Насан туршийн боловсролын талаар ярилцлаа
Монгол Эмнести интернэшнл төрийн бус байгууллагаас санаачлан өнөөдөр “Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа.
2013.12.13

Насан туршийн боловсролын талаар ярилцлаа

Монголчууд өнгөрсөн хорин жилийн хугацаанд хүний эрхийн талаар багагүй мэдлэгтэй болж, хууль эрх зүйн орчиндоо ч олон дэвшил гаргасан.

Гэхдээ хүний эрхийн зөрчлүүд гарсаар байгаа нь өнөөгийн нийгэмд хүний эрхийн хандлагад суурилсан боловсрол, ур чадварыг дутуу эзэмшсэнтэй холбоотой юм.

Өнгөрсөн хавар Сайд нарын чуулга уулзалтын үеэр Ан Сон чу манай улсыг дүр эсгэсэн ардчилалтай хэмээн тодорхойлсон. Зарим хүн түүний үгэнд эгдүүцэж байсан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна.

Тиймээс Монгол Эмнести интернэшнл төрийн бус байгууллагаас санаачлан өнөөдөр “Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Эмнести Интернэшнл нь Бенин, Чили, Хорват, БНЧУ, Дани, Гана, Унгар, Ирланд, Итали, Марокко, Польш зэрэг улсад Хүний эрхэд ээлтэй сургууль бий болгохоор ажиллаж байна.

Тус хурлыг нээж НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон МЭИ-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг нар үг хэлсэн юм.

Харин МУИС-ийн Хууль зүйн сургууль, НҮБ, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл болон их дээд сургуулийн багш, сурагчид тус хуралд оролцов.

Хүн бүр бага балчираасаа эхлэн хүний эрхийн боловсрол, ур чадварыг эзэмших нь чухал учраас ерөнхий боловсрол, их дээд сургуулиудад хандаж байгаа ажээ. Онол практикийн хурлын эхэнд МУИС-ийн ХЗС-ийн захирал доктор Д.Солонго “Их дээд, сургууль дахь хүний эрхийн боловсролын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг тавьсан. Харин Эмнести интернэшнл байгууллагын захирал Б.Алтантуяа “Албан бус боловсрол хүний эрхийн боловсрол” сэдвээр илтгэлийг тус тус  тавьсан юм.

Үүний дараа ЕБС дахь хүний эрхийн боловсрол, Их дээд сургууль дахь хүний эрхийн боловсрол, Албан бус боловсролоор хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх гэсэн гурван чиглэлийн асуудлаар салбар хуралдааныг явуулав.