Х.Бат-Ялалт: Х.Тэмүүжингийн шинэчлэл гээд байгаа нь улс төрийн тоглоом
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АТГ эрх мэдэлтэнд үйлчилдэг байгууллага болчихсон-
-Нийгмийн дуу хоолой болж, түүний өнгөн дээр явж байдаг Х.Бат-Ялалт гэдэг хүн сүүлийн үед анирхан байна. Чимээгүй байна гэдэг их бүтээн байгуулалт ч юм уу, ямар нэгэн их ажил эхлүүлж байдаг гэх нь бий. Тэгэхээр сүүлийн үед чухам юу хийж байна?
-Чимээгүй ч биш л дээ. Сүүлийн үед бичиг цаасны ажилтай сууж байна. Намайг хүмүүс тэмцэгч, өмгөөлөгч гэдэг талаас нь хардаг. Харин би өөрийгөө үүнээс илүү судлаач гэдэг үүднээс нь ойлгоосой гэж хүсдэг. Хууль зүйн мэргэжил эзэмшиж, энэ салбарт хутгалдаж орсноос хойш хүний эрхийн талаар нэлээд судалгаа хийлээ. Ялангуяа хүний эрх төрийн харилцаа, хамаарлыг тодорхойлох оролдлого хийж сууна. Бид хууль зүйн чиглэлээр суралцаж байхдаа төрийн эрхийн онол гэдэг зүйлийг үздэг ч хүний эрх гэдэг зүйлийг ердөө л дайвар маягаар үзсэн байж.
Ерөөсөө ганц хоёрхон цаг үзнэ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуульд юу гэж заасан зэргээс л ойлголт авдаг. Гэтэл бид хүний эрх гэж чухам юу юм, хүний эрхийг яаж хамгаалж, хангах ёстой юм гэдэг тал дээр онолын судалгаагүй явж иржээ. Тэртээ тэргүй өнөөдөр хүний нийгэм өөрчлөгдөөд нэг хүний эрхэнд тулгуурласан нийгмийн зохион байгуулалтаас нийтийн эрх ашигт тулгуурласан зохион байгуулалтад шилжсэн. Гол түлхүүр нь ерөөсөө л тэгш эрх гэж зүйл бий.
Үүнийг онолын түвшинд судалж, төр яах ёстой, хүн өөрөө яах ёстой юм гэдгийг л судлаачийн үүднээс л гаргаж ирэх гэж сууна. Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдөр ийм боломж алга. Жишээлэхэд, өнөөдөр хэн нэгнийг үндэс угсаа, гарал үүсэл, эд хөрөнгө, боловсрол мэдлэгээр нь ялгаварлахгүй гээд Үндсэн хуульд заачихсан байдаг. Гэтэл энэ нь манайд хэрэгждэггүй.
Тэр тусмаа манай төрийн системд огт хэрэгждэггүй. Төрийн албан хаагчид хэнд үйлчилгээ үзүүлж байна гэдгээсээ хамаараад хуулийг өөр өөрөөр тайлбарлаад байгаа юм. Өнгөтэй мөнгөтэй бол нэг өөр, өнгө мөнгөгүй бол тааруулж харьцаад байна шүү дээ.
-Энэ байдал урьд өмнө ч байсан, одоо ч байсаар л байна. Чухам яах вэ?
-Бид үүнийг л судлаад байна. Социалист нийгмийн үед үзэл суртлаараа зөрчилдөж байв. Намын гишүүд илүү эрх эдэлдэг, эгэл жирийнх нь тааруу боломж эдэлдэг байлаа. Харин одоо эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй нь илүүтэй эрх эдэлж, эгэл иргэд тэгш эрхээр хангагдахгүй байх жишээтэй.
-Тэгэхээр энэ тэгш эрхийн тухайд манайд суурь тавигдсан уу. Ардчилал хөгжөөд 20 гаруй жил өнгөрчихлөө шүү дээ?
