Ж.Энхбаяр: Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахад Монгол Улсын үнэлгээ 10 хувь өснө
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай Монгол Улсын өрийн талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Гэтэл олонхийн зүгээс “Өөрсдөө асуудал тавьчихаад завсарлага авч байгаа нь хариуцлага алхам” гэж үзэж байна. Та үүн дээр хэрхэн хандаж байна вэ?
-Бид асуудал тавьсан. Хоёр хоногийн хугацаатай завсарлага авсан нь хуулийн хүрээндээ багтаж байгаа гэдгийг хариуцлагатай хэлье. Уг нь олонхи дотроо дүгнэлтээ хийгээд хариуцлагаа тооцож чадвал Монгол Улсад хэрэгтэй юм. Ний нуугүй хэлэхэд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахад Монгол Улсын үнэлгээ 10 хувь өснө. Ханш 10 хувь сайжирна гэдгийг мэдэж байна. Юу үнэн гэвэл энэ. Энэ хүн ахиж тэнэгтэх тусам 10 хувийн уналтад орно. Р.Амаржаргал гишүүн өөрийгөө золиосолж асуудал тавилаа. Гэвч үл тоосон.
Сөрөг хүчин асуудал тавилаа, дахиад үл тоолоо. Тэгвэл дараагийн хувилбар нь олон түмний зүгээс асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, улс төр энэ заалнаас гарч эхэлнэ. Парламентын түвшинд асуудлыг шийдэж чадахаа болихоор олон нийтийн жагсаал, хөдөлгөөн өрнөөд явах байх. Харин энэ нь Монголыг бүр муухай харагдуулна. Жаахан горьдож байсан хөрөнгө оруулалт нь бүр талаар өнгөрнө. Тэгэхээр ийм зүйл рүү энэ нам өөрөө зүтгүүлээд байгаад харамсч байна.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ирцээ бүрдүүлж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Гэтэл АН-ынхан “Ц.Нямдорж гэдэг хүний саналаар УИХ тардаг юм биш” гэж байр сууриа илэрхийллээ. Үнэхээр парламент нь гүнзгий хямралд орчихоод байхад үйл ажиллагаа явуулах нь хэр зохимжтой юм бол?
-Яг үнэндээ Ц.Нямдорж гишүүний саналыг 100 хувь дэмжиж байгаа. Ийм цаг үед УИХ тарчих хэрэгтэй. Тараад ахин эмхлэн байгуулагдвал дэлхий ертөнц, олон түмэн ойлгох болов уу. Гэхдээ бид олон улс, бизнесийнхний итгэлийг алдсан. Үүнийг сэргээхэд хугацаа орно. 10 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр эдийн засаг нь хасаг жилийн хугацаанд 17,7 хувь өсдөг.
Жилдээ 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ордог, байшин барилга баригддаг ийм л орон болгосон. Гэтэл итгэл бий болоод ирсэн зүйлийг маш хурдан унагааж эхэлж байна. Үнэн хэрэгтээ сүйрүүлж, нураалаа. Энэ бол улс төрийн ашиг, хонжоо биш. Нийт монголчуудын алдагдал.
-Хуулиа батлаагүй байж гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүрдүүлэх ажлыг өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдаанаар зохион байгууллаа. Энэ нь хуулиа зөрчсөн ээлжит сануулга биз?
Манай намын санаачилга бол АН ирцээ бүрдүүлээч, ажлаа хийгээч.
-Манай намын санаачилга бол АН ирцээ бүрдүүлээч, ажлаа хийгээч. Улс орны нөхцөл байдал, ялангуяа санхүүгийн байдал хүндэрлээ гэдгээр эдийн засгийн салбар хариуцсан хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ дампуу байдал оруулж ирээд бужигнуулчихлаа. Энэ бол харамсалтай.
-Олонхи сайд нараа авч үлдэх шогтолт гэж хэлж болохоор зүйлийг хийж байна?
-Юу үнэн гэвэл олонхи сайд нараа огцруулна. Цөөнх огруулж чадахгүй. Олонхи УИХ-ын ирцийг бүрдүүлж, урагшилж ажлаа явуулна. Энэ манай асуудал биш. Бид үйл ажиллагаанд нь хяналт тавьж, асуудалд шүүмжлэлтэй өнцгөөс хандах үүргээ гүйцэтгэнэ. Тэгэхээр бид олонхид сэдэл өгч байгаа юм.
Ажлаа сайжруулаач, дотроо хариуцлагаа дүгнээч гэж байгаа юм. Ухаалаг байх асуудлыг яагаад гараад ирэв гэвэл нөгөө талд тэнэг асуудал үүсээд байна. Энэ тэнэг төрийн бодлогыг ухаалаг болгож залруулах асуудал байгаа юм. Миний хувьд энэ алдаагаа засаж, залруулаасай гэж хүсэж байна.
-Та Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахад Монгол Улсын үнэлгээ 10 хувь өснө гэлээ. Монгол Улсын гадаад өр, санхүүгийн байдал үнэхээр хүндрэлтэй байгаа гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Ардын нам бүх аймагт очиж, иргэдэдээ хүрч ажиллаа. Байдал үнэхээр хүнд байна. Ордонд суугаа эрх баригч, Ерөнхий сайдын ярьж байгаа шиг юмны үнэ өсөөгүй, амьдрал сайхан байгаа гэж хэлж болохгүй.
