Үнэнийг гар өргөж тогтоодоггүй
“Гуталчин гутлаа л хийнэ, харин гутал хаана нь барьж өвтгөж байгааг өмсч байгаа хүн хэлнэ” гэсэн үг байдаг. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал булхай луйвар нь дэндсэн сонгуулийн урьд өмнөх тогтолцоо сонгогч түмнийг тэсэхүйеэ бэрх болтол нь “өвтгөж” тэднийг аргагүй гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн билээ. Ингээд тогтолцооны гажиг санал худалдаж авахаас өгсүүлээд мөнгө тараах, саналын хайрцаг авч зугатах, өгсөн саналыг буруу тоолох гэх мэт олон зүйлд байгааг “гутал” өмсч үзээд хаширсан хүмүүс “гуталчин”-д хэлснээр 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай цоо шинэ хууль батлагдан гарчээ.
Төрийн бодлогын үзүүлэх үр нөлөөг амьдрал дээр жирийн хүмүүс л юуны өмнө мэдэрч байдаг. Харин тэр мэдрэмжээ “гуталчин"-д ийнхүү хэлж, хаана хэрхэн өвдөж байгаагаа тоочиж, засуулах боломж буюу доороос үзүүлэх сувгийг гагцхүү ардчилсан тогтолцоо бий болгодогийн хүчинд “гуталчин" ийнхүү өөр нэг шинэ “гутал" үйлдвэрлэсэн нь тэр байлаа. Удалгүй 6 сарын дараа уг “гутал"-ыг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид бүгдээрээ нэгэн зэрэг “өмсч” туршив.
Уг нь иргэд цөмөөреө нийгмийн гол гол шийдвэрүүдийг гаргахад биечлэн оролцож байвал нийгэм маань илүү ардчилсан байх сан. Гэвч шийдвэр гаргахад бүх хүмүүс оролцох бололцоогүй болохоор иргэд өөрсдийгөө төлөөлөх хүнийг дөрвөн жилд нэг 4 удаа сонгож байхаар Монгол Улсын хуульд заажээ. Тэгээд засаг захиргааны хуваарилалтад үндэслэсэн сонгуулийн тойргуудыг бий болгож, тэр хүрээнд бүртгэгдсэн иргэд сонгуульд оролцон саналаа өгч, олонхийнхоо сонгосон хүнээр дамжуулан төрийн шийдвэр гаргахад оролцож байхаар болжээ. Энэ ёсоор Увс аймгийн сонгогчид өөрсдийгөө төлөөлөх хоөр хүнийг сонгож явуулахаар бэлтгэл базаагдав. Нэгэнт “өвтгөж хөл гэмтээдэг урьдын муу гутал”-ын горыг нийгмээрээ мартаагүй байсан болохоор Увсын сонгогчид энэ удаагийн сонгуульд ихээхэн хариуцлагатай, няхуур ханджээ.
Харамсалтай нь өнөөх “шинэ гутал”-ыг үйлдвэрлэхэд кноп дарж оролцсон хуучин хоёр төлөөлөгчид нь сонгогчид шигээ хариуцлагаа ухамсарласангүй. Урьдын муу аргаараа мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авахаар санаархжээ. Угаасаа тэдэнд луйвраар олжхураасан мөнгө ч гэж зах замбараагүй их байсан юм байлгүй. Ердөө л зуу зуун мянгаар нь “гэрийг чинь ухуулах байр болгоно оо” гээд л мянга илүү сонгогчдод баруун солгойгүй тараачихаж. Бас ч гэж золголтын бэлэг гээд 2008 онд өөрөө гардан тарааж явснаа бодвол арга нь арай нарийсчээ. Гэвч Увсын сонгогчид үүнийг нь “доромжлол” гэж хүлээн авснаас “хамаг хэрэг” өрнөх нь тэр.
Увсын сонгогчид үүнийг нь “доромжлол” гэж хүлээн авснаас “хамаг хэрэг” өрнөх нь тэр
Нэг жил хоёр сарын өмнө Увс аймгийн Тариалан сумын 13 иргэн анхан шатны шүүхэд хахуульд авсан 100 мянган төгрөгөө сонгуулийн шинэ хуульд заасны дагуу 10 дахин өсгөж, нэг сая болгон авахыг хүссэн өргөдөл өгчээ. Ар араас нь хоөр ч тусдаа эрүүгийн хэрэг шалгагдаж эхлэв. Иргэд мөнгөө бариад штаб дээр нь ирээд байсан учраас Ардчилсан нам ч бас захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Удалгүй сонгууль дуусч СЕХ дүнгээ нэгтгэх үөд хэд хэдэн тойрог дээрх шүүхийн маргааныг хэрхэн шийдэх тухай асуудал босч ирэх нь тэр.
Нэр дэвшигчийг ямар ямар үйлдэл хийвэл нэрсийн жагсаалтаас хасах талаар шинэ хуульд олон зүйлийг тов тодорхой заасан байлаа. Гэвч тэдгээр хориглосон заалтуудыг нам, эвсэл, нэр дэвшигчид өрсөлдөгчөө унагаах зорилгод ашиглаж, СЕХ-нд хуурамч мэдээлэл өгөх магадлал байж болох тул, тухайн мэдээллийн үнэн бодитой эсэхийг шүүх тогтоох шаардлага гарч болзошгүйг ч шинэ хуульд мөн тусгасан байжээ. Шүүхийн шийдвэр гаргах үйл явц удаашралтай байдгийг бас тооцоолж, уг хэрэг явдал тухайн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн болсноос хойш тогтоогдвол мандатыг нь хүчингүй болгох эрхийг ч СЕХ-нд даалгахаа мартсангүй. Аргагүй муу “гутал өмсч” хаширсан хүмүүсээ хууль тогтоогчид сайн сонсож, гарч болзошгүй бүх асуудлыг нэгд нэгэнгүй тусгасан байжээ.
Ингээд СЕХ “...нэгэнт дараа дараагийн алхмуудыг нь шинэ хуульд тов тодорхой зааснаас хойш одоогоор олон санал авсан гээд ирснийг нь мэдүүлж л байя, зарга маргаан нь шүүхээр шийдэгдээд ирвэл хуулийн 35.34-д зааснаар мандатыг нь хүчингүй болгочихъё” гэдэг шийдэлд хүрснээр өнөөх увайгүй аашлагч Увсын хоёр УИХ-д ороод ирэх нь тэр. Түүнээс хойш нэг жил хоёр сарын хугацаанд хоёр өөр шүүхээр дөрвөн өөр хэрэг тус бүр гурван шатны шүүх дамжин хэлэлцэгдэж, үр дүнд нь долоон иргэн эрүүгийн хуулиар ял шийтгүүлж, СЕХ “буруутай этгээдээр нөхөн төлүүлэх” нөхцөлтэйгээр хэдэн зуун саяар тоологдох өрөнд унах болсноор сая нэг юм эцэслэгдэн шийдэгдэвээ.
Монгол Улс цагаан морин жилийн эхээр социализмыг халж, 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталснаар эрх зүйт төрийн тогтолцоонд шилжсэн нь саяхан мэт.
Ерөөс манай улсыг огт мэдэхгүй хүн манай хуулиудыг бүгдийг уншаад үзвэл манай орон шиг хүний эрхийг дээдэлсэн, шударга ардчилсан улсыг олж үзэхгүй биз.
Ардчилсан, эрх зүйт ёс бүхий нийгэмд зөвхөн материаллаг хууль шударга байх нь хангалтгүй байдаг аж. Учир нь процессын шударга ёс буюу шударга хуулийг шударгаар хэрэгжүүлэх үйл явц нь цаасан дээрх хууль буюу “материаллаг шударга ёс”-ыг амьдруулж, үр шимийг нь нийгмээрээ хүртэх боломжийг олгодог билээ.
Ерөөс манай улсыг огт мэдэхгүй хүн манай хуулиудыг бүгдийг уншаад үзвэл манай орон шиг хүний эрхийг дээдэлсэн, шударга ардчилсан улсыг олж үзэхгүй биз. Урьдын бүх сонгуулийн хуулиудад ч сонгуулийг шударга бус явуулах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгсэн хэр нь “Нээлттэй нийгэм” хүрээлэнгээс 2008 оны сонгуулийн дараа гаргаж байсан тайлан илтгэлд “сонгуулийн бараг бүх үйл явцад хууль зөрчигдөж, шударга зарчим алдагдаж" байсныг баримт жагсаан дурьдсан байдаг.
Монголын Их Хурал өмнөөсөө долоон сайхан залууд эрүүгийн ял үүрүүлчихээд өөрсдөө ард нь шигдэн үлдэхийг хичээгч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай байх нь нэр төргүй хэрэг юм.
Тэгэхээр шударга хуулийг амьдралд хэрэгжүүлэхдээ шударга бус болгоод байгаа гажуудлыг хэрхэн засч залруулах бүх процессыг “шинэ хууль" нарийвчилан зааж өгөхөд хүрсэн байна. Учир нь эрх зүйн болон ёс зүйн соёл дутмаг, хуулиар хариуцлага хүлээх чадвар хэдий чинээ сул байна, ардчилсан эрх зүйт нийгмийн үнэт зүйл болсон шударга ёс төдий чинээ амархан алдагддаг билээ.
Ийнхүү “үйлдвэрлэгчид” хийгээд “хэрэглэгчид”-ийн хэн хэн нь “өмсөж” үзээд овоо шударга болжээ гэж дүгнэсэн “шинэ гутал”-ыг одоо сонгуулийн өрөнхий хороо л “өмсч” үзэх үлдээд байна. Угаас аливаа нийгэмд ёс зүйгүй хэсэг нь л хамгийн чанга хашгирч байдаг тул түүний шахалтаас цэрвэлгүй, гагцхүү хуулиа бариад асуудлыг шийдэхэд СЕХ-нд агшах эрсдэл огтоос үгүй билээ.
Улс төрийн бүх намуудын зүгээс долдугаар сарын 1-ний хохирогчдын амиар ойлгон ухаарч, засч залруулан өдий зэрэгт хүргэсэн сонгуулийн шинэ хуулиа хэлбэрэлтгүй сахин мөрдөх нь ардчилсан эрх зүйт шударга нийгмийг дахин долоон сарын нэгэнгүйгээр амар тайван хөгжүүлэн авч явах олон цогцолбор хүчин зүйлсийн нэг болох учиртай.
Ардчилсан Монголд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч төлөөппийн дээд байгууллага нь УИХ. УИХ-ыг хүсэл зорилго, ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор ардтүм-нээс бүх нийтийн сонгуулиар сонгосон төлөөлөгчид бүрдүүлдэг болохоор энд гишүүдийн ёс зүйн нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч өргөн хүрээнд мөрдөгдөх учиртай. Монголын Их Хурал өмнөөсөө долоон сайхан залууд эрүүгийн ял үүрүүлчихээд өөрсдөө ард нь шигдэн үлдэхийг хичээгч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай байх нь нэр төргүй хэрэг юм. Уг нь тэд эрүүгийн дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан даруйд л ямар нэгэн шаардлагагүйгээр өөрсдөө Их Хурлаас гарах ёс зүйтэй байх учиртай төрийн түшээд билээ.
Ардчилал,эрх зүйт төрийн тогтолцоо цаашид хөгжих эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн хууль, зөв зохион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс журмыг бий болгохын төлөө үеийн үед үргэлжилдэг тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө сонгуулийн өрөнхий хороон дээр тулж ирээд, түүний шийдвэрийг амьсгал даран хүлээж байна. Сонгуулийн өрөнхий хороо МАН-ынхныг УИХ-д орж ирэхгүй дахиад “диван”-дчих байх гэж болгоомжилж байгаа гэнэ лээ. Уучлаарай, нэгдүгээрт энэ бол СЕХ-ны биш, УИХ-ын санаа зовох асуудал, хоёрдугаарт, үнэнийг гар өргөж тогтоодоггүй юм. Түүнийг шүүх хэдийнэ тогтоосон.