Шинэчлэх шаардлагатай юм гэсэн ард түмний дуу хоолойн дээр үндэслээд хийчихсэн шинэчлэлийн бодлого
-Миний хувьд үндэс суурь нь тавигдсан гэж үзэж байна. Тодруулбал, Үндсэн хуулиар үүнийг чинь олгоод өгчихсөн. Ард түмэн нь төрөө байгуулна, байгуулсан төр нь ард түмэндээ үйлчилнэ гээд хүнлэг ардчилсан нийгэм байгуулахын төлөө явж байна.
Шударга ёс, тэгш байдлын гээд үндсэн зургаан зарчимдаа тунхагласан шүү дээ. Гэтэл үүнийхээ эсрэг байгаад байгаа учраас л бид үүнээс гарах арга замыг хайж 2006 оноос “Иргэдийн шударга шүүх” ТББ байгуулан ажиллаж байгаа юм. Нэгдүгээрт, хууль шүүхийн байгууллагын буруутай зүйлээс болж эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалах зорилготой.
Хоёрдугаарт, төрийн албаны шударга ёс, хууль ёсны үйл ажиллагааг хэвшүүлэх зорилготойгоор ТББ-ын үйл ажиллагааг эхэлсэн. Эхлээд бид бодитойгоор хүний эрхийг хамгаалах гээд байцаан шийтгэх ажиллагаанд тусламж үзүүлэх, төрийн албаны алдаатай ажиллагааг нийтэд зарлах замаар үйл ажиллагаа явуулахдаа нийтдээ 100 гаруй удаа хэвлэлийн бага хурал хийж, сонин хэвлэлд мэдээлжээ.
Тиймээс сүүлийн гурван жилд төрийн албан хаагчийн алдаатай ажиллагаа, хууль зөрчсөн байдалд дүгнэлт хийж баримт цуглуулсан. Ингээд 10.000 гаруй баримт нотолгоо цуглуулж судлаад үзэхээр хамгийн алдаатай бодлого явуулдаг хуулиа зөрчдөг нь төр юм байна гэдгийг тогтоосон. Төр өөрөө алдаагаа засдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй учраас төрд итгэх ард түмний итгэл алдагддаг.
-Энэ бол яах аргагүй эртнээс уламжлагдаж ирсэн зүйл. Та бүхний зорилго бол үүнийг арилгаж, нийгмийн тэгш эрхийг бий болгох. Тэгэхээр үүнийг юунаас эхэлбэл зохилтой вэ?
-Энэ асуудлыг судлаад засаглал хуваах зарчимыг санаачлаад явна. Эрх мэдэл хуваах зарчим л байгаа юм. Хууль тогтоох засаглал, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал гээд гурван засаглалыг засаглал хуваах онолын хүрээнд судлаад нэг зүйл зохион байгуулчих гээд яваад байдаг. Гэтэл дээрх гурван засаглал маань улстөржөөд эрх мэдлийн хүрээнд харьцаад олон нийтийн төлөө үйлчилж чадахаа больчихсон. Тэгээд онолын үүднээс аваад үзэхээр төрийн эрх мэдлийг хуваах нь оновчгүй юм байна.
Төрд аливаа асуудлын тухайд шийдвэр гаргах, тухайн гаргасан шийдвэрийг хянах гэсэн хоёр эрх мэдэл бий. Тухайлбал, АТГ-ыг харж болно. АТГ бол төрийн хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх учиртай байгууллага. Гэтэл доод шатныхаа төрийн албан хаагчдын гэмт хэрэг дээр ажиллаад байгаа болохоос биш дээшээ тэмцэх эрх зүйн чадамжгүй байх жишээтэй.
Тодруулж хэлэхэд, АТГ эрх мэдэлтэнд үйлчилдэг байгууллага болчихсон. Төр өөрөө өөрийгөө хянадаг механизмтай байх. Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, АТГ гээд төрийг эрүүл байлгах үүднээс үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна. Энэ нь өөрөө ажиллахгүй байгаа нь эрх мэдэл хөрөнгө мөнгөтэй эздийнхээ төлөө ажиллаад байгаа юм. Тэгэхээр шийдвэр гаргадаг, шийдвэрийг хянадаг механизмыг задлах нь зүйтэй юм байна. Өөрөөр хэлбэл төрийн дотоод хяналтыг иргэний нийгэмд шилжүүлэх зайлшгүй шаардлага бий.
