Монголын Эмнести Интернэшнл 2013 оны шилдэг сайн дурын байгууллагаар шалгарлаа
"Blue sky" зочид буудал
2014.02.18

Монголын Эмнести Интернэшнл 2013 оны шилдэг сайн дурын байгууллагаар шалгарлаа

Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ “Блю скай” зочид буудалд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааны эхэнд Олон Улсын Сайн Дурынхны өдрийг тохиолдуулан Монголын сайн дурын үйл ажиллагааны хөгжилд чухал хувь нэмрийг оруулах илтгэлүүдийг тавьсан юм.

Мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас сайн дурын 40 гаруй байгууллагын төлөөллүүд, шилдгүүд уригдан ирж, 2012 онд сайн дурынхан хийж бүтээсэн зүйлсээ баяртайгаар хуваалцлаа. Олон улсын сайн дурын байгууллагын төлөөллүүд болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд өргөнөөр оролцсон нь үйл ажиллагааг илүү утга төгөлдөр, өргөн цар хүрээтэй болгосон юм.

Ёслолын арга хэмжээний үеэр “2013 оны Шилдэг сайн дурын байгууллага” -ыг тодрууллаа. Энэ оны  Шилдэг сайн дурын байгууллагаар Монголын Эмнести Интернэшнл байгууллага тодорч нэг сая төгрөгийн эзэн боллоо. Сайн дурынхныг ийнхүү урамшуулах нь тэдний улсынхаа хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж сайшаан дэмжиж буйн нэг илрэл билээ.

Дашрамд дурдахад Эмнести Интернэшнл нь аливаа засгийн газар, улс төрийн үзэл бодол, эдийн засаг болон шашны үзлээс ангид хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм. Тус байгууллагын үйл ажиллагаа нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад олон улсын хүний эрхийн жишиг хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөөг энэ дэлхийн хүн бүрт бүрэн эдлүүлэхэд оршино. Байгууллагын зорилгын хувьд хүний бүхий л эрхийг хамгаалахдаа бие махбод, оюун санааны төгс байдал, чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх, мөн ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрх, эрх чөлөөг ноцтой зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор судалгаа явуулж, бодитой арга хэмжээ авах явдал юм.

Эмнести Интернэшнл Монгол Улсад

Эмнести Интернэшнл 1990 онд Францад цугларсан Европын 34 орны тэргүүний уулзалтаас “Парисын Дүрэм”-ийг батласнаар зөвхөн Европ төдийгүй бусад тивийн том, бага улс гүрнүүд өөрсдийн дотоод хэргээсээ илүүтэйгээр ардчилал, хүний эрхээр баталгаажсан хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг бодитой түвшинд хамтран хамгаалахад анхаарсан юм.

Монголчууд ч улс төр, иргэний зориг өвөрлөн хүчирхийллийн бус аргаар нийгмийн шинэ дэвшилд нэгдсэн энэ үед өөрсдийн зорилгоо ухамсарлан хүч оюунаа дайчилж чадсан бүлэг хүмүүсийн тоонд “Эмнести Интернэшнл”-ийн Монголын хөдөлгөөнийхөн зүй ёсоор багтана. Монголын Эмнести Интернэшнл байгууллага анх нэгхэн бүлэгтэй байсан бол одоо хүрээгээ тэлэн албан ёсны 13, залуучуудын 8 клуб, нийт 360 гаруй гишүүд, 1500 гаруй дэмжигчидтэй байгууллага болон ажиллаж байна.

Монгол дахь салбар хүний эрхийн талаарх дэлхий дахины кампанит ажилд оролцохоос гадна өөрийн орондоо хүний эрхийн боловсролын чиглэлээр тухайлбал бүх шатны сургууль, боловсролын хөтөлбөрт хүний эрхийн талаарх мэдээллийг тусгах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг таниулах, гэрээ конвенцийг батлуулах, дэлхийн улс орнуудын болон өөрийн орны хүний эрхийн талаарх мэдээ мэдээллийг орчуулж тараах чиглэлээр ажилладаг.

Тус байгууллага сүүлийн жилүүдэд:

- Цаазаар авах ялын эсрэг кампанит ажил
- Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажил
- Хүнийг Хүндэл кампанит ажил
- Хүний эрхийн боловсрлын кампанит ажил
- Улс Орнуудын төлөөх кампанит ажил
- Залуучуудын кампанит ажил зэрэг кампанит ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.