О.Баасанхүү: Х.Тэмүүжинг ёс зүйн зөрчил гаргаагүй гэвэл би дахиад өөр баримт гаргаж тавина
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.03.05

О.Баасанхүү: Х.Тэмүүжинг ёс зүйн зөрчил гаргаагүй гэвэл би дахиад өөр баримт гаргаж тавина

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Таны хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний талаар УИХ-ын Ёс зүйн хороонд хандсан гэсэн. Ямар шалтгаанаар шалгуулахаар өгсөн юм бэ?

-“MCS”-ийн гурван хувийн хөрөнгө оруулагч Элдэв-Очир гэдэг хүн Канадын консул хийх хугацаатайгаа давхцуулаад Х.Тэмүүжингийн 15 настай хүүг үрчилж аваад 10 сар ч хүрээгүй байхад шүүхээр буцааж өгсөн байлаа. Би шүүхийн тухайн шийдвэрийг хараад Гэр бүлийн тухай хуулийн хүүхдийн эрхийн асуудал, дээрээс  нь эцэг, эх байх Монгол Улын Үндсэн хуульд заасан үүрэг.

Мөн Төрийн албаны болон Ашиг сонирхлын зөрчлын тухай хуулийн 3,9, 17, 23 гэх мэтчилэн нэлээд олон заалтаар бие биенийгээ ямар нэгэн нөлөөнд автуулах зорилготой. Төрийн албыг хашихдаа бусдад давуу байдал олгохын тулд үр хүүхдийг нь үрчилж авсан, эсхүл  үрчлүүлсэн гэдэг нь төрийн албан хаагчид байх ёс зүйтэй үйлдэл гэж үзэхгүй байгаа. Тэр утгаараа Ёс зүйн хороонд хандсан. Миний хувьд Х.Тэмүүжин гэдэг хүний талаар судалж мэдээд, гүйж харайгаад, эсвэл шалгаад яваа юм биш.

Иргэдийн зүгээс надад янз бүрийн мэдээлэл ирүүлдэг. Тэгэхээр би ирсэн мэдээллийн дагуу Ёс зүйн хороонд өгсөн. Ёс зүйн хороо хариугаа хуулийн хүрээнд, хугацаандаа өгөх байх гэж бодож байна. Хэрэв ёс зүйн зөрчил биш байна гэвэл би дахиад өөр баримт гаргаж тавина. Гэхдээ нэлээд зүйлийг гаргаж тавих болно. Зөрчил мөн байна гэвэл ард түмэн ойлгоно биз дээ.

-Энэ хоёр хүний хоорондын асуудлаас болсон шүүх хурлын шийдвэр 2012 онд гарсан гэл үү?

-Шүүхийн шийдвэр 2012 оны дөрөвдүгээр сард гарсан юм билээ. Шийдвэрийг 2013 долдугаар сар буцааж өгсөн байлаа.

-Ингэхэд хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар шүүмжлэх, буруутгах хүмүүс бий. Таны хувьд энэ салбарын шинэчлэл хэр бодитой хэрэгжиж байна гэж үзэж байгаа вэ?

Х.Тэмүүжин эрх зүйн шинэтгэлийг үнэхээр хийж байгаа бол би баярлана.

-Х.Тэмүүжин сайдын эрх зүйн шинэтгэл гэсэн хөөрхөн нэр томъёо гаргачихаад байгаа. Х.Тэмүүжин эрх зүйн шинэтгэлийг үнэхээр хийж байгаа бол би баярлана. Монгол Улсын хоёр салбар уначихсан байгаа. Энэ нь хууль зүй, эрүүл мэнд. Тэгэхээр хууль зүйн салбар  эрх зүйн шинэтгэл хийх нь зайлшгүй, гарцаагүй. Түүнийг эхлүүлэхээр явж судлаад, түүний төлөө хууль, журам гаргах нь зөв. Харамсалтай нь гадны ч юм уу, бусдын явуулгаар өөрийн гэсэн онол, нотолгоо байхгүй, өөрийн хийрхэлээр хийж байгаа аливаа шинэтгэл нь аюултай үзэгдэл.

Би саяхан Америкт төвтэй Хорих байгууллагын нөхөрлөлийн ажилтантай уулзсан юм. Уулзаад “Монголд 1500 хүнтэй хорих байгууллага ажиллуулах гэж байгаа. Харин Монгол Улсын бүх шоронд байгаа томоохон гэмт хэрэг хийсэн хүмүүсийг нэг дор байлгах гэж байна. Энэ зөв үү” гэж асуухад тэр хүн маш их гайхсан. “Дэлхий даяар шорон бий. Нэг шоронд нь 500 хоригдол байлгадаг. Харин хоригдлын тоо 500-аас дээш болвол гажуудал үүсдэг юм. Ерөнхийдөө мэргэшсэн гэмт хэрэгтэн төрдөг. Тийм байтал гурав дахин ихсэх гэж байгаа нь ямар учиртай юм бэ” гэж тэр асууж байсан.