-Өнөөдөр бас юм хийгээд байна уу гэвэл хийгээд ч байх шиг. Нөгөө талаар шал дэмий ч юм шиг. Тухайлбал, шүүхийн шинэтгэл гээд зүйл хийж байна. Энэ тал дээр таны бодол?
-Шинэчлэх шаардлагатай юм гэсэн ард түмний дуу хоолойн дээр үндэслээд хийчихсэн шинэчлэлийн бодлого юм. Үндсэндээ бол амьдралаас тасархай бодлого. Ард түмэнд таалагдахын тулд, тэдний хүсэл тэмүүлэл дээр тохируулаад хийчихсэн улстөрийн тоглоом гэж харж байна.
Яагаад ингэж хэлж байна гэвэл би хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод төр ба иргэний хоорондын харьцааг тогтоох гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг нэмэгдүүлэх юм уу, хүний эрхийг нэмэгдүүлэх юм уу. Яаж зохицуулах вэ гэдэг асуудал шүү дээ. Өнөөдөо манайд ирж байгаа гомдол бол ерөөсөө энэ хууль болохгүй байна гэсэн нь үгүй.
Өнөөх л төрийн албан хаагчдын харилцааны тухай байгаа нь нэгийг хэлээд өгнө. Тэгэхээр энэ салбарт юуг шинэчлэх вэ гэхээр хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх. Магадгүй, ганц нэгэн эрх зүйн орчинг сайжруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль зүйн салбарын дэд бүтэц нь үгүйсгэх ямар ч боломжгүй байхгүй юу. Гэтэл манай энэ шинэчлэгчид маань 40 хууль өөрчлөөд хууль зүйн салбар сайхан болно. Үр дүн нь маш удаан хугацаанд мэдрэгдэнэ гэх зэргээр ард түмний тархийг угааж байгаа юм.
Миний хувьд бол та бид хоёрыг ярьж суух хооронд л шинэчлэл эхэлж үр дүн нь гарч байх ёстой гэж хардаг. Жишээлэхэд, хууль зүйн алдаатай байдлаас болоод хохирол амсч байгаа хүн маш олон бий. Бид хоёрыг ингээд яриад сууж байхад хаа нэг газар мөрдөн байцаагч хэн нэгнийг эрүүдэн шүүгээд, хаа нэг газар прокурор хүнийг дарамтлаад, нэг төрийн албан хаагч хэн нэгний эрхийг зөчрөөд л байж байгаа. Тэгэхээр бид хяналтын системд нь өөрчлөлт хийчих юм бол хүний эрхийг зөрчиж байгаа төрийн албан хаагч үгүй болох юм.
-Таныхаар бол хуулийн шинэчлэл биш гэж ойлгогдож байна. Чухам юу вэ?
Х.Тэмүүжин сайдыг мэтгэлцээн хийе хэмээн таван удаа хүсэлт тавьсан.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж байгаа зүйл нь улам л төрийн эрх давамгайлсан зүйл хийгээд байна. Өмгөөлөгч авахад бүр хэцүү болсон. Төрийн албанд байдаг нууц, хараат бус байдал гэдгийг улам л нууц байдалд оруулж, нууц хуйвалдаан хийж боломжтой болголоо. Х.Тэмүүжин цаашид иргэн хүн хууль зүйн салбарынхантай, төрийн албан хаагчидтай харилцахад улам л хэцүү болгож байна.
Бид тэгэхээр төрийн албан хаагчидтай харилцах дэвтэртэй болох хэрэгтэй. Иргэн хүн өөрийгөө эрсдэлгүй аюулгүй авч явахын тулд баримт л хэрэгтэй. “Баримт баримт бас дахин баримт” л гэж хэлье. Иргэн хүн өөрөө төрийн албан хаагчидтай уулзахдаа заавал баримт авах, үлдээх ёстой. Өнөөдрийн шинжлэх ухаан технологийн хөгжлийн давуу эрхийг ашиглах хэрэгтэй. Авч явахад хялбар дуу хураагуур, дүрс бичлэг, аппарат гээд бүгд байна. Үүнийг нь авч явах хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй.
