүний хүмүүжил, хүний явах гэж байгаа сайхан зам мөн гэр бүлээс эхэлдэг. Та бүхний өсгөж байгаа хүүхдүүд, өсгөөд, хөлд оруулаад, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргээд явуулсан тэр хүмүүсийн хүмүүжил, тэдний ажил хэрэгч, бүтээлч сайхан хөдөлмөрөөс улс орны хөгжил бас шалтгаалдаг юм гэдгийг хэлье.

Гуравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдтэй уулзаж, үг хэлдэг уламжлалтай. Тэр бүртээ би тодорхой санаанууд хэлдэг. Энэ удаа нэг чухал зүйлийг ээжүүддээ захия гэж бодсон юм. Ээжүүд охидоо ажилд сургах хэрэгтэй. Хөвгүүдээ ажилд сургах хэрэгтэй. Охидоороо хоол хийлгэж сургах хэрэгтэй. Юм оёдог болгох хэрэгтэй. Охидоо, хүүгээ, ач хүү, ач охиноо ажилтай болгох хэрэгтэй. Ажилтай хүн ам тосдоно гэдэг үг бий.

Ажил хийж байгаа, санаачлагатай хүн бол сайхан амьдардаг нийгэм шүү дээ. Тийм учраас залхуугүй, буруу зуршилгүй, сайн охид, сайн хөвгүүдтэй байх юм бол Монгол орны хөгжил, Монгол орон ирээдүйтэй байна. Бидний олон зуун жил уламжилж ирсэн хүүхдүүдээ сургах монгол уламжлал, хүүгээ, охиноо амьдралд нь бэлддэг тэр зүйлд ээжүүд онцгой анхаарах ёстой гэж боддог. Үүнийг эмээ нар, алдарт эхийн одонтой ээжүүд сум, баг бүхэндээ, амьдарч байгаа газар бүртээ, гэр орондоо ярьж, Ерөнхийлөгч ингэж хэлсэн, үүн дээр бид анхаарах шаардлагатай болж байгаа гэж ярих юм бол энэ нь их зөв зүйл болно гэдгийг хэлье.

Аз жаргал хүчирхийлэл дор цэцэглэхгүй

нэ индэр бол бас тэр асуудлыг гаргаж ярьдаг тийм индэр юм.

Сая ярьснаас гадна хүн тэр бүр хөндөөд байдаггүй, ярихаасаа зайлсхийдэг асуудлууд байдаг. Энэ индэр бол бас тэр асуудлыг гаргаж ярьдаг тийм индэр юм. Энэ жил Иргэний танхимд эмэгтэйчүүдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудын төлөөллийг цуглуулж гэр бүлийн хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулсан.

Ингэж анхаарал хандуулж ярьсан тэр зүйл бас хүмүүст хүрч, олон газар хөдөлгөөн, ажил өрнөж, энэ асуудлыг гаргаж ярья гэсэн. Олон хүний нүдэн дээр нэг хүн алгадчихвал тэр нь гэмт хэрэг болдог. Гэтэл гэртээ эмэгтэй хүнийг хөх няц болтол нүдээд байхад тэр нь зүгээр л ахуйн зөрчил болдог утгагүй байдал Монголд байсан. Олон эмэгтэй, олон ээж, эхнэрүүд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бүдүүлэг авиртай хүмүүсийн гарт өртдөг хандлага байгаа. Энэ байдлыг бид ил ярьж хэлэх цаг болсон. Охид, эмэгтэйчүүд бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг энэ байдлыг гаргаж ярих хэрэгтэй.

“Алтан гургалдай торон дотроо дуулдаггүй” гэж ярьдаг. Аз жаргал хүчирхийлэл дор цэцэглэхгүй. Зодуур, нүдүүр дор цэцэглэхгүй. Ийм учраас үүнд анхаарал хандуулах цаг болсон. Манай эрчүүд ээжүүдээ, эмэгтэйчүүдээ, охидоо хайрлах ёстой. Эмэгтэй хүнд гар хүрдэг эр хүн бол сайн эр хүн биш шүү дээ. Ийм учраас би нийт эрчүүддээ, аавууддаа, залуучууддаа, хөвгүүддээ хандаж “Бүгдээрээ сайн эрчүүд байя. Эмээ нараа хайрлая. Ээжүүдээ хайрлая. Эхнэрээ хайрлая. Охидоо хайрлая ” гэж уриалж байна. Тэднийг сайн сайхан амьдрахад нь чадлынхаа хэрээр туслая гэж уриалъя.

Монгол Улс хүчирхийллийн  эсрэг санаачлагад нэгдэн орсон 64 дэх орон боллоо

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг өмнө нь гэмт хэрэг гэж үздэггүй, зөрчил гээд орхидог байсан.

