Д.Оюунхорол: Ялалт, Ялагдал бол мөнхийн зүйл биш
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.12.18

Д.Оюунхорол: Ялалт, Ялагдал бол мөнхийн зүйл биш

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Намынхаа XXVII их хурлын шийдвэрийг танилцуулж, орон нутагт ажиллаад ирлээ. Хөдөөд иргэдийн амьдрал хэр байгаагаас яриагаа эхэлье? 

-Бидний хэдэн гишүүн баруун таван аймагт ажиллаад ирлээ. Ард түмний амьдралын гүнд орж, амьдралын айзмыг нь бодитоор мэдэрч, танилцах цаашид юу хийх, шинэчлэлийн Засгийн газрын явуулж буй арга хэмжээ иргэдийн амьдралд яг хүрч чадаж байгаа эсэхтэй бодитоор танилцаад ирлээ гэж ойлгож болно. Хөдөө орон нутагт иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засаг сайнгүй байгаа гэдэг шалтгаанаар цалин тэтгэврээ нэмж чадаагүй.

Гэтэл хөдөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Долларын ханш өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, бензин шатахуун гээд бүгдийнх нь үнэ нэмэгдчихжээ. Ер нь жижиг гэлтгүй бүхий л бараа бүтээгдэхүүн нэмэгдэлтэй байна. Ингэж нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь хөдөөх иргэдийн амьжир гаанд шууд нөлөөлж байна.

Бид бас нэлээд хэдэн зах, худалдааны төвөөр орж, худалдаачидтай уулзахад, бараа бүтээгдэхүүн зарагдахгүй, борлогдохгүй байгаагаа л ярьж байна. Арга ч үгүй үнэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй шүү дээ. Энэ бүх байдлыг одоогийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Энэ байдалд тодорхой арга хэмжээ авч, үнэлэлт дүгнэлт хийж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Тиймээс Засгийн газар дүгнэлт хийж, эрх баригчдад хариуцлага тооцож өгөхийг иргэд хүсч, дайж байна. 

-Хөдөөд байдал ийм хүнд байхад даарин дээр давс гэгчээр орон нутгийн удирдлага сонгогдож чадахгүй, сонгогдсон нь ажил үүргээ явуулж чадахгүй эмх замбараагүй байдал үүсчихээд байгааг та хэрхэн харж байна вэ? 

-Энэ бол Монгол Улсад засаглалын хямрал бодитоор бий болсны жишээ. Нэг үгээр бол, манай улсад сонгуулийн ардчилал устаж байна л гэж ойлгогдохоор байна. Үүнийг иргэд ч ярьж байна. Захын аймагт очиход л нэг суманд ИТХ нь дахин сонгууль явуулахаар болсон тухай эсвэл сумын ИТХ дахиж нөхөн сонгууль хийхээр болсон тухай ярьж байна. Энэ мэтчилэн иргэдийн сонгох сонгогдох эрхэнд шууд халдсан үйлдлүүд удаа дараа гарч байна.

Тийм учраас Ардчилсан нийгмийнхээ хамгийн үнэ цэнэтэй зүйлээс бид чинь ер нь ухарч байгаа юм биш биз дээ гэсэн, итгэл алдарсан байдалтайгаар ард иргэд асуудалд хандаж байна. Нөгөө талаас АНынхан маань хуулийн засаглал бий болгож байгаагаа л ярьж байгаа. Гэтэл бодит амьдрал дээр энэ нь хэрэгжиж чадахгүй байна. Цаашлаад бид чинь ер нь хуульгүй амьдарч байгаа юм биш үү гэсэн эргэлзээ ч иргэдийн дунд их болчихжээ.

