Ж.Батсуурь: Хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа нь намд халтай
Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж бүлгийн гишүүдийн олонхи нь дэмжиж УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл энэ талаар Ж.Батсуурь гишүүнээс дараахь тодруулгыг авлаа.
-Ч.Улаан, Н.Батбаяр сайд нарын огцруулахаар УИХ-д өргөн бариад буй. Үнэхээр эдийн засаг энэ хоёрыг огцруулах хүртэл савлаад байна уу. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Ер нь хүнд байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын төсвийн орлого бүрэлдэхгүй байна. Төсөвт тодотгол хийгээд нэг хэсгийг нь хассан. Гэсэн хэдий ч зөвхөн урсгал зардлаа санхүүжүүлэх хэмжээнд маш их хүндрэл бэрхшээл дагуулж байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурчихсан.
Түүнчлэн цаашид өрийн удирдлагын тухай асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол өрийн дарамтад нь ч орж болзошгүй байна. 1.5 тэрбум төгрөгийн бонд тодорхой чиг үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ эргээд нөхөн төлөгдөх байдлаар тодорхой салбаруудад өгсөн нь алдаатай гэж үзэж байгаа. Эдийн засаг хүнд байгаа гэдэг нь маргахгүй гашуун үнэн юм. Тэгэхээр энэ салбарыг авч чадахгүй бол хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Хариуцсан салбарынхаа ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа нь намд халтай.
-Зөвхөн хоёр сайдыг огцруулах асуудал тавьж байгаа нь ямар учиртай юм бэ. Засгийн газартай нь хариуцлага тооцож болоогүй юм уу?
- Эдгээр сайдуудтай хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газарт бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох асуудал яригдах болно. Ч.Улаан, Н.Батбаяр хоёрт хариуцлага тооцох хэрэгтэй.