Д.Батцогт: Нууц гэрээ байгуулсан нам шударга ёс ярих эрхгүй
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Шударга ёс” эвслийн бүлгээсээ албан ёсоор гарсан билээ. Д.Батцогт гишүүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та бүлгээсээ гарсан нь олны анхаарлыг татсан үйлдэл болсон. Энэ шийдвэрийг хэр удаан бодож гаргасан бэ?
-Ер нь бол бүлэг байгуулагдсан цагаас эхлэн үзэл бодлын зөрүү, олон зүйл дээр санал нийлэхгүй, шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед завсарлага авахаас эхлээд илүү их зөрчилдөж эхэлсэн.
Ардчилсан нам чуулганы завсарлагааны өмнө завсарлага авсан. Хаврын чуулган эхэлсний дараа “Шударга ёс” эвсэл завсарлага авахаар манай дарга нар Засгийн газар, АН-ын удирдах түвшний удирдлагуудтай ярьж эхэлсэн. Тэр үед завсарлага аваад хэрэггүй, УИХ-ын гишүүд өөр өөрсдийн шийдвэрээ гаргасан байгаа учраас цаг алдалгүй энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргая, улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудаа цаг алдалгүй арга хэмжээ авая гэж эсэргүүцээд бараагүй.
Тэгээд эвсэл тав хоногийн завсарлага авсан. Энэ завсарлага дууссаны дараа дахин гурав хоногийн завсаралага авахаар болсон. Тэгэхэд нь би мөн л хэлж байсан. Угаасаа тав хоногийн дотор юм өөрчлөгдөөгүйтэй адил гурав хоногийн дотор юу ч өөрчлөгдөхгүй, завсарлага авахаа боль гэж шүүмжилсэн. Гэвч завсарлага авахаар тохирсон, бүлгээрээ нэг хүн шиг саналтай баймаар байна гэж бүлгийн дарга тулгалт шаардлага хэлж эхэлсэн.
Энэ нь хамгийн том зөрчилдөх шалтгаан болсон. Би ард түмэнд шударга, зарчимтай байхаа амлаж, ард түмний захиалгаар энэ улс орны хөгжил дэвшилд өөрөө шийдвэрээ гаргаж явна гэж сонгогдсон. Түүнээс хэн нэгэн хүнээс, хэсэг бүлэг хүмүүсээр өөрийнхөө толгойг мэдүүлмээргүй байна. Тиймээс миний гаргасан шийдвэр цэвэр өөрийн итгэл үнэмшлээр гаргасан шийдвэр юм.
-МАХН-ын удирдлагууд АН-ынхантай нууц гэрээ байгуулсан гэсэн. Энэ “давхар дээл”-ийн төслөөр хийсэн тохироо нь байсан уу?
-Энэ гэрээний талаар ам дамжин яригдаж байсан. Ийм зүйлээр наймаалцдаг, тохиролцдог муухай улстөрийн соёлоо болих хэрэгтэй. Ялангуяа “Шударга ёс” эвслийн бүлэг нэртэйгээ адилхан үйл ажиллагаа, улстөрийн шийдэл гаргах ёстой. Тиймээс энэ бүхэн болохгүй юм байна, та бүхэн атгасан гар шиг ажиллаарай би эндээс гаръя гэж хэлээд л гарсан. Дараа нь бүлгийн дарга албан ёсоор хандаагүй гэхээр нь албажуулж бичгээ өгсөн.
-Ер нь нууц гэрээ, та намаас гарлаа гээд энэ үйл явдалд МҮАН-ын зүгээс цаашид байр сууриа яаж хадгалах вэ. Энэ талаар МҮАН-ын удирдлагууд болон гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэрийг мэдэхгүй байна. МҮАН, МАХН-ын удирдлагууд энэ талаараа санал солилцож, цаашид хамтрах уу, үгүй юу гээд асуудлаа ярилцах байх. Хамтарч байгаа нэг намдаа дуулгахгүйгээр өөр намтай гэрээ хийнэ гэдэг бол болохгүй зүйл шүү дээ. Ийм байдлаар цаашид асуудалд хандана гэвэл бас сонин. Одоогоор мэдээлэлд ойрхон биш байгаа болохоор сайн мэдэхгүй байна.
-УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ “Шударга ёс” эвслийхэн завсарлага авах талаараа гишүүддээ мэдэгдээгүй гэсэн. Г.Уянга гишүүн тантай адил МҮАН-ын гишүүн. Эвсэл аливаа шийдвэр гаргахдаа эвсч байгаа намтайгаа тохиролцохгүй байна гэх шүүмжлэл явах болсон. Энэ бүхэн нь эвслийн бүлгийг дотроо үл ойлголцол, эвдрэлцэж байна гэдгийг олон нийтэд өгөөд байна л даа. Ер нь эвслийн бүлэг дотор юу болоод байна вэ?
Хамтарч ажиллаж байгаа намынхаа хүмүүст дуулгахгүйгээр түншлэлийн гэрээний асуудал яриад явж байна гэдэг юу гэсэн үг вэ.
-МҮАН, МАХН нийлж, эвсэл байгуулж сонгуульд оролцсон. Үр дүнд нь бүлэг байгуулж, Засгийн газарт хамтран ажиллаж буй. Хамтарч ажиллаж байгаа намынхаа хүмүүст дуулгахгүйгээр түншлэлийн гэрээний асуудал яриад явж байна гэдэг юу гэсэн үг вэ.
Бидний хувьд энэ түншлэлийн гэрээг худлаа байгаасай гэж байсан ч энэ нууц гэрээ нь ил болчихлоо. Зарим улстөрчид нь энэ гэрээг хүлээн зөвшөөрсөн талаар яриад эхэлчихсэн. Тэгэхээр юун шударга ёс ярих вэ. Туйлын шударга бусаар л асуудалд хандаж байгаагийн шинж. Монголын улстөрд ийм соёлыг “Шударга ёс” эвсэл нэртэй бүлэг, эвсч байгаа намууд нь гаргаад байвал яах вэ. Би энэ асуудалтай 100 хувь санал нийлэхгүй байгаа.
-Бүлгийн удирдлагууд бүлгээс гарах дүрэм байхгүй, Д.Батцогт гишүүн шийдвэрээ эргэж харах байх гэсэн мэдэгдлийг хийсэн. Та бүлгийн удирдлагуудтай уулзаж ярилцав уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж таныг шийдвэрээ эргэж харахыг сануулаад байгаа?
-Би бас хэвлэл мэдээллийн хэрэгслээс л харсан. Тэр хүн юу бодож, ямар зүйл ярьсныг би мэдэхгүй. Би өөрийнхөө гаргасан шийдвэрээ хариуцлагатай зүйл гэж бодож байна. Гаргасан шийдвэрээ эргэж хараач гэсэн ямар нэг санал хүсэлт, дарамт ирээгүй. УИХ-ын гишүүний өөрийнх нь шийдвэрлэх ёстой асуудал. Түүнээс бүлгийн дарга хэн нэгнийг бүлэгт байлгах эсэхийг шийддэг хүн биш.
-“Шударга ёс” эвсэл АН-тай нэгдэж хоёр жилийн хугацаанд Засгийн газрыг удирдлаа. Эвслийн бүлгийн сайд нар Засгийн газарт үүргээ биелүүлж чадахгүй, олонхийн үгээ дагадаг, зөвшилцдөг, тохиролцоо хийдэг гэх мэтээр шүүмжилдэг. Эвслийн бүлэг Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж чадаж байгаа юу. Та юу гэж дүгнэж байна?