Тэгэхээр нь “Манайд үүнийг зохицуулах Тахрын агентлагтай болсон. Танайд байдаг Маршлын гэдэг шиг албатай болсон” гэхэд тэр хүн толгой сэхэрч байсан юм. Тэрбээр “Маршлын алба гэдэг бол хорих байгууллагын үймээ, самууныг зогсоох зорилготой юм биш. Ерөнхийдөө шүүхийн шийдвэрийн процессийг биелүүлдэг байгууллагатай адил” гэж байсан. Миний хувьд тэр зүйлийг мэдэж байгаа учраас энэ шинэтгэлийг шүүмжлээд байгаа юм.

-Улсын Ерөнхий прокурор хууль зүйн салбарын шинэчлэлийг шүүмжилж, Х.Тэмүүжин сайдыг хүртэл өрөөндөө дуудаж уулзсан зүйл байсан?

-Би Ерөнхий прокурортой утсаар ярьсан. “Эрх зүйн шинэтгэлийн асуудлыг хийх нь зайлшгүй боловч Монгол Улсын бүтээсэн, зогстой үр дагавар авчирсан зүйлийг нэг өдрийн дотор байхгүй болгож, нурааж, устгаж, эвдэж байна. Дээрээс нь Монгол Улсыг өнөөдөр гадаадын идэш болгочихвий дээ. Энэ тал дээр санаа зовж байна. Та Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй ойр байдгийн хувьд энэ зүйлийг хэлээд өгөөч. Би энэ хүнтэй уулзах гэж УИХ-ын гишүүн болсноос хойш 10 удаа санал тавьсан. Туслахад нь доромжуулаад хөөгдөөд гарсан.

Аргаа барахдаа зөвлөхөд нь хэлсэн. Нөхцөл байдал ийм байна. Та энэ талаар хэлж болох уу” гэсэн. Ер нь Монгол Улсын төр гурван суурьтай. Эдий засаг, оюун санаа, улс төр дотроо хууль нь багтдаг. Тэгэхээр эрх зүйн гол тогтолцоог унаачихвал  Монгол Улс гадна болон дотор талаасаа дархлаагүй болно. Тэгэхээр энэ дархлааг алдагдуулж байгаа үйлдлийг яаж хүлээж авах вэ гэдгийг Ерөнхий прокурортой ярьсан. Харин Ерөнхий прокурор “Чи наад зүйлээ сонинд ярилцлага юм уу, эсвэл нийтлэл бичээд оруулбал Ерөнхийлөгч харвал уулзах байх” гэж зөвлөж байлаа.

Би Х.Түмүүжин гэдэг хүнийг тоож ярихгүй. Энэ хүний толгойд ийм зүйл орж ирэхгүй. Шууд хэлэхэд хоёр ном уншдаггүй хүн өнөөдөр юм ярихгүй. Тодорхой хэмжээнд юм уншдаг хүн үүнийг тал талаас нь ойлгоно. Энэ бол агуу ихийн дэмийрэл биш. Монгол Улсын дархлааны талаар ярьж байгаа болохоор Х.Тэмүүжин гэдэг хүнийг буруутгадаггүй. Яагаад гэвэл энэ том шинэтгэлийн гар хөл нь болж байгаа гэдгээр зөвтгөдөг. Гэхдээ харамсалтай хууль мэдэхгүй хүнд эрх мэдэл атгуулвал нүдийг нь аниулаад хутгаа ирлэсэнтэй адил гэдгээр асар их юм сүйтгэнэ.

-Та эрх зүйн шинэтгэл Монгол Улсыг гажуудуулна гэж хэлэх гээд байна уу?

-Энэ шинэтгэлийн ажиллагаа болж өгөхгүй байна. Цагдаагийн тухай хууль болон баталсан хуулиудаа нөхдүүд “Би юу хийчих вэ” гэдэг байдлаар харах хэрэгтэй.

-УИХ-аар эрх зүйн шинэтгэлийн хуулиудыг хамгийн түрүүнд оруулж ирээд баталчихсан зүйл байгаа шүү дээ?

-Хувь хүнийхээ хувьд нөхцөл байдлыг харахад шүүгчдийн цалин дөрвөн сая төгрөг болсонд гайхаж байна. Уг нь шүүгчдийн цалинг тогтоохоор ажлыг хэсэг гаргасан юм. Би ажлын хэсгийн гишүүний нэг. Гэтэл нэг  ч удаа хуралдаагүй байхад шүүгчид цалингаа авчихсан байгаа. Би шүүгчид дөрвөн саяын цалин авч байгааг зөв гэж үзэж байна. Гэхдээ бусдад нь адилхан өгөх хэрэгтэй. Эмч, багш, цагдаад дөрвөн сая төгрөгийн цалин өгөх хэрэгтэй.

Ганцхан шүүгч гэж болохгүй. О.Баасанхүү дөрвөн сая төгрөгийн цалинг буруутгаж байна гэх байх. Гэхдээ бусдад нийтлэг байдлаар цалин өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл төр гэдэг иргэдэд тэгш ханддаг, харьцдаг байх ёстой. Өнөөдөр УИХ-ын бүрэн эрх гэж ярихаас илүү иргэний дархан эрхийн тухай ярьж, үүний төлөө хууль батлах ёстой. Төрийн албыг дархлаажуулах биш иргэн хүний эрхийг дархлаажуулах нь чухал. Ингэхийн тулд хамгийн сонгодог жишээ болох эрх зүйн шинэтгэл нь иргэндээ наалдсан байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.