Монголд хэдэн зуун, хэдэн мянган хуульч байна уу хамаагүй. Тэд эдгээр хуулийг бүгдийг нь мэдэх албагүй. Зөвхөн иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргах өргөдөл гомдлын тухай хуулийг маш чадварлаг хэрэглэдэг байх ёстой. Төрийн байгууллагын албан хаагч иргэн хүнд хариу өгөхдөө заавал бичгээр өгдөг байх. Шүүх бол бүгдийг бичгээр хариулдаг шүү дээ. Үүнийг хараад хяналт дүгнэлт хийх боломжтой байдаг. Гэтэл төрийн албан хаагч өөрсдийнхөө алдаатай хариуг огт бичгээр өгдөггүй.
Амаар хэлж өгчихөөд, өөрөөсөө зайлуулж цаг алдлуулах маягаар явж байна. Жишээ нь би төрийн албан хаагч дээр ороод нэг хариу өгөхөөр нь наадхиа бичгээр өг гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл өнөөдрийн төрийн албан хаагчид үүнийг бичгээр өгөх хууль зүйн мэдлэггүй байдаг. Хүн хүнээс асуугаад, бөөгнөрч уулзаад цочирдож байх юм.
-Давхар дээл тайлах зайлшгүй шаардлага бий-
-Эндээс харвал салбарын сайд та хоёрын шинэчлэлийн тухай асуудал бол тэнгэр газар шиг байна. Тийм үү?
-Би Х.Тэмүүжин сайдыг буруу замаар пиарын төдий зүйл хийж байна гэж хэлнэ. Тиймээс би Х.Тэмүүжин сайдыг мэтгэлцээн хийе хэмээн таван удаа хүсэлт тавьсан. Харамсалтай нь хариу өгөхгүй зугтаагаад байна. Уг нь ардчилсан нийгмийн иргэн хүн, тэр тусмаа сайд хүн бусдад алдаа оноогоо ил хэлдэг байх ёстой.
Мэтгэлцэнэ гэдэг чинь ердөө л хоорондоо ярилцахыг, ойлголцохыг хэлж байгаа юм. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг шиг ойлголцох хэрэгтэй. Гэтэл Х.Тэмүүжин сайд бидэнтэй, иргэн хүнтэйгээ мал шиг харьцаж байгаа учраас огцрох нь зүйтэй юм болов уу гэж боддог. Хамгийн гол нь шинэчлэл хэмээх буруу зүйл хийж байгааг таслан зогсоох цаг нь болжээ. Тэгэхээр энэ салбарын сайд ажлаа өгч огцрох цаг нь болсон.
-Одоогийн шинэчлэгчид урьд өмнө болж бүтэж байсан зүйл байхгүй. Бүгдийг шинэчлэх ёстой гэж ярьдаг ч бодит шинэчлэл үнэн хэрэгтээ алга байна л даа?
-Өнгөрсөн түүхээ нулимна гэдэг бол байж болохгүй зүйл. Х.Тэмүүжин сайд “ОХУ-д сургууль төгссөн хүмүүсийн үе өнгөрсөн” гэж ярьж байна лээ. Энэ бол маш хариуцлагагүй зүйл. Сайд хүний амнаас гарч боломгүй, болчимгүй зүйл гэж ойлгож байна. Хаана ч юу ч төгссөн зөв бодолтой ухаалаг юм хийдэг л хүн хэрэгтэй биз дээ. Ямар ч сургууль төгсөөгүй байж хэр баргийн хуульчийг мадлачих өвөгчүүл ч олон бий шүү дээ.