-Хангалттай биш байгаа. “Шударга ёс” эвсэл сонгуульд орохдоо сүржин нэртэй таван хувьсгал хийхээр зорилт дэвшүүлсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд анхаарч ажиллаж байгаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр оруулж, араас нь хөөцөлдөж байгаа нэг ч сайд байхгүй. Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын сайд нар гишүүдээсээ тасарсан шүү дээ. Засгийн газар хавиараа эргэлдэж, эсвэл сайд нар, Засгийн газрын эрх ашиг хөндөгдөөд ирэхэд л бүлгийн хуралдаа ирж суудаг. Ийм л байдалтай ажиллаж байгаа шүү дээ. Энэ бүхэнд нь миний зүгээс шүүмжлэлтэй ханддаг байсан.
Жишээлбэл, бид цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаж байгаа юм шиг болоод байна, эвслийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд анхаарч ажиллаач, Засгийн газар муу ажиллаж байна, Монгол Улсын төсөв муу байгаа нь Ч.Улаан сайдтай холбоотой гэж хүртэл хэлж байсан. Эвслийн бүлгийн сайд нарт нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн, би. Харин нэг зүйл хэлэхэд, эвслийн бүлгээс нэг л сайд сайн ажиллаж байгаа нь Эрчим хүчний сайд М.Сономпил.
Хариуцаж буй салбартаа олон ажилхийгдэж, олон том төслүүдийг урагшлуулах тал дээр ахиц гаргаж ажиллаж байгаа учраас би шууд сайн ажиллаж байгаа гэдгийг нь хэлдэг. Зөв зүйлийг бид дэмжиж байгаа. Ер нь Засгийн газраас өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн бүхий л бодлого, асуудлыг үг дуугүй дэмжиж ирсэн. УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжээгүй учраас ийм байдалд хүрсэн гэсэн асуудал байвал хэл гэхээр хэлэх үггүй байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын хууль, валютын нөөцтөй болох, бондуудыг дэмжсэн. Бүх боломжийг нь олгож, Ерөнхий сайд, сайд нарыг нь огцруулах гэхэд хамгаалж кноп дарсан, үүнээс илүү бид яах ёстой юм.
Гэвч гарч байгаа үр дүн нь хангалттай биш байна. Өнөөдөр эдийн засаг хямарсан, Монгол төгрөгийн ханш 30 хувиар буурсан нь үнэн шүү дээ. Жирийн, орлого багатай иргэдийн амьдралд эдийн засгийн хямрал шууд нөлөөлж байхад бид эдийн засаг сайхан байна гэж яриад яах юм бэ. Мэдээж гадаад хүчин зүйл нөлөөлж байгаа ч Засгийн газрын гишүүдийн буруутай үйл ажиллагаа, цаг тухайд нь явах ёстой ажлаа явуулахгүй байгаа зүйл олон байгаа.
Яагаад зарим яамны ажил урагшлахгүй, зарим яамны ажил сайн яваад байна вэ. Хүний хүчин зүйл нөлөөлж байгаа зүйл байна. Эдийн засаг хямарсан, хямралыг улстөржилгүй, намчирхалгүй нэг том бодлого гаргаад, хэрэгжүүлээд улс орныхоо эдийн засгийг дээшлүүлэе, дархлаа сайтай болгоё гэдэг асуудлыг яриад явах ёстой. Нэг нь амьдрал сайхан, нөгөө нь болохгүй байна гэж улстөржүүлсэн байдлаар асуудалд хандах нь буруу л гэж бодож байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч засаглалын тогтолцоог өөрчлөе гэж “давхар дээл”-ийн төслийг оруулж ирсэн. Гэтэл УИХ дээр хуулийн хэрэгжилтийг энэ онд хэрэгжүүлэх ёстой, 2016 онд хэрэгжүүлэх ёстой гээд намууд, бүлэг дотроо багагүй “тэмцэлдлээ”. “Давхар дээл”-ийн төслийг оруулж ирснээр одоогийн буруу тогтолцоог өөрчлөөд явах боломжтой учраас энэ парламент хуулийг батлаад явж болохгүй юм уу?
Сайн ажиллаж байгаа сайд нар байна. Тэд нарыг нь хуульд нь нийцүүлж, “давхар дээл”-ийг нь тайлаад, Засгийн газарт нь үлдээгээд явах боломж бий.
-Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн 20 гаруй жил яригдаж байгаа бидний алдааг засч явья гэдэг нийгмийн захиалгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийн хэрэгжих хугацааг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа 2016 оноос өмнө баталбал янз бүрийн асуудал гарах вий гэсэн болгоомжлолоос сэргийлж, 2016 оноос хэрэгжүүлэхээр оруулж ирсэн гэж бодож байна. Гагцхүү хэрэгжих хугацааны хувьд л маргаан дэгдээд байна. Тухайлбал, миний хувьд энэ хууль цаашдаа урт настай хууль байхын тулд бид өөрсдөөсөө үлгэр жишээ эхлэх ёстой. 2014 оноос хуулийг хэрэгжүүлж эхэлснээр сайд нарыг огцруулах зүйл яваад байна гэдэг хардлагыг Засгийн газрын гишүүд гаргаж тавиад байна.
Тийм зүйл байхгүй. Энэ хуультай нийцүүлээд Ерөнхий сайд нь хэвээр үлдээд, сайн ажиллаж байгаа сайд нараа авч үлдээд, муу ажиллаж байгаа сайд нараа солиод, зарим сайдыг УИХ-ын гишүүдээс нь түдгэлзүүлээд явах бүрэн бололцоо байгаа. Хэрэв тэгвэл бид сайд нарыг нь дэмжээд, солиод явахыг нь дэмжинэ шүү дээ. Ингээд үйл ажиллагаагаа явуулах боломж байхад Засгийн газраасаа нэг ч сайдыг явуулахгүй гээд асуудалд хандаж байгаа бол буруу л гэж хэлэх гээд байна. Ер нь бол сайн ажиллаж байгаа Засгийн газар, сайд тогтвортой ажиллах нь ойлгомжтой шүү дээ.
Ажлаа муу хийж байгаа бол заавал удаан байлгах нь тийм ч таатай зүйл биш. Сайн ажиллаж байгаа сайд нар байна. Тэд нарыг нь хуульд нь нийцүүлж, “давхар дээл”-ийг нь тайлаад, Засгийн газарт нь үлдээгээд явах боломж бий. Эрх баригч нам өөрсдөө санаачлага гаргаад, нийгмийн уур амьсгалыг хараад, эвлэрээд, хуультай нийцүүлээд явах боломжтой гэсэн итгэл үнэмшлээр хуулийн төсөлд саналаа өгсөн. Цаашдаа ч энэ байр сууриа хадгалаад явна.
-Засгийн газрын өргөн барьсан 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Яг талх худалдаж авдаг иргэдийн амьдралд өөрчлөлт орохоор эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж чадах болов уу?
-Ер нь бол эдийн засаг хямарсан гэдэгт Засгийн газар эвлэрчихсэн. Эдийн засгаа эрчимжүүлье гээд 23 заалт бүхий уриа лоозонгийн шинжтэй тогтоол оруулж ирсэн. Үүнийг нь батлаад явуулах шиг амархан зүйл байхгүй. Тогтоолыг батлаад 100 хоногийн дотор эдийн засаг дээшилнэ гэж би бодохгүй байна. Тиймээс эдийн засаг юунаас болж доройтсон, дархлаа багатай эдийн засгаас болсон уу гээд энэ бүхнийг зөв оношилсоны дараа эдийн засагтаа зөв эмчилгээ хийх ёстой.
Ингэж хандахгүй, баахан зүйл жагсааж бичиж УИХ-аар баталсан болоод хэрэгжүүлсэн дүр үзүүлэх нь нэг юмнаас мултрах гэсэн арга шиг л харагдаж байна. Хамгийн гол нь Засгийн газар эдийн засаг хүндэрсэн, одоо хамтдаа ийм зүйлийг хамтдаа шийдвэрлэе гээд ороод ирвэл бас өөр. Гэтэл эдийн засаг гоё байгаа, хоёр жил сайн байсан өндөр өсөлтөө цаашдаа яаж тогтвортой хадгалах тухай яриад байна, Засгийн газар. Бодит байдал дээр эдийн засаг ямар байгааг жирийн малчин ч ойлгож байгаа.
