Д.Ганбат: Манай улс хүний эрхийн боловсролоор Азидаа тэргүүлдэг
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат
2013.12.18

Д.Ганбат: Манай улс хүний эрхийн боловсролоор Азидаа тэргүүлдэг

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбаттай хүний эрхийн боловсролын асуудлаар ярилцлаа.

-Эрхээ мэдэж хамгаалж чаддаг хүн эрхийн зөрчлөөс сэргийлж чадна. Тиймээс хүний эрхийн боловсролыг олгох нь их чухал. Хүний эрхийн хорооны даргын хувьд энэ чиглэлд ямар арга хэмжээ явуулах вэ?

Хүний эрх гэдэг бол хүний язгуур эрх юм. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Парист батлагдсан.

Энэхүү тунхаглал нь дайны туршлагаас үүдэж хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий"хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн. Монгол улс дээрх тунхаглалд нэгдэн орсон. Түүнчлэн хүний эрхийн тухай олон улсын 30 шахам гэрээ Конвенцид нэгдсэн байдаг.

НҮБ-ын

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллай

Хүний эрхийн дээд комиссарын газраас 2014 оныг хүний эрхийг хангах чиглэлд улс орнуудын засгийн газрыг анхаарч ажиллахыг уриалсан. Бид энэ уриаг дээдлэн ажиллана. Манай улс хүний эрхийн асуудлаар тодорхой ололттой явж байгаа учраас Ардчиллын хамтын нийгмийн даргалагчаар ажиллаж, зүүн Азийн орнуудад үлгэр жишээ болж байгаа билээ.

-Хүний эрхийн боловсролыг түгээх, боловсролын тогтолцоо арга зүйд нэвтрүүлэх, хүмүүсийн хандлагыг өөрчилж, төлөвшүүлэх ёстой гэдэгтэй та санал нийлдэг үү?

Хүний эрх бол эрхээ мэдсэн ард иргэдээс эхэлдэг юм. Бага балчраасаа эхлээд өөрт нь заяамал зүйл гэдгийг ойлгодог. Хүний эрхийн асуудлыг тухайн улс орон үндсэн хууль, бусад органик хуулиараа сайн баталгаажуулж өгсөн байдаг. Хүний эрхийг хууль эрх зүйн орчин болон боловсрол, нийгмийн талаасаа цогц бодлогоор бүрдүүлж хангаж өгөх ёстой юм. Манай улс хууль зүйн талаасаа нэлээн сайн оруулж өгсөн байдаг. Харин эдийн засгийн баталгаа тал дээрээ хүний эрхийн байдал нь хоцрогдоод байгаа.

Хүний эрхийн үүднээс эдийн засгийн хувьд амьдрах баталгаа, хэрэгцээгээ хангах, сурч боловсрох бүх боломжоор хангагдсан байх ёстой. Тийм ч учраас бага дунд боловсролыг төрөөс  үнэ төлбөргүй олгож байгаа.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүний эрхийн дэд хороо ямар ажлуудыг хийсэн бэ. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хүний эрхийн талаар маш том хөтөлбөр, ойлголтууд сууж өгсөн байсныг санаж байна. Амлалтаа хэрхэн биелүүлж байна вэ?

Хүний эрхийн дэд хорооны зүгээс хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад мониторинг хийж байна. Энэ ч үүднээс хуулиудыг шинэчлэх, гэрч хохирогчийг хамгаалах, жендерийн тухай хуулиудыг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Хамгийн гол нь хүний эрхийн боловсролын асуудал юм. Монгол улс ази тивдээ хүний эрхийн боловсролоор тэргүүлж байгаа.  

Энэ бол миний үг биш. Хүний эрхийн дээд комиссарын ажлын албанаас ирүүлсэн дүгнэлт юм.  Гэхдээ үүнд санаа амарч, тайвширч болохгүй.

21 аймагт хүний эрхийн төлөөлөгч нарыг сургаж, ажиллуулахаар болсон

УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс хүний эрхийн асуудалд нэлээд санаачлагатай ажилласны хүчинд 2014 оноос эхлээд 21 аймагт хүний эрхийн төлөөлөгч нарыг сургаж, ажиллуулахаар болсон.

Түүнчлэн манай улсын хэмжээнд 8000 гаруй хоригдол байгаа нь хүн амынхаа тоотой харьцуулахад эерэг үзүүлэлт биш. Тиймээс ял эдлэх олон төрлийн ялуудыг бий болгож байна. Тухайлбал торгох, байцаах, гэрт нь хорионд байлгах зэрэг шинэ ялуудыг төлөвлөж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.