МАН-ын бүлэг ямар учраас завсарлага авав
УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх ажлыг хийх үеэр техникийн саатал гарсан нь маргаан дагуулсан юм.
Ялангуяа 10 эмэгтэй гишүүнийг 17 гэж таних, тийм гэхээр үгүй гэж бүртгэх гэх мэт олон зөрчил гарлаа. Тиймээс хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх асуудлыг хуулиар зохицуулсны дараа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа.
Дашрамд дурдахад, МАН-ын бүлэг завсарлага авсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж системийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсаны дараа хурууны хээгээр бүртгэх системийг ашиглах нь зүйтэй гэсэн саналыг гаргасныг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар мэдэгдсэн юм.
Хууль батлагдах хүртэл хуучин системээр явуулахаар болсон нь МАН-ын бүлгийн авсан завсарлага үндэслэлтэй байсныг харууллаа. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байв.
Завсарлага авсан талаараа МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийв. Энэхүү хэвлэлийн бага хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай парламентч Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар оролцлоо. Завсарлага авах болсон шалтгаанаа тайлбарласан гишүүдийн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
С.Бямбацогт: УИХ гишүүддээ ялгавартай хандаж байна
-Гишүүдийн хурууны хээгээр ирц бүрдүүлж эхлэх үед нэлээд алдаатай ажилласныг та бүхэн анзаарсан байх. Энэ тоног төхөөрөмжийг ашиглах хууль батлаагүй байхад асуудлыг хүчээр шийдэх гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байна гэсэн үг. Ер нь хууль зөрчих, хүч түрэх асуудал газар авсан. Хурууны хээгээр ирц бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд одоогоос жилийн өмнө УИХ-д өргөн барьсан.
Жилийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй мөртлөө Д.Эрдэнэбат, А.Бакей, Н.Батцэрэг нарын гишүүдийн гурван хоногийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцээд явж байгаа нь УИХ гишүүддээ ялгавартай, тэгш бус хандаж байгаагийн илэрхийлэл. Бид МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, эрх баригч намын гишүүд гурван байнгын хороонд харьяалагддагийг өөрчлүүлэх гэж удаан хугацаанд ярьж байгаа ч шийдэгдэхгүй байна.
Нэгдүгээрт, тоног төхөөрөмжөө шалгаж найдвартай ажилладаг болгох, хоёрдугаарт, хууль зөрчиж биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, гуравдугаарт, УИХ-ын гишүүдийг ялгаварлан гадуурхдаг биш эрх тэгш, эрх үүргээ биелүүлэх боломж бололцоогоор хангая гэдэг үүднээс бид завсарлага авсан. Ухаалаг төр рүү шилжих гэж байгаа бол парламент ойлголцож зөвшилцдөг байх ёстой.
Парламент бол зөвшилцлийн байгууллага. Харамсалтай нь тийм тогтолцоо нь үгүй болоод удаж байна. Эрх баригч хүчнийхэн Ардын намынхан төрийн ажлыг гацаадаг гэж хэлж магадгүй. Ийм байдлаар жил гаруйн хугацаанд эрх баригчид бусад руу буруугаа чихлээ. Бид төрийн ажлыг гацаагаагүй, бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжээд ажиллаж байгаа.