-Эрх баригчдын зүгээс олон томоохон төслүүдээ эхлүүлээгүй, олон жил хийгдэхгүй байсан зүйл нь одоо эдийн засагт нөлөөлөөд байна гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Тухайлбал, төмөр зам, ТЭЦ-5 гэх мэт төслүүд олон жил яригдаж байна шүү дээ?
-Үүнийг нь хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ хоёр жилийн дотор гайхамшигтай явж байсан эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн гэж хэлж болохгүй. Сүүлийн 20 жилийн турш удирдсан парламент, Засгийн газрын бодлогын алдаа хуримтлагдсаар ийм байдалд хүрсэн гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидэнд ч, та нарт ч алдаа байж. Тиймээс улстөржихгүйгээр цэвэр улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч байгаад камергүйгээр ярих ёстой гэвэл зөв. Гэтэл 23 зүйл заалттай нэг юм оруулж ирчээд асуудалд хандаж байгаа нь гишүүдийн эгдүүцлийг хүргээд байх шиг байна.
-Тэр тогтоол дээр Казино байгуулах тухай заалт яваад байгаа гэсэн?
-Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах нь үе үеийн Засгийн газрын хийх ёстой ажил. Гэтэл бид Монгол төгрөгийн тогтвортой байдлаа алдчихсан. Би бол үүнийг хэсэг бүлэг хүмүүсийн тоглолт байж магадгүй гэж харж байгаа. Тиймээс суурьтай шалгалт хийж, зарим буруу зүйл хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ялангуяа Монголбанкныханд би маш их шүүмжлэлтэй хандаж байгаа.
Монгол Улсын төв банк гэдэг бол төгрөгийн тогтвортой байдлыг манаад сууж байдаг манаач. Үүнийгээ хийж чадахгүй байж хэрэв ингээгүй байсан бол эдийн засаг чинь балрах байсан юм гээд яриад сууж байгаа нь хариуцлагагүй байдал. Казино байгуулах асуудал нууц нэрээр орсон байсан. Бусад улсад байгуулж болж байгаа зүйлийг Монголд яагаад барьж болохгүй гэж. Жишээлбэл, Сингапур улсад Казиногийн хууль батлаад тус улсад ирэх жуулчдын тоо дөрөв дахин ихэссэн. Япон улс сүүлийн үед жуулчдын тоогоо нэмэхийн тулд Казиногийн хууль батлах гээд сууж байна.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах нь үе үеийн Засгийн газрын хийх ёстой ажил.
Монголд жуулчдын тоог нэг саяд хүргэхийн тулд Казино байгуулахад буруудах юмгүй. Харин Монгол иргэдээ тоглуулахгүй байхад л хууль гаргаад, хяналтаа чангатгах хэрэгтэй. Гаднаас валютын урсгал орж ирнэ. Ийм зүйлийг бид зоригтой шийдээд өгөх хэрэгтэй. Улстөрчид нь казино тоглодог болох нь, авлига хээл хахуул гээд улстөржилтөөсөө айгаад гишүүд энэ талаар дугарахаа больсон. Би бол хувь гишүүний хувьд казино байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Олон намын төлөөлттэй, бие даагчдаас бүрдсэн одоогийн парламент ийм асуудлыг зоригтой шийдээд, батлаад өгөх хэрэгтэй гэж би боддог. Гаднаас орж ирж байгаа цэвэр мөнгөний урсгал л гэсэн үг. Зөвхөн ард иргэдээ эрсдэлээс хамгаалахын тулд Монгол иргэдээ оруулахгүй байхаар хуульчлах ёстой л гэж бодож байна.
-Эдийн засаг хүндэрсэн хэнд хариуцлага тооцох вэ. Төгрөгийн ханш унасанд хэн хариуцлага хүлээх вэ. Сайд нарт хариуцлага тооцох гэхээр намаараа хамгаалаад үлддэг. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд нам, фракциараа хамгаалуулаад хариуцлагаас мултардаг тогтолцоо хэзээнээс бий болчихов?
