2014.03.18

Эрүүл мэндийн салбарыг хувьчлах нь зөв үү?

“Eagle” телевизийн 9:1 хэлэлцүүлэг эхэлж байна. Энэ удаад энэ сарын 24,25-нд болох Монголын эдийн засгийн форумтай хэлэлцүүлгээ холбоотой өрнүүлнэ.

“Монголын эдийн засгийн чуулган-2014” энэ сарын 24, 25-ны өдрүүдэд болох гэж буй. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь “Эрүүл мэндийн салбарын засаглал”-ын асуудлыг анх удаа хөндөх гэж байгаа юм. Эрүүл мэндийн засаглал гэж юу вэ. Засаглалыг сайжруулснаар ямар үр дүнд хүрэх вэ. Засаглал муу байгаатай холбоотойгоор өнөөдөр ямар хор хохирол үүсэж байна вэ.

Энэ бүх асуудлыг удахгүй болох эдийн засгийн чуулганаар хэлэлцэнэ. Эрүүл мэндийн салбар нь нэг талаас цэвэр нийгмийн салбар мэт боловч цаад утгаараа эдийн засагтай бүрэн холбогдож байгаа юм. Наад зах нь Монголд эрүүл мэндийн үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүйгээс жил бүр хэчнээн мянган хүн гадаад улс орнуудыг зорин эрүүл мэндийн үйлчилгээ авч байна вэ.

Олон улсын байгууллагын судалгаагаар монголчууд БНСУ-руу явж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэдийнхээ тоогоор дэлхийн улсуудын дотор тавдугаарт бичигдэж байгаа гэх статистик байна. Яг нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээ гэж тооцвол Монголчууд гадны орныг зорьж, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм. Нэг ёсондоо монголчуудын мөнгө эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжин асар ихээрээ гадаад улсыг зорьж байна гэсэн үг.

Үүний бурууг иргэд ихэвчлэн Монголын эмч нар, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, тоног төхөөрөмж гэх зэрэгтэй холбон тайлбарладаг. Гэтэл энэ бүхнээс гадна хамгийн чухал асуудал нь энэ салбарын засаглал болчихоод байгааг учир мэдэх хүмүүс олж харжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын засаглалд бүрэн шинэчлэл хийж, өөрчлөх шаардлагатай хэмээж байна.

- Эрүүл мэндийн салбарт төрийн оролцоо их байна гэсэн шүүмжлэл байна. Төр оролцохгүй байж болохгүй салбар гэж үзэж байгаа юу? Төрийн оролцоо ямар түвшинд байх хэрэгтэй вэ? хууль тогтоох түвшинд энэ асуудал хэрхэн яригдаж байна?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дөрвөн үндсэн чиглэлд харж байгаа. Үүнд хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын шинэчлэл, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн шинэчлэл гэсэн. Бүх хууль эрх зүйн шинэчлэлийг хааш нь явуулах, төрөөс энэ салбарт ямар бодлого явуулах ёстой вэ гэдгийг тогтох ёстой.

Эрүүл мэндийн салбарт ямар бодлого төрөөс баримтлах нь өнөөдрийг хүртэл тодорхой биш байгаа. Нийгмийн эрүүл мэндийн салбарт бол бодлого бий. харин эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд бол байхгүй. Иргэдэд нь ч ойлголт байхгүй. Яамны стратеги тодорхойгүй хаашаа явах нь ойлгомжгүй. Тэгэхээр эрүүл мэндийн салбар гэдэг өөрөөр их өвөрмөц салбар. Зарим салбар хувь хүн сонголт хийж болдог. Гэтэл Ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн салбар бол хувь хүний төлбөрийн чадвараас үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг тэгш авах ёстой.

Эрүүл мэндийн хуульд төрөөс ямар бодлого баримтлах вэ гэхээр эрүүл мэнд гэдэг бол төрийн онцгой анхааралд байна гээд тогтсон юм. Бид энэ талаар хүмүүст ойлголт өгөх ёстой. Эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хувьчлах гэж байна хэмээн бодож байна. Энэ талаар маш болгоомжтой хандах ёстой. Тиймээс Азийн хөгжлийн банкны 183 мянган долларын төсөл хэрэгжсэн. Төсөл туршилтаар эмнэлгийн засаглалыг хагас бие даасан хэлбэр шилжүүлэх байсан.

(2-р хэсэг)

Энэ нь төсвөөс мөнгө авна гэхдээ эмнэлэгтэй удирдах зөвлөл гэрээ хийгээд эмнэлэг өөрөөр үр ашигтай байдлаа бий болгох тэр нөхцөлийг бүрдүүлж байгаа. Эдийн засгийн форумд ярилцах гол шалтгаан нь эрүүл мэндийн салбарын энэ олон жил тулгамдсан асуудлыг шийдэх, тэр дундаа хамгийн буруу ойлголт болоод байгаа эмч хүн эмнэлгийг удирдах ёстой гэсэн үзэл нь асар их тулгамдсан асуудлыг бий болгосон. Гэтэл энэ салбар нь тэр чигтээ эдийн засаг шүү дээ. Эмч хүн эмчилгээгээ л хийх ёстой. Эмч хүний эмчилгээг хийх бүх нөхцөлийг эмнэлгийн удирдлага, эдийн засагч, санхүүч хангаж байх ёстой.

Бичлэгээс дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.