Мэндчилгээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
2014.03.07

Мэндчилгээ

 Эрхэм хүндэт ээжүүд Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд ээ. Та бүхэндээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хамт олны зүгээс болон хувиасаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн халуун мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.  

 Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч, Германы нэрт улс төрч Клара Цеткин гэх бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх шилдэг санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий ассемблейгээс дэмжин сайшааж тус өдрийг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхагласан тэр цагаас хойш 100 гаруй жилийн туршид дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн түүхтэй.

   Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, Засгийн Газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангах асуудлыг өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

   Монгол Улсын төрөөс ч эмэгтэйчүүдийн эрхийг хангах, тэднийг хөгжүүлэх асуудлаар тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд өнөөдөр бид эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын асуудлаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүд, эрх зүйн орчны байдалд дүн шинжилгээ хийх, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

   Эх орны хөгжлийг даган нийгэм, улс төрд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ардчилсан сонгуулиар бүрэлдэн тогтсон одоогийн УИХ-д та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон 11 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн хариуцлага өндөрсөж, төр улсдаа хариуцлагатай алба хашиж байгаад би хувьдаа таатай байна. Цаашдаа ч өрх гэрдээ төдийгүй улс эх орныхоо хөгжлийг тодорхойлох их үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо улам батжин, нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

   Эдлэх эрхийн хажуугаар ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн нийгэм, гэр бүлд эзлэх байр суурь, үүрэг оролцоо, хариуцлагаа зөв тодорхойлон өөрсдийн нэр төрийг өндөрт өргөж явах учиртай юм. Монголчууд бид бүхэн эр нөхрөө хүндлэх, халамжлах, дээдлэх агуу ёс, хүүхдээ хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн билээ.

   Энэхүү нандин өв уламжлалыг ураг, удамдаа хэвшүүлж, арга билгийн шүтэлцээн болсон эрчүүд, эмэгтэйчүүдийн байр суурийг тодорхой болгох, гэр бүлийн өнгө төрх, ургийн холбооны бат бэх байдлыг хадгалах, сэтгэл зүйн аятай таатай орчин, зан үйлийн ёс дэгийг баримтлах бүхий л зүйлсийг үр хүүхдэдээ өвлүүлэх нь айлын эзэгтэй, хүний хань, хүүхдийн эх, бүсгүйчүүд эмэгтэйчүүд та бүхний цэцэн билэг, оюун билгээс хамаарна.

   Айл гэрийн гэрэл гэгээ ээжүүд, эмэгтэйчүүд, охиддоо хөгжил, дэвшил сайн сайхныг хүсье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