-Шат шатандаа хариуцлага тооцдог механизм, ёс зүйтэй болох ёстой. Японы нэг сайд 400 еврогийн хоолны талон нэг ресторанаас авснаа хүлээн зөвшөөрч огцорч байсан, Английн Батлан хамгаалахын сайд найзыгаа гадаад айлчлалдаа авч явснаа хүлээн зөвшөөрөөд огцорч байсан.
Өөрөөр хэлбэл, тэнд ёс зүй, ёс суртахуун гэдэг асар өндөр хөгжсөн байдаг. Үнэхээр алдаатай буруу зүйл хийсэн бол албан тушаалтайгаа зууралдахгүйгээр ажлаасаа огцрох, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргадаг хариуцлагын тогтолцоо нэг талаасаа байх ёстой. Нөгөө талаасаа алдаа гаргасан бол нам гэдэг нэрийн дор хамгаалдаг бус, зоригтой хариуцлага тооцдог байх ёстой.
Манай намын нэр хүнд унана, хөөрхий намдаа олон жил зүтгэсэн гэдэг байдлаар асуудалд хандаад байвал Монгол Улс өөдлөхгүй. Хариуцлага тооцдог, мундаг хүмүүс Монголын төрд дутагдаж байна. Тогтвортой байлгана гэдэг нэрийн дор муу ажиллаж байгаагаа хамгаалаад байж болохгүй.
-Бүлэгт хүсэлтээ бичгээр өгсөн учраас албан ёсоор “Шударга ёс” эвслийн гишүүн биш болсон уу?
-Тийм ээ, энэ чинь УИХ-ын гишүүний эрхийн асуудал. УИХ-ын дэгийн дагуу бол бүлгийн дарга бүлгээс гарах бичгийг УИХ-ын даргад танилцуулж, УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулах хуультай.
-Таныг бүлгээсээ гарсан нь өөр намд элсэх гэж байгаа гэсэн хардлагыг олон нийтэд өгөөд байна?
-Хэн нэгэнд нь ашигтай учраас тиймэрхүү мессежүүдийг хаяад байх шиг байна. Би бүлгээсээ гарч байгаа болохоос намын батлахаа өгөөгүй. Өөр нэг намд элсэх асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ. Тиймээс би одоо чөлөөт, өөрөө өөрийнхөө толгойг өөрөө мэддэг гишүүнээр үлдсэн хугацаанд ажиллана. Зарим хүмүүс намайг сайд болох гээд бүлгээс гарлаа гэж байсан. Хэрэв би сайд болох байсан бол бүлэгтээ бүр их хайртай болох байсан шүү дээ. Ер нь бол “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж гишүүн болсон учраас одоо сул гишүүн болно.
-Сул гишүүн болохоор таны өргөн барьсан хууль, санал санаачлага олонхийн дэмжлэг авахад хүндрэлтэй болох зүйл байх вий. Магадгүй үүнийг тооцоолсон байлгүй дээ?
-Зөвхөн бүлэг биш хувь гишүүний хувьд аливаа асуудлаа зөв ойлгуулаад явбал гишүүдийн дэмжлэг аваад явж болно. Тэр утгаараа намайг, миний үзэл бодлыг дэмждэг маш олон гишүүд бий. Аль ч намд бий. Зөв юмны төлөө бол гишүүд дэмжээд ажиллана.
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын ажлаа өгөх үү?
-“Шударга ёс” эвсэлд Аюулгүй байдал, гадаад бодлогын, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны гэсэн хоёр байнгын хороо байдаг. МҮАН-д нэг, МАХН-д нэг нь байдаг. Хэрэв МҮАН бид Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоо тэр гишүүндээ хариуцуулж өгнө гэвэл би өгөхөд бэлэн байна. МҮАН-ын шийдвэрийг л хүлээж байна даа.