Х.Тэмүүжинд ард түмэн ямар их итгэж байв. Миний хувьд Х.Тэмүүжинг шинэчлэлийн тухай анхнаасаа яриад эхлэхэд л энэ бүтэхгүй юм байна гэж харж байсан. Тэгээд л анх мэтгэлцэх урилга өгсөн. Аливаа зүйл аливаа нэг сэдлийн үүднээс үүсч бий болдог. Би яагаад хуульч болсон бэ гэхээр надад ямар нэгэн сэдэл байсан учраас тэр шүү дээ. Тиймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ-ыг ямар учраас байгуулсан бэ гэхээр миний нүдэн дээр хууль бус шийдвэр бариад явж байсан, ирж байсан хүн олон байсан.
Энэ бүгдийг харж байгаад л ерөөсөө энэ хууль зүйн салбар чинь болохоо байсан юм байна. Төрийн албан хаагчид чинь яагаад иргэдээ загнаад зандраад байдаг юм гээд л байгуулсан. Ингээд иргэдийнхөө төлөө, шударга ёсны төлөө явж, өөрөө хүртэл шоронд орж байлаа. Ингээд эцэст нь харж суухад өөрийнхөө бодол санаа, хийсэн бүтээснийг ард түмэнтэйгээ хуваалцах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Шинэчлэл ярьсаар байгаад багагүй хугацаа өнгөрчээ. Гэтэл шинэчлэгдсэн зүйл алга. Тухайлбал, хууль зүйн салбарын шинэчлэл хийхэд хэдий хэрийн хугацаа орох бол?
Миний хувьд өнөөх “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг шиг мөрөөрөө явмаар байдаг. Гэтэл энэ төрийн албанд дандаа худалч хулгайчууд очоод байхаар зүгээр сууж болохгүй байна.
-Хууль зүйн ямар ч мэдлэггүй нөхдүүд янз бүрийн юм яриад явахаар эгдүүцэл төрдөг. Ер нь Үндсэн хуулийг нэг их хөндөөд байх хэрэггүй. Дордуулсан долоон өөрчлөлт гээд яриад л байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд ажлын хэсэг гаргаад ахиад Монгол Улсынхаа амьдралыг судлаад маш олон хэлэлцүүлэг хийх ёстой.
Бүх нийтийн санал асуулга зохион байгуулах хууль бий. Энэ хуулиа бид нэг ч удаа хэрэглээгүй байна. Ингээд бүх нийтийг хамарсан ажил зохион байгуулаад хоёр Их хурлын дараа ч юм уу, дөрөв таван жил хийсэн төслөө баталгаажуулж болох юм. Гэтэл манай УИХ Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирол барагдуулах хууль батлаад байна шүү.
Хууль гэдэг цогц өргөн хүрээтэй байх ёстой. Гэтэл ганц нэгэн хүнд зориулж хоёр мөртэй хууль хийж байх жишээтэй. Тэгэхээр Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой юм. Чухам юуг нь гэхээр тайлбарлаж чаддаг хүн алга байна. Ялангуяа өөрчлөлт яриад байгаа хүмүүс бүгд мэдэхгүй.
-Тэгэхээр “Давхар дээл” тайлах хуулийн төсөл ид яригдаж байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гээд заачихсан байгаа. Энэ талаар?
-“Давхар дээл” тайлна тайлахгүй гээд ярьж байна. Үндсэн хуулийн энэ мэт бага зэрэг өөрчлөлт хийхэд ядах юм байхгүй. Ерөөсөө хууль тогтоох байгууллага, Гүйцэтгэх засаглал холилдоод болохгүй л байна шүү дээ. Тэр долоон өөрчлөлтийг ч хоромхон зуурт л хийсэн юм билээ. Тэгэхээр өөрчилж болно. Хэрвээ Үндсэн хуулийг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулах болбол би ажлын хэсэгт орох юмсан гэж боддог. Миний хувьд өөрчлөх шаардлагатай зүйл байгааг ажигладаг. Ялангуяа тэр шүүхтэй холбоотой хэсгүүд дээр бий. Давхар дээл тайлах зайлшгүй шаардлага бий.
- С.Оюун УИХ-д яг хумсаа нуусан муур шиг сууж байна -
-Манай УИХ-ыг гадныханд зориулж хууль хийдэг болчихлоо гэсэн шүүмжлэл байдаг. Зөвхөн өнөөдөр үүссэн асуудал ч биш байх. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөл үзүүлэхгүй гэх газар алга?