Олон түмний хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа асар их үнийн өсөлтөд орсон. Багаар бодоход 30-50 хувийн өсөлттэй байна. Цахилгаан, дулаан, байрны төлбөр нэмэгдсэнээс гадна өндөг тансаг хэрэглээ болтлоо ард түмний амьдрал хүрч байгаа. Ерөнхий сайд “Тансаг хэрэглээ болсон” гэж хэлсэн. Гэтэл өндөг хэрэглэх чадавхиа алдаж байна гэдэг нь юу гэсэн үг билээ.
Монгол Улсын нийт өр ДНБ-ий 180,7 хувьд хүрч байна. Өөрөөр хэлбэл, төр нь 31,4 их наяд төгрөг буюу 18,5 тэрбум ам.долларын өртэй байгаа юм. Үүнээс гадна томоохон аж ахуйн нэгж, аралжааны банк, мөн адил иргэд нь өртэй байна. Нийгмээрээ өрийн гүн ангал руу нисч эхэлж байна. Үнэ бодит байдлыг төр засгийн удирдлага нь гарахгүй байдалтай байгаа юм. Харин гадаад ертөнц үүнийг мэдээд Монголын зээлжих нөхцөл, өрсөлдөх чадавхийг унагаад байна.
Монголтой холбоотой хөрөнгө оруулалтын бүх хувьцаа 300-1000 хувь уналаа. Хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн Энержи Ресурс буюу Ухаа худагийн төсөл 11 ам.долларт хүрч байсан хувьцаа өнөөдөр үнэгүйдлээ. Монголчуудын үндэсний компаниас хамгийн том хөрөнгө оруулалт 1000 хувийн алдагдалд орж байна. Энэ бол бидний бодит байдал. Монгол төгрөг дэлхийд хамгийн хүчтэй суларсан гурван валютын нэг боллоо. Тиймээс бид дахин өрийн бодит байдлыг гаргаж тавина.
-Тэгвэл Монгол Улсын өр энэ Засгийн газрын хугацаанд хэдий хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг вэ?
-Монгол Улсын өр үндсэндээ хоёр жилийн дотор асар их нэмэгдсэн. Ялангуяа Засгийн газрын өр өссөн. 2012 онд МАН-ын Засгийн газар 1,9 тэрбум ам.долларын өрийг үлдээсэн. Түүн дотор 600 сая ам.доллар бэлэн байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын өр дөрвөн тэрбум 550 сая ам.доллар боллоо. Өөрөөр хэлбэл, өр 1,5 дахин нэмэгдлээ. Тэгээд өрийн удирдлагаа алдаж, хувийн хэвшил 13,1 тэрбум ам.долларын өртэй байна. Нэг үгээр хэлэхэд, арилжааны томоохон компани ийм хэмжээний өртэй байгаа гэсэн үг.
Харин Монгол Улсын нийт хуримтлал дөнгөж 5,7 их наяд төгрөг буюу ойролцоогоор гурван тэрбум ам.доллар хүрэхгүй хэмжээнд байна. Нөгөө талд Засгийн газрын өр 4,5, аж ахуйн нэгжийнх 13,1, Монголбанкны өр нь нэг тэрбум ам.доллар хүрчихлээ.
Харин иргэдийн өр нь 10 тэрбум байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид ярихгүй бол болохгүй. Монгол Улс эдийн засгаа өөрөө авч явж чадахгүй, өрнөөс өрний хороонд байна. Өр авахгүй бол амьдарч чадахгүй, зээл тавьж байж явдаг болоод байгаа. Энэ бол асуудал. Үүнийг МАН ганцаараа тавиад байгаа юм биш. Монгол Улс болохоо байлаа гэдгийг дэлхий нийт гаргалаа. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсад хөрөнгө оруулахаар дугаарладаг, олон тэрбум ам.долларыг татдаг байснаа яагаад ийм болов гэдэг нь асуудал.
Гаднаас худалдан авч байгаа байдлын зөрүү энэ жил хоёр тэрбум ам.доллараар давхаар болчихлоо. Энэ болгоны үндэс шалтгаанаас эдийн засгийн томоохон бодлогын алдаа гаргасан хөгжлийн сайд, төсвийг хэрэгжүүлж чадаагүй, татвар хураалтад алдаа гаргасан салбарын сайдад хариуцлагаг тооцохоор оруулж ирж байгаа нь энэ.
-АН-ын зүгээс эдийн засгийн шинэчлэлээ энэ дөрвөн жилд тултал нь явуулна гэж байна. Тэгэхээр өрийг улам нэмэгдүүлнэ гэсэн үг биз?
-Өөр яах юм бэ. Өр, зээл авах хэрэг. Ер нь эрээ, цээргүй аашилж байна. Бодит байдлыг харах хэрэгтэй. Эд нар зөвхөн засаг гэж хараад байна. Үүний цаана хувийн хэвшил, иргэдийн өрийн асуудал ямар хэмжээнд хүрээд байна гэдгийг ойлгохгүй байгаа юм. Засгийн газар гэдэг тусдаа асуудал биш. Ерөнхий үзүүлэлтээр алдагдалд ороод унаад эхэллээ. Гадна талаас манай улсыг муу, өрсөлдөх чадаргүй, эрсдэлтэй байна гэж дүгнээд байна. Гэтэл бидний байгаа царай нь өр, зээлээ нэмж, тултал нь хийнэ гэдгийг ойлгохгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.