Тэгэхээр иргэдийн амьдрал, бодол бүрт бодитой дүгнэлт хийх цаг нь болсон байна. Нөгөө талаас төвлөрлийг сааруулах тухай маш их ярьдаг. Ер нь ч энэ асуудлыг сүүлийн хэдэн жил тасралтгүй ярьж байгаа. Орон нутгийг өргөжүүлж, эрх мэдлийг нь өгье гэж их ярьж байгаа боловч яг амьдрал дээрээ төрийн аппарат, төрийн алба нэлээд том болж данхайсан. Жишээлбэл, яамдын тоо харьцангуй нэмэгдсэн. 11 яамтай байсныг 19 болтол нь өсгөсөн. Агентлагийн тоо ч өссөн. 

-Газар дээр нь ажиллаад ирсэн гэдэг үүднээс асуухад орон нутагт эрх мэдэл төвлөрсөн байдал хэр анзаарагдав? 

аймаг, сумын засаг даргад ер нь л эрх мэдэл маш хомс болсон байна.

-Шинээр байгуулагдсан яам, агентлаг бүхэн босоо удирдлагын тогтолцоог орон нутагт бий болгосон байна. Тодруулбал, аймаг, сумын засаг даргад ер нь л эрх мэдэл маш хомс болсон байна. Тухайн орон нутгийн удирдлага өөрийн, аймаг, суманд үйл ажиллагаа явуулах төрийн захиргааны байгууллагынхаа удирдлагыг томилох эрхгүй, санхүү төсөв, хөрөнгийг нь хянах мэдэлгүй учраас тус тусдаа жижигхэн вант улсууд бий болчихсон байна. Эргээд энэ жижиг вант улсууд нь аймаг, орон нутагтаа захирагдахгүй байдал руу орсон байх жишээтэй.

Тэгэхээр энэ бүхнээс харахад бидний ам, ажлын нэгдэл зөрж байна. АН яриад байгаа шигээ үнэхээр л орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гэж байгаа бол шууд л шилжүүлэх шаардлагатай. Босоо удирдлагатай бүх байгууллагын удирдлагыг аймаг, сум орон нутгийн удирдлагууд нь томилж чаддаг болбол тэдэнд үүрэг өгдөг, шаардлага тавьдаг, хариуцлага тооцдог, шахаж хянаж чаддаг, урамшуулдаг тогтолцоог бий болгох боломж бүрдэх юм.

Нөгөө талаас хөдөө, орон нутаг нэлээд улстөржих хандлагатай болчихсон байна. Энэ бол дээрээсээ эхтэй л гэж харахаас аргагүй. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэгчлэн өнөөдөр бид УИХын сонгуулийнхаа үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар өдий хүрч байна шүү дээ. Сонгуулийнхаа дүнг хүлээн зөвшөөрөөгүй тэр цагаас эхлээд л бие биедээ үл итгэсэн, талцсан, хуваагдсан бужигнаантай байдал бий болсон.

Цаашлаад бүр манай танай нам, тэр, энэ гишүүнийг дэмжигч хүртлээ л хуваагдлаа. Энэ байдлыг бол эрх барьж байгаа нам ард түмнээ хувааж байна гэж харахаас өөр аргагүй. Яг үнэндээ манай улсад улстөрждөггүй салбар гэж байхаа больчихсон байна. Тиймээс цаашид улстөрийн соёлыг гажуудуулж, ардчилсан нийгмийн үнэт зүйлээ бүдгэрүүлж байгаа энэ эрээ цээргүй, хууль зөрчсөн, улс төрийн тогтворгүй байдлыг өөгшүүлж байгаагаа цэгцлэх шаардлагатай болжээ.

МАН энэ удаад цөөнх байгаа ч эл асуудлуудад дуу хоолой болж, сөрөг хүчний байр сууринаас идэвхтэй ажиллаач гэдгийг аймаг, орон нутагт явж байхад иргэд хэлж байна. 

-Засаг төвхнөөд багагүй хугацаа өнгөрсөн байхад орон нутаг одоо хэр бужигнаантай л байна. Ингэж бужигнасны горыг орон нутгийн иргэд л хамгийн бодитоор амсах байх л даа? 