-Одоо УИХ-ын 20 гишүүн хууль батлах боломжтой болчихлоо гэдэг нь үндэсний аюулгүй байдал алдагдчихлаа л гэж харж байна. Намуудад фракцууд бий. Үүгээрээ дамжаад ашиг сонирхлын нэгдэл үүсгэсэн. Энэ нь улс орны гэхээсээ илүүтэй хувийн эрх ашгийн үүднээс бүрдсэн нэгдэл гэдэг нь харагдах болоод удлаа. Монгол Улсын нийт хадгаламжийн гуравхан хувь нь нийт хүн амд ногдож байна гэдэг аюултай шүү.
Би өөрөө УИХ-д энэ бүгдийг хэлэх юмсан гэж бодоод улстөрийн намд хүртэл харъяалагдаж үзлээ. Тэгээд нам дотор нь ороод харахаар ерөөсөө биш. Тэр нам дагасан залуучуудын эрх мэдэл албан тушаалын төлөө зүтгэж байгаа нь ерөөсөө буруу яваад байгааг харуулж байна. Яавал нэг тендер авчих вэ, яаж нэг албан тушаалд очих вэ гэсэн буруу зүй тогтолтой болчихсон. Тэгэхээр төрийн эрхийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлчихвэл төр өөрөө үнэгүйдэж эхэлнэ. Хэн ч тэнд очоод хүмүүсийн өмнөөс загнуулаад л төсвөөс хулгай ч хийж болохгүйгээр суухыг хүсэхгүй л дээ. Иймээс төрийн дотоод хяналтын системийг бий болгох хэрэгтэй.
-Танд санаж сэдсэн хийсэн зүйл багагүй байгааг анзаарч байна.Үүнийг хэрэгжүүлэх боломж хайв уу?
–Хэрвээ надад эрх мэдэл байдаг бол хэдэн хууль хийх юмсан. Хийсэн зүйл ч байна. Хэрэгжүүлэх юмсан гэж боддог. Тэгэхээр би маш урт хугацаа зарцуулж, өөрийгөө золиослож байж хийсэн хэдэн хуулиа аваад эрх бүхий газарт нь очмоор байна. Ерөөсөө манай гишүүд бүгд худлаа яриад, сүүлдээ ард түмэн ч итгэхээ болилоо.
Одоо энэ С.Оюун сайдтай би нэг тойрогт хамт нэр дэвшээд явж л байлаа. Тэгэхэд С.Оюун яг энэ давхар дээл тайлуулах тухай ярьж явсан. “Бт гишүүн болоод энэ талаар тууштай тэмцэнэ гээд явж байсан. Гэтэл өнөөдөр өөрийг нь хар л даа. С.Оюун УИХ-д яг хумсаа нуусан муур шиг сууж байна.
Миний хувьд өнөөх “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг шиг мөрөөрөө явмаар байдаг. Гэтэл энэ төрийн албанд дандаа худалч хулгайчууд очоод байхаар зүгээр сууж болохгүй байна. Бусдыг манлайлаад үүнийг засахын тулд л яваад байгаа юм шүү дээ.
-Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гээд нэг зүйл гаргаж ирсэн. лээ. Энэ талаар?
-Нэрнээсээ эхлээд шилжилт нь өөрөө буруу байгаа юм. “Томоос ухаалаг руу” гээд байна шүү дээ. Уг нь “тэнэгээс ухаалаг руу” гэж болох байлаа. Би үүнээс нэг зүйл харлаа. Хэдий чинээ тэнэг зүйл хийнэ, төдий чинээ хүмүүсийг татдаг юм байна. Тэр Төрийн ордонд ямар ч олон хүн цуглаж вэ. Ерөнхийлөгч нь өөрсдийг нь доромжлоод байхад өөрсдөө гарын үсэг зураад сууж байх жишээтэй. Зүгээр л хүмүүст таалагдах шоу төдий зүйл шүү дээ.