Р.Бурмаа: Мажоритар систем нь нэг мандаттай байх санал оруулсан
Улс төрийн хүрээнийхэнд сонирхолтой сэдэв болох Сонгуулийн хууль, түүний тогтолцоог мажоритар, пропорциональ системийн харьцаа яг тэнцүү буюу 38:38 болгож өөрчлөх саналыгУИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс дуулгажээ.
Энэ талаар УИХ-ын зарим гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
Пропорциональ системийн хувь нэмэгдлээ гээд чанаргүй гишүүдтэй болно гэсэн үг биш.
-Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар би холимог системтэй, тэр дотроо мажоритар нь нэг мандаттай байх санал оруулсан. Бид хувилбарууд дээрээ ярилцана.
Ер нь пропорциональ системээр намууд нэр дэвшүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангасан хүнээ л сойдог. Сонгуульд оролцох тухайгаа СЕХ-нд мэдэгдэхдээ намууд жагсаалтаар нэр дэвшүүлж буй хүмүүсээ бас танилцуулдаг.
СЕХ тэднийг нь хянана, иргэд ч бас сонголт хийхдээ ямар хүмүүс жагсаасныг нь харж шийдвэр гаргадаг. Тиймээс пропорциональ системийн хувь нэмэгдлээ гээд чанаргүй гишүүдтэй болно гэсэн үг биш.