Хууль зүйн байнгын хорооны хуралдаан.
2013.12.27

Захиргааны хариуцлагын хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцлоо

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар захиргааны хариуцлагын тухай зарим заалт Үндсэн Хуулийн 47-р зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Байнгын хорооны олонхи гишүүд Цэцийн дүгнэлийг хүлээн авахыг дэмжлээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн тав дахь хэсгийн заалт Үндсэн Хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн Хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Захиргааны хариуцлагын хуулийн 4 дүгээр зүйлийн тав дах хэсэг энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын засаг дарга ногдуулж болно,

мөн хуулийн 18 дугаар зүйлийн долоо дахь хэсэг “сумын засаг дарга баривчлах шийтгэл ногдуулснаа харъяалах шүүхэд гурав хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт “Монгол улсад шүүх эрх мэдлийг зөвхөн шүүхийн байгууллага хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Тиймээс Үндсэн Хуулийн Цэц захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтыг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Дунд сургууль төгсөөгүй жолооч байсан хүн манай сумын засаг дарга болчихсон ш дээ гээд ярьж буй хүмүүстэй би таардаг. Иргэд засаг даргаа голж байна. Тиймээс сумын засаг дарга нарт баривчлах, хэрэг таслан шийдэх эрхийг хязгаарлагдмал байдлаар өгөх хэрэгтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

Төрийн албан тушаалтан хэрэг таслан шийтгэхгүй гэдэгтэй би санал нэг байна.  Гэхдээ бодит амьдрал дээр үүсдэг, хууль зүйн орон зайг үгүйлж буй, шийдэл хүлээж байгаа зарим хэргүүдийг бид яаж шийдэхээ сайн бодох хэрэгтэй.

Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүдийн олонхи нь төрийн албан тушаалтан хүний үндсэн эрхэд халдан баривчлах нь Үндсэн Хуулийн суурь зарчимд нийцэхгүй байгаа тул Цэцийн дүгнэлтийг хүлээн авах зүйтэй гэж үзэж байна. Захиргааны хариуцлагын хуулийн 4 дүгээр зүйлийн тав дах хэсэг энэ хуулийн 21, 22, 23, 24, 45, мөн хуулийн 18 дугаар зүйлийн долоо дахь хэсгийг хүчингүйд тооцох тогтоолыг хууль зүйн байнгын хороо бэлтгэхээр боллоо.