-Хуулиа мөрдөж ажиллаж чадах гүй байгаагаас л ард түмнийг бужигнуулаад байна шүү дээ. Уг нь бол эрх барьж байгаа АН ярихдаа бид бол хуулийн засаглалыг л бий болгоод байна гээд байгаа. Гэтэл үнэндээ бид хуулийг хэрэгжүүлж чадахгүй л байгаа. Нөгөө талаас төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой. Гэтэл аль ч шатны төрийн алба улс төрөөс шууд хараат байснаараа үндсэндээ бүхлээрээ нурж унаж байна.

Энэ асуудлыг бид маш нухацтай ярилцаж байгаад төрийн албыг намын харьяалал, гишүүнчлэлээс гаргая, мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагч байлгах үүднээс меррит зарчмыг хэрэгжүүлье гэдэг байр суурийг барьсан. Тухайлбал, төрийн албан хаагч болохын тулд доороос нь авахуулаад бүх шат дамжлагаар нь явдаг байя. Энэ зарчмаар яваад мэдсэн, сурсан туршлагажсанаараа дээшээ ахидаг байя гэсэн зарчмыг баримталж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

Үүнийгээ ч бид хуульчилж чадсан. Гэтэл өнөөдөр төрийн албаны тогтолцоо маань яагаад нурж унахад хүрэв, төрийн алба яагаад ингэж суларч байна вэ гэвэл ганц л зүйлийг ярих учиртай. Бид боловсон хүчний бодлогодоо маш том алдаа хийсээр л байна. Энд ганц жишээ татахад л “Арван жилийн сургууль төгсөөгүй, жолооч хүн сумын Засаг даргын албыг хашиж байгааг та нөхөд юу гэж бодож байна вэ” гэж орон нутагт ажиллаж явахад нэг хүн биднээс асуусан. Бид энэ асуултад хариулж чадаагүй.

Тухайн томилгоог хийсэн, асуудлыг шийдсэн нам, эрх барьж байгаа нөхдүүд энэ асуултад хариулах ёстой. Яг энэ тохиолдолд хэрвээ хуулиа баримталдаг бол байх боломжгүй л зүйл.

-Төрийн алба данхайсан гэх шүүмжлэл засаг төвхнөхтэй зэрэгцээд л гарсан. Одоо ч яригдсаар л байна?

-Нөгөө талаас төрийн алба том данхгар болсон байна. Энэ албанд шинээр орж байгаа хүмүүс дандаа л танил тал, ар өврийн хаалгаар томилогдож байна. Энэ мэт мэргэшил, чадваргүй хүмүүсийн золиосонд улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал маань суларч байгаад иргэд маш их бухимдаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн алба суларна гэдэг бол төрийн мэргэшсэн албан хаагчид дутагдаж, оюуны хоосрол, цөлжилтөд орохын л нэр.

Тэр чадваргүй хүмүүсээс бид илүү ихийг, улс орныхоо төлөө хэрэгцээ, шаардлагатай зүйл хийхийг шаардах боломж байхгүй. Учир нь тэд өдөр хоногийг аргацаах, өнгөрөөх байдлаар л ажлыг явуулна. Тиймээс боломжтой бол энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай юм. Саяхан дэлхийн банкны судлаачид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд өгсөн үнэлгээ, судалгаанд ч гэсэн төрийн албан хаагчдын чадваргүй байдал улс эх орны эдийн засгийн асуудалд нөлөөлж байгааг харуулсан дүгнэлт гаргасан. Үүнийг манай эрх баригчид олж, харж танилцах ёстой гэж бодож байгаа.

Төрийн албыг өнөөдрийн байр байдлаас авч үзвэл СЕХ,ТАЗ, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аудитын газар, Шүүх, хууль, хяналтын байгууллагууд улс төрийн чиг хандлагаар асуудлыг шийдвэрлэж биелүүлэх гэж, үгсэн сүжирч, өмнөх он жилийн ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлээс ухарч байна гэж харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, төрийн данхар бүтэц, үрэлгэн зардлыг багасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх бодлого чиглэлээ баримталж чадахгүй байгаа нь харагдаж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн дээрээс нь томилдог томилгоо байгаа л юм чинь тухайн улстөрийн хүчиндээ зайлшгүй үйлчилдэг гаж тогтолцоо бол хэвээрээ л байна.

