Өндөг шиг эмзэг эдийн засагтай болгосон хоёр сайдыг огцруулах хэрэгтэй гэв
МАН-ын удирдлагууд мягмар гариг бүр "Ардын индэр" уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулдаг уламжлалтай.
Өчигдөр тус намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын тэргүүтэй намын удирдах албан тушаалтан, УИХ дахь намын бүлгийн гишүүд уулзалт зохион байгуулав. Энэ удаагийн уулзалт нь МАН-ын гишүүд орон нутагт ажилласан албан томилолтын хаалтын хуралдаан гэдгээрээ өмнөх хуралдаануудаас өөр байсан.
Уг намынхан 21 аймаг, 9 дүүрэгт ажилласан ажлын нэгдсэн тайланг Ж.Мөнхбат сонордуулсан бол М.Энхболд илтгэл тавьсан юм. Тусгаар тогтнолын ордныг ахмадууд дүүргэсэн байлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат эдийн засаг өндөг шиг эмзэг байгааг хэмээн гартаа атгасан өндгөө харуулж, монгол төгрөгийн ханш хэрхэн унасныг нэг ширхэг нэгтийн доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байгааг харуулав.
Өнөөдрийн байдлаар эрх баригчид их өрийн тал хувьтай тэнцэх буюу таван тэрбум ам.долларын "Чингэс" бонд хэмээх өрийг босгож 1.5 тэрбумыг нь ямар ч хяналтгүй зарцуулж байгаа нь ард олны санааг зовоож байна хэмээн Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа нь илтгэлээс нь мэдрэгдэж байсан юм. Ард иргэдийнхээ гомдол, санал, бухимдлыг мэдэрсэн Ардын нам асуудлыг ард түмний талд шийдүүлдэг болгохын төлөө эрчимтэй ажиллана хэмээн намын удирдлагууд мэдэгдэж байлаа.