“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган болно
“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган ирэх сарын 1, 2-нд "Чингис Хаан" зочид буудлын хурлын танхимд болох гэж байна. Ес дэх жилдээ зохиогдох тус чуулган жил бүр өөр өөр уриатай болдог. Энэ жилийн хувьд “Хүн ам-хөгжил-хүний эрх” уриан дор болох гэж байна.
"Монфемнет" үндэсний сүлжээнээс санаачлан зохион байгуулдаг уг чуулга уулзалт нь хүн ам, хөгжлийн бодлого, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал нь ардчилалтай ямар холбоотой болох тухай, нийгмийн ялгаатай бүлгүүдийн эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудал болон бусад асуудлуудын талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн бодит дүн шинжилгээ хийж, тодорхой санал зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэж, бодлого тодорхойлох үйл явцад нөлөөлөх зорилготой юм.
Чуулганы санхүүжүүлэгчээр НҮБ-ын Хүн амын сан ажиллаж байгаа бөгөөд олон төлөөлөлт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож хамтран дүн шинжилгээ хийх аж.