О.Баасанхүү: Чуулганы завсарлагаанаар зүүн аймгуудад ажиллана
УИХ-ын намрын чуулган сар шинийн өмнөхөн завсарласан. Харин ирэх гуравдугаар сарын 20-нд ээлжит бус чуулган хуралдах тов гараад байгаа. Чуулган завсарласан энэ өдрүүдэд Төрийн ордон нам гүмхэн байна. Гишүүдийн зарим нь гадаадад яваа бол нэг хэсэг нь хөдөө орон нутагт ажиллаж буй юм. Тэгвэл УИХ-ын зарим гишүүд хаагуур, юу хийж амарч байгаа талаар тодруулснаа хүргэе.
-УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр болж байх шиг байна. Чуулганы завсарлагаанаар та ямар ажил амжуулах гэж байна?
-Ирэх гуравдугаар сарын 12-нд УИХ-ын даргын айлчлал байгаа. Миний бие энэ айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Дараа нь зүүн аймгуудаар явна. Өмнө би баруун аймгуудаар явсан. Өнгөрсөн жил нийтдээ 24 мянган км зам туулсан байсан л даа. Мөн хууль сурталчилгааны асуудлаар Казахстанд туршлага судална. Эрүүл мэндийн асуудлаар гадагшаа эмчилгээнд явна.
-Танай намынхан Н.Энхбаяр даргатайгаа очиж золгох мэдээ байна. Хэзээ явах вэ. Та хамт очих уу?
-Манай намынхан маргааш (өнөөдөр) намын даргад очиж золгоно.Харин миний бие гадагшаа эмчилгээнд явж таарч байгаа юм. Эмч нарын зөвлөгөөний хурлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.
-МАХН Их хурлаа хэдэн сард хуралдуулах юм бол. Ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
-Ирэх дөрөв юм уу, тавдугаар сард Их хурал болох мэдээ байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл алга.