УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва 1000 сурагчтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн зохион байгуулдаг “11 дэх хавраа үдье” уламжлалт аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 1000 сурагчийн чуулга уулзалтыг өнөөдөр/2014.04.29/ Төрийн ордоны Их танхимд хийлээ.
“Дэгтэй монгол дэлхийд манлайлна” уриатай тус чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нээж хэлсэн үгэндээ “Жил бүрийн энэхүү уламжлалт арга хэмжээнд ойролцоогоор 2500 орчим сурагч оролцдог бөгөөд таван жил дараалан зохион явуулж байгаа “11 дэх хавраа үдье” арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн төгсөх ангийн 12500 орчим сурагч хамрагдан оролцсон нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдын хүсэн хүлээдэг дурсгалтай үйл явдлуудын нэг нь болсныг гэрчилж байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө гэдэг нь амьдралын шинэ замд хөл тавьж байгаа анхны хариуцлагатай том алхам юм. Энэхүү алхмаа хийх гэж буй төгсөх ангийн сурагчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзахдаа баяртай байна” гэлээ.
1000 сурагчийн чуулга уулзалтыг өнөөдөр /2014.04.29/ Төрийн ордоны Их танхимд хийлээ.
Тэрбээр амьдралын шинэ замд хөл тавих гэж буй сурагчдад өөрийгөө байнга боловсруулж суралцах, номтой нөхөрлөж, гадаад хэл сурахын чухлыг онцлон хэлээд, амьдралд бие даан хэрхэн шийдвэр гаргах талаар сургаал хайрласан. Эрхэм гишүүн сурагчдад эх орноороо бахархах, эх дэлхийгээ хайрлах үзэл Та бүгдийн ухамсар сэтгэлгээний салшгүй хэсэг юм шүү хэмээгээд эх орондоо юу бүтээж хийхийн төлөө явж байгаа, байгаль орчиндоо яаж хандаж байгаа байдлаар чинь л ямар хүн бэ гэдэг чинь танигдана гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй гэж сануулсан юм.
Уг аяны хүрээнд “Дүүргийн хөгжилд оруулах миний оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээн, Монгол хэлний олимпиад, “Авьяслаг багш, шавь”, багш сурагчийн хамтарсан сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, тус дүүргийн 17 сургууль өрсөлдсөн байна.
Уулзалтын үеэр “Амьдралд тавтай морил” сэдвээр “Оюуны соронз” ТББ-ын тэргүүн П.Буяндэлгэр, “Амжилтын сэтгэл зүй” сэдвээр “Отгон тэнгэр” их сургуулийн багш Ү.Амарбат нар илтгэл тавьж, багш, сурагчдын төлөөлөл санал сэтгэгдлээ илэрхийллээ