Бид нэг сайхан санаачлагад нэгдэж орж байгаа. Сая гуравдугаар сарын 6-нд би түүнд гарын үсэг зурсан. Миний хийсэн мэдэгдлийг НҮБ-ын эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага сонсч, мэдсэн байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч маш чухал зүйлийг улс орондоо гаргаж тавилаа гэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг өмнө нь гэмт хэрэг гэж үздэггүй, зөрчил гээд орхидог байсан. Хүчирхийлэлд өртдөг эмэгтэй олон давхар хүнд амьдрал туулж, маш их хохирдог байсан. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг, шийтгэдэг байя. Энэ чиглэлд хууль бодлогоо чангаруулъя гэсэн санаачилга гаргасан. Үүнийг НҮБ, дэлхийн хамтын нийгэмлэг дэмжсэн.

Монгол Улс сая гуравдугаар сарын 6-нд энэ санаачлагад нэгдэн орсон 64 дэх орон боллоо, 64 дэх улс, 64 дэх Ерөнхийлөгч боллоо. Бид одоо дэлхийн олон нийтийн өмнө энэ талаар үүрэг хүлээдэг болсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл дээр одоо ажиллаж байна. Үүнд би маш их анхаарч байгаа. Олон хүний санаа бодлыг авч байгаа. Олон орны туршлагыг судалж байна.

Хуучин Эрүүгийн хууль гэж нэрлэж байсан хуулийг одоо Гэмт хэргийн тухай хууль болгож байгаа. Энэ хуульд хүчирхийллийн асуудлуудыг зохицуулж оруулж байна. Гэртээ хүчирхийлэл үйлдсэн бол үүнийг өмнө нь зөрчил гэдэг байсан бол одоо гэмт хэрэг гэж үздэг болох гэж байна. Ийм бодлоготой улс болж байгаа шүү, Монгол Улс. Ээжүүд, эмээ нар та бүхэн энэ үгийг цааш нь дамжуулж, хэлж өгөөрэй.

Ойрын үед гэр бүлтэй холбоотой олон чухал хууль, тогтоомжийг ярих гэж байгаа. Монгол Улсад хүн амын талаар төрөөс баримтлах бодлого гэж их чухал бодлого байдаг. Үүнийг шинэчилж гаргахаар ажиллаж байна. Энэ бодлогыг амьтай бодлого болгох хэрэгтэй. Зөв бодлого болгох хэрэгтэй. Бид их олон хөтөлбөр, бодлого гаргадаг. Тэр нь муу хэрэгждэг. Тэр нь хүний амьдралд наалддаггүй байсан. Одоо наалддаг болгоё. Наалддаг болгохын тулд  ээжүүдийн, эхчүүдийн, энэ чиглэлд ажилладаг судлаачдын саналыг авъя.

Энэ саналуудыг, та бүхний санаа, оноог бид бодлогодоо заавал тусгах ёстой. Ингэж бид бодит амьдралд хэрэгжих бодлого гаргахаар ажиллаж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлогод нийцүүлэн уг хуулийг шинэчлэн гаргана. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг гаргах гэж байгаа.

Бид өчигдөр буюу гуравдугаар сарын 7-нд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Үүгээр бид охид, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцдэг уламжлал тогтоож байгаа юм. Та бүхний төлөөлөл болсон олон хүмүүстэй бид олон асуудлыг ярилцсан. Энэхүү уулзалтаар бид өнгөрсөн жилийнхээ асуудлыг дахин хэлэлцэж, хүрсэн үр дүнгийнхээ талаар тайлагнадаг болъё гэж тогтсон. Ийм учраас манай эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудалд Төрийн тэргүүнээс эхлээд улам их анхаарал хандуулан ажилладаг уламжлал тогтоож байгаа юм.

Ээжүүдийн дуу хоолой, гэртээ хэлдэг үг, тогтоосон эмх цэгц, сахилга бат  Монгол Улсад хамгийн чухал юм шүү

Аливаа гэр бүлд олон хүүхэд мэндэлж, монголчууд олуулаа болох тусам би баярладаг.

Би өөрөө өнөр өтгөн олуулаа өссөн. Аливаа гэр бүлд олон хүүхэд мэндэлж, монголчууд олуулаа болох тусам би баярладаг. Нөгөөтэйгүүр хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд ачаалал болох ёсгүй. Шинээр төрсөн хүүхэд гэр бүлд баяр баясгалан авчрах ёстой. Тэр хүүхдийн өсөн бойжих орчин бүрдсэн байх ёстой. Үүнийг Монголын төр анхаарах ёстой.

Хүүхэд эрүүл мэнд бойжих орчин гэж чухам юуг хэлж байна гэвэл тухайн эмэгтэй хүнийг хөл хүнд болохоос эхлээд хяналт тавьдаг эмч нар, хэвтэх эмнэлэг, шинээр төрөх газар байгуулах, шинээр эмч мэргэжилтнүүд бэлтгэх гэх мэт олон асуудлыг хамарна. Төрөх газрын хүрэлцээ хомс, эмнэлгийн үйлчилгээний чанар өнөөг хүртэл муу байсаар байна. Мөн хотын агаарын бохирдол гээд энэ бүх асуудалд бид анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй юм.

Шинээр төрсөн хүүхдийг дагаад маш олон асуудал бэрхшээл гарч ирдэг. Энэ бүгдэд бид анхаарлаа хандуулах ёстой. Би олон жил ээжүүдтэй уулзахдаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжье гэж олонтаа уриалсан. Энэхүү уриалга өнөөдөр үр дүнд хүрч байгаа. Нэг үе УИХ-д хоёр эмэгтэй гишүүн байсан бол өнөөдөр 11 эмэгтэй гишүүнтэй болсон шүү дээ. Тэгэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд болон орон нутаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй гишүүд маань дээр дурдсан асуудлыг онцгой анхаарах юм.

Манай эрэгтэйчүүд мөн адил нэг зүйлийг онцгой анхаарах ёстой. Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал гэдэг нь зөвхөн тэдний бус, Монгол Улсын бодлого юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, ядуу буурай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахаас эхлээд Монгол Улсын хүнийг эрхийн асуудал хамаардаг юм.

Хүүхдээ харж буй эхчүүдийн тэтгэмжийн асуудлыг бид олонтаа ярьсан. Хүүхдийг 0-2 нас хүртэл нь улсаас тэтгэмж тогтмол олгодог байх талаар хууль тогтоомж боловсруулъя гэж ярилцсан. Хүүхэд хоёр нас хүрсний дараа цэцэрлэгийн асуудал хөндөгдөнө. Бид гэр цэцэрлэгийн санаачлагыг ноднингоос эхлээд эрчимтэй ярилцаж эхэлсэн. Албан байгууллага, хувийн хэвшлийнхний дэргэд цэцэрлэг байгуулахыг дэмжье, тодорхой шаардлага хангавал ээжүүдэд гэр цэцэрлэг байгуулах боломж олгоё гэж ярилцсан. Гэр цэцэрлэгтэй холбоотой та бүхний санаачилгыг бид үргэлж дэмжинэ.

Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байх ёстой. Ийм боломж бий. Энэ боломжийг төр, засгийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд санхүүгийн болон бусад аргаар дэмжих ёстой. Эхлээд бид хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Энэ тал дээр хууль гаргаж, удахгүй өргөн барихаар төлөвлөж байна. Ингээд бид ээжүүдтэйгээ хойтон уулзахад эдгээр асуудлын дийлэнх хэсгийг шийдсэн байх болно гэж найдаж байна.

Бага сургуулийг дэмжих асуудлыг бид олонтаа ярьсан. Хэрэв бид 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулж гэрт нь ойрхон, тусад нь бага сургууль байгуулж өгвөл дунд сургуулийн ачаалал багасна, тухайн бага сургуулийн балчир хүүхдийн сурлагад ч мөн адил сайнаар нөлөөлөх боломжтой. Мөн үүнийгээ дагаад олон ажлын байр шинээр бий болох боломжтой. Энэ тал дээр манай нийслэл, аймаг, сумдын удирдлага санаачлага гарган ажиллаж байгаа.

Аливаа айл гэрт ээж нь орж ирэхэд эмх цэгц тогтдог. “Энэ гэр чинь яасан юм бэ? Хоол цайгаа хийгээгүй юм уу?” гэж асуухад хойморт суугаа аав хүртэл айж эмээдэг учиртай. Тэгэхээр эх хүний үгийг би хамгийн хүчтэй гэж боддог. Тийм учраас та бүхний дуу хоолой, гэртээ хэлдэг үг, гэртээ тогтоосон эмх цэгц, сахилга бат бол Монгол Улсад хамгийн чухал юм шүү. Иймээс та бүхний дуу хоолой, хүүхдээ сурган хүмүүжүүлэх ухаан цаашид уламжлагдан үлдээсэй гэж хүсч байна.

Ээжүүд бол миний хамгийн дотнын дэмжигчид юм. Би гуравдугаар сарын 8-ны өдөр төрсөн. Ээжийнхээ найм дахь хүү нь болж, айлын отгон хүү нь болж, ээжийнхээ Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгийн хүү нь болж төрсөн. Миний ээж намайг өнөөдөр төрүүлсэн нь бас их учиртай байх гэж боддог. Эмэгтэй хүний жаргал зовлонд ойрхон, энэ асуудлыг дэвшүүлэн гаргаж яваарай, та бүхэнтэй ингэж уулзаж, асуудал бэрхшээлийг нь анхаарч яваарай гэж энэ өдөр төрүүлсэн юм болов уу гэж боддог. Ингээд төрсөн өдрөө та бүхэнтэй хамт тэмдэглэж, уулзаж байгаадаа ихэд баяртай байна.

Энд хүрэлцэн ирсэн нийт ээжүүддээ, энэ арга хэмжээг цэнхэр дэлгэцээр харан суугаа ээжүүд, аавууд, охид бүсгүйчүүддээ чин сэтгэлээсээ халуун баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эрчүүд бид чинь охид, бүсгүйчүүд, ээжүүд, эмээ нартаа маш их хайртай. Та бүхнийгээ баярлуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран зүтгэнэ ээ. Сайн сайхныг хүсье. Баярлалаа” гэв.

Одонт ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн өдөрт баяр хүргэж 99 ширхэг улаан сарнай цэцэг өргөн барилаа.