“Эмэгтэйчүүдийн эрх ба хүн ам, хөгжлийн бодлого” сэдвээр санал солилцох уулзалт хийв
“Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе”
2014.03.10

“Эмэгтэйчүүдийн эрх ба хүн ам, хөгжлийн бодлого” сэдвээр санал солилцох уулзалт хийв

Монгол Улс “Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе” санаачилгад нэгдлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

Жил бүр уламжлал болгон хийдэг болж буй уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Иргэдэд туслах хүний эрхийн төв, Хүний эрх, хөгжил төв, Эмэгтэй удирдагч сан, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Энэ удаагийн уулзалт  “Эмэгтэйчүүдийн эрх ба хүн ам, хөгжлийн бодлого” сэдвийн дор болж өнгөрлөө.

Уулзалтад оролцогсод Монгол Улсын хүн ам, хөгжлийн бодлогыг эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийн зарчимтай нийцүүлэн явуулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй солилцож, “Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам-хөгжил-хүний эрх” IX чуулганы дүгнэлт, байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах , эмэгтэйчүүдийн үгийг Төрийн тэргүүнд нээлттэй хүргэх зорилгоо хэрэгжүүллээ. Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,  МОНФЕМНЕТ –ийн зөвлөх Т.Ундаръяа нар хөтлөн явуулж, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм.

МОНФЕМНЕТ –ийн ерөнхий зохицуулагч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэлсэн үгэндээ хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн  төлөө Төрийн тэргүүн зоригтой дуугарч байгааг онцоллоо. Тэрээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн болон түүгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуугарч, ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид гүн талархал илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн хэлсэн үг бидний бодлогын ажилд маш их үр дүн өгч байгаа. Хийж байгаа сургалт, арга хэмжээ  болгондоо Ерөнхийлөгчийн үгийг заавал удиртгал болгож хүргэдэг болсон” гэлээ.

Тэрээр мөн  “Бид нэг зүйлд баяртай байна. “Хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлцгээе” гэсэн дэлхий нийтийн санаачилга явж байгаа. Энэ санаачлагад дэлхийн Засгийн газрууд нэгдэж байна. Түүнд Монгол Улс нэгдээгүй байсан. Тэгвэл сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаа төлөөлж энэ санаачилгад нэгдлээ. Энэ бол дэлхий нийтийн түвшинд маш том арга хэмжээ юм. Бид Ерөнхийлөгчийн илгээлтийг бүрэн эхээр нь орчуулж веб сайтуудаар олон улсын хэмжээнд түгээж байна” гэв.