Ерөнхий сайдыг баярлуулагч
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.02.07

Ерөнхий сайдыг баярлуулагч

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Засгийн газрын нүүрийг тахалсан хүнээр тодроод байгаа.

Өнгөрсөн жил ашиглалтад оруулсан ТҮЦ машинууд нь иргэдийн талархлыг хүлээж, Ерөнхий сайд ч Засгийн газрын хийсэн ажил гэхээр л тэр бүхнийг дурьддаг болсон.

Олон жилийн турш ярьсан бүхнийг түүний үед ажил хэрэг болгосон нь Ц.Жадамбаагийн хувьд аз мэт боловч уйгагүй хичээл зүтгэлийн үр шим гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч буй. Оны өмнөхөн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2013 онд хийсэн ажил болон энэ онд хийх ажлаа харьяа яам, агентлагийнхаа ажилтнууд, аймаг, дүүргийн Засаг дарга нарт танилцуулах уулзалтын тайзыг Ц.Жадамбаагийн агентлагынхан зассан гэж байгаа.

Тэрхүү тайз нь урд өмнө нь байгаагүй чамин байсан нь Ерөнхий сайдын санаанд нь хүрч, дахин нэг магтаалыг хүртсэн. Тэгвэл өчигдөр “Ухаалаг шуудангийн хайрцаг”-ыг хүлээлгэн өгснөөр Засгийн газрын тэргүүний магнайг Ц.Жадамбаа дахиад нэг удаа тэнийлгэж амжлаа. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрынхан хийх ажлаа алимны модтой, хөрөнгө оруулалтаа нартай, үр дүнг нь алимтай зүйрлэдэг юм билээ.

Ц.Жадамбаа одоогийн байдлаар ТҮЦ машин, “Ухаалаг шуудангийн хайрцаг” зэрэг алимыг хурааж аваад байна. Түүний удахгүй хураах алим нь телевизийн тоон системийг нэвтрүүлэх юм билээ. Тэгэхээр тус салбар дээр тусах нарны туяа буюу хөрөнгө оруулалт нэлээд сайн байгаа бололтой юм. Ямартай ч тарьж буй модныхоо үр шимийг хүртэж, хураасан алимаа ард түмэнд тарааж өгөөд байгааг нь олзуурхууштай. Намын ажлыг хийж байх үеэсээ л удирдлагуудынхаа итгэлийг олсон тэр итгэлийг нь дахин дахин хүртэж эхлэх нь ээ.