Тиймээс энэ байдлыг цэгцлэх шаардлагатай гэж манай намын бүлэг үзэж байгаа. Түүнчлэн энэ удаагийн сонгуульд АН олонхи болсон. За олонхи ч бас бүтэн болж чадаагүй л дээ. Ер нь энэ оны сонгуульд аль ч нам олонхи болж чадаагүй. Гэтэл олонхийн засаглал хүч түрж асуудлаа шийддэг болчихсон байгаа учраас ардчиллын тэр үнэт зүйлүүдээсээ ухарч байна. Нөгөөтэйгүүр эдийн засаг болон улс орны амьдралд нүүрлэж байгаа хямралууд бол буруу гарсан шийдвэрийн л үр дүн. Үүнээс болж бодитоор нүүрлэж байгаа зөрчил дутагдлаа залруулах шаардлагатай гэж бид харж байгаа.

Төрийн том бодлого алдагдаж, аар саархан зүйлээр хэтэрхий хөөцөлдөж байгаа тухай иргэд сонгогчид нэлээд бухимдангуй ярьж байна. Ерөнхий сайд л гэхэд түлээ нүүрсний үнэ буулгах ажил хийлээ л гэж байна. Олон түмний дунд бодитой ажил хийхээсээ илүүтэй мэдээллийн хэрэгслээр тархи угаах ажлыг ихээр хийх гэж оролдож байна шүү дээ. Олон түмэндээ үнэнээ хэлж, даацтай ажил хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний амьдралд бодитоор нөлөөлж, тусалж байгаа дэмжлэг хомс байна гэдгийг л иргэд яриад байна. Энэ шүүмжлэлүүдийг Засгийн газар хүлээж авах ёстой гэж би бодож байгаа. 

-МАН-ын бүлэг төсөв батлагдахаас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлага тавьсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Нэгэнт төсөв хэлэлцээд дууссан энэ үед мөнгөн тэтгэмж нэмэхээс өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зохилтой юм бэ? 

2014 оны төсөв иргэдийн шүүмжлэлээс ялгагдах юмгүй болсон.

-2014 оны төсөв иргэдийн шүүмжлэлээс ялгагдах юмгүй болсон. Хүнд наалдах юм багатай төсөв болсон шүү дээ. Эдийн засаг хямарч, инфляц өсч, иргэдийн амьдралд нөлөөлж байгаа энэ цаг үед цалин, тэтгэврийг нэмэх асуудал ус, агаар шиг хэрэгтэй байгаа тухай сонгогчид ярьж байна. Өмнө нь цалин, тэтгэврийг тодорхой үе шаттайгаар нэмж байсан. Гэтэл энэ хоёр жилийн хугацаанд нэг ч төгрөгөөр нэмж чадсангүй шүү дээ.

Тийм учраас орлогоо хаанаас олохыг бид хэлж байсан боловч эрх баригчид төдийлөн авч хэлэлцээгүй. Манай намын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэхдээ үүнийг тийм бодитойгоор хэрэгжүүлэх ажлыг хийж чадаагүй. Долларын ханш улам өсч, төгрөгийн ханш унаад байгааг ч бид удаа дараа хэлж л байсан.

Гэвч ямар бодитой арга хэмжээ авч, яаж эдийн засгийн хүнд нөхцөлөөс гарах вэ гэдэг төлөвлөгөө, бодлого, чиглэлийг ч бас тодорхой гаргаж ирж, ярьж танилцуулж чадахгүй байна. Энэ мэт ажлыг хийхгүй байгаагаас иргэдийн амьдралд хямрал үүсч байна. Өрх, гэр бүлийн амьдрал хүнд байгаа нь хөдөө орон нутагт явахад маш тодорхой харагдаж байна. 

-Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрт багагүй мөнгө зарцуулсан. Энэ ажил иргэдэд хэр хүрээ бол? 

-Монгол Улсын Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр гурван их наяд төгрөгийг зориулсан. Гэвч харамсалтай нь энэ ажил бидний амьдралд ямар ч байдлаар нөлөөлж чадсангүй гэдгийг иргэд хэлж байна. Тэгэхээр энэ их мөнгийг яг юунд яаж зарсан, үр дүн нь юу болсон бэ гэдэг асуудалд манай намын бүлэг тодорхой байдлаар анхаарал хандуулж, ажиллана.

АН-ынхан ярьдаг л даа. Ард иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургалаа, өнгөрсөн жилүүдэд 21 мянган төгрөгийг олгож байсан нь буруу л гээд байдаг. Гэтэл үнэндээ энэ мөнгөөр амьдралаа залгуулж байсан олон айл бий шүү. Тэгээд ч энэ мөнгөн тэтгэмжийг зөв байсан гэж үзэж байгаа хэсэг бүлэг ч бий.

Жишээлбэл, 40-өөс дээш насны орлогогүй, амьдралаа зөвхөн өөрсдөө авч явдаг хүмүүс маань 21 мянган төгрөгөө аваад тухайн сарынхаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулаад амьдарч байсан. Өөрөөр хэлбэл, гурил будаагаа авахын тулд хүнээс өр, зээл тавьж байгаагүй юм байна. Гэлээ гээд бид энэ мөнгийг хавтгайруулж олгохыг шаардаагүй. 

-21 мянган төгрөгийг зорилтот бүлэгт өгдөг байх тухай яригдсан. Энэ асуудал юу болсон бэ? 

-МАН-ын бүлгийн хэсэг гишүүд хүний хөгжил сангийн мөнгөнд өөрчлөлт оруулаад 21 мянган төгрөгийг зорилтот бүлэгт нь олгооч гэдэг хуулийн төсөл өргөн барьсан ч батлуулж чадаагүй байна. Ер нь бол ингэж нийгмийн халамжийн бодлогоор ажил, орлогогүй иргэдээ дэмжиж, ядуу зүдүү байдлаас нь гаргах, ер нь амжиргаагаа аваад явахад нь мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахад төр оролцох шаардлагатай болсон байна л гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ хуулийг батлан гаргах нэн шаардлага байгаа.

Мэдээж нийг мийн ямар нэг халамжийг хавтгайруулж олгох шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Зөвхөн яг ажил, орлогогүй, өрх толгойлсон эмэгтэй, нийгмийн тулгамдсан хэсэгт л энэ мөнгийг олгоё. Эзнийг нь олоод энэ мөнгийг өгөөч гэж хүсч байгаа. Энэ асуудалд анхаарал хандуулж, нийгмийн эмзэг хэсэгт халамж хүртээх нь төрийн үүрэг гэж бид үзэж байна. Энэ мэт асуудалд эрх баригчдын анхаарлыг хандуулахын төлөө бид цаашид ажиллана. 

-Ерөнхийлөгч саяхан гишүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн жил сайд нарыг нээлттэй хүлээн авч, багагүй банга хүртээж байсан. Энэ жил хаалттай хаалганы цаана уур амьсгал ямархуу байсныг сонирхож байгаа хүн олон байх шиг байна? 

-Монгол Улсын Ерөнхиийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзалт хийсэн. Ингэхдээ том төрөөс ухаалаг төр лүү явахад бид ер нь юунд, хэрхэн анхаарал хандуулах вэ, ямар бэрхшээл байна, ямар асуудлыг засч залруулах вэ гээд олон асуудлаар санал бодлоо солилцсон. Үүнийг зөв, зүйтэй арга хэмжээ болсон гэж бодож байгаа. Нээлттэй, хаалттай болсон асуудлыг бол сайн мэдэхгүй байна