Р.Бурмаа: Тэд УИХ-ын гишүүн болох ёсгүй байсан учраас мандатыг нь хүчингүй болгох ёстой
УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.
-Увсын хоёр гишүүний асуудлыг Дээд шүүх яаж шийдчихээд байгаа юм бэ?
-Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргаантай асуудлыг авч хэлэлцэхгүй гэсэн шүү дээ. Харин эрүүгийн шүүх “Увс аймагт сонгуулийн үеэр санал худалдан авах ажиллагаа явагдсан байна” гэдгийг тогтоосон.
Тухайлбал, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр Өмнөговь суманд оюутнуудад, Улаангом суманд айлуудад, Тариалан суманд малчин ардуудад мөнгө тараасан нь нотлогдсон.
Ингээд Дээд шүүх “Увс аймагт сонгуулийн үеэр санал худалдан авах үйл ажиллагаа болсон байна гэдгийг шүүх тогтоочихож. Тиймээс үүний дагуу шийдвэр гаргах эрх нь СЕХ- нд бий” гэж үзсэн. Энэ шийдвэрийг гаргасан Дээд шүүхийн хуралд би суусан юм шүү дээ.
Хуулиараа бол нэр дэвшигч сонгуулийн үеэр санал худалдан авбал нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасагдах учиртай. Гэтэл Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр иргэдийн саналыг худалдан авсан нь эрүүгийн шүүхээр тогтоогдчихоод байна. Тэгэхээр хуулийнхаа дагуу СЕХ шийдвэрээ гарга гэдгийг л Дээд шүүх хэлээд өгчихлөө.
-Гэтэл Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр Дээд шүүх бидний талд шийдвэр гаргасан. Бүх зүйлд цэг тавьж, ажлыг минь тайван хийлгэ гээд байгаа л даа?
-Тийм зүйл байхгүй л дээ. Үнэндээ тэд сонгогчдын саналыг худалдан авч хууль зөрчсөн учраас гишүүн болох ёсгүй байсан. Тийм учраас гишүүнээс нь эргүүлэн татах тухай яригдахгүй, мандатыг нь хүчингүй болгох л асуудал бий. Харин гишүүнийх нь түр үнэмлэхийг хүчингүй болгох, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах учиртай.
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хууль зөрчсөн юм бол гишүүний түр үнэмлэхээ авахаас нь өмнө болиулахгүй яасан юм гэж асууж магадгүй. Гэвч тэдний буруутайг шүүхээр тогтоосны дараа түр үнэмлэхийг нь хүчингүй болгох ёстой байсан юм.
Сонгогчдын саналыг худалдаж авсан буруутай нөхдүүдийн өмнөөс төр нуруундаа ачаа үүрч болохгүй.
Харамсалтай нь манай шүүхийн процесс ийм удаан явагддаг учраас сая л тэдний гэм буруутайг тогтоолоо шүү дээ. Тэгээд ч 2012 оны долдугаар сард СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Сонгуулийн хууль зөрчиж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хуульд заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон этгээдийн гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох учиртай.
Одоогоор УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хороо 2012 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолоор холбогдох этгээдүүдэд арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байна” гэсэн албан бичгийг тухайн үедээ өгч байсан. Тэгвэл одоо хууль зөрчсөн гэдэг шийдвэр нь гарчихсан байна. Тиймээс хуулийнхаа дагуу СЕХ шийдэх ёстой.
-Тэгэхээр СЕХ одоо яах ёстой юм бэ?
-СЕХ-ны хийх ёстой хоёр ажил байгаа юм. Нэгдүгээрт энэ хоёрт олгосон гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох ёстой. Тухайн үеийн сонгуулийн тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, санал хураалтын дүнг дахин гаргах хэрэгтэй. Ингээд 28 хувиас дээш санал авсан дараагийн нэр дэвшигчдийг УИХ-д оруулах шийдвэрийг гаргах ёстой.
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр нэгэнт хүмүүст мөнгө төгрөг тараасан нь тогтоогдчихсон.
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр нэгэнт хүмүүст мөнгө төгрөг тараасан нь тогтоогдчихсон. Үүнийх нь нотолгоо болгож, 13 хүнд төсвөөс 13 сая төгрөгийг урамшуулал болгон олгочихсон шүү дээ. Сонгогчдын саналыг худалдаж авсан буруутай нөхдүүдийн өмнөөс төр нуруундаа ачаа үүрч болохгүй.
Тийм учраас СЕХ буруутай этгээдүүдээс 13 сая төгрөгийг төлүүлж авсан байх ёстой. Цаашилбал 1093 иргэнд түрээсийн гэрээ гэдэг нэрээр тус бүр 100 мянган төгрөг өгсөн гэдгээ Дээд шүүхийн хурал дээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл тэдний шадар туслах, сонгуулийн штабынхан өмнөөс нь хариуцлага хүлээчихсэн байдаг. Ийм байж болохгүй. Хуульд тов тодорхой заачихсан байгаа. Хууль зөрчсөн бол нэр дэвшигч өөрөө хариуцлага хүлээнэ гэж.
-СЕХ-ны шийдвэр гаргах хугацаа болчихсон уу?
-Шүүхийн шийдвэр гарснаас хойш сарын дотор шийдэх ёстой. Энэ хугацаа нь болчихлоо. Ойрын өдрүүдэд шийдвэрээ танилцуулах байлгүй. Ер нь 2012 оны сонгуулийн хуулийн гол зарчим бол хэн нь их санал авсан нь хамаагүй. Санал худалдаж аваад сонгогддогоо больё гэж байгаа юм. Үүнийгээ л мөрдөх ёстой.