АН хурууны хээгээр ирц бүртгэхийг дэмжинэ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн хүрээнд ярилцаж, байр сууриа илэрхийлсэн байна.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас олны анхаарал татсан Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах хуулийн төслийн хүрээнд тодорхой байр суурь илэрхийлсэн юм.
АН-ын бүлэг Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах тухай МАН-ын бүлгээс гаргасан хүсэлтийг маргааш хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу гишүүдийг хурууны хээгээр бүртгэх нь хариуцлагын нэг хэлбэр, цаашлаад Байнгын хорооны хуралдаан илүү мэргэжлийн болох чиглэл рүү явах учраас дэмжихээ илэрхийллээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн хурууны хээгээр ирц бүртгэх, санал өгөх тухай асуудлыг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Хурууны хээгээр санал өгөх асуудал нь төсөв мөнгө шаардах учраас хэлэлцүүлгийн явцад саналаа нээлттэй хэлэлцэнэ гэж байлаа.
Түүнчлэн АН-ын бүлгийн хуралдаанаар, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдуулан Ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа ТББ-аас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж, ялсан тохиолдолд төрөөс тодорхой хувиар урамшуулах тухай заалтыг бодлогын баримт бичигт оруулахыг дэмжихгүй гэлээ.
Учир нь энэ заалт хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй учир тусдаа хуулиар зохицуулах нь зөв гэж үзсэн байна. Мөн хойч үедээ зарим ордыг нөөцлөн хадгалах тухай заалтыг дэмжсэнгүй. Учир нь "Урт нэртэй" хууль, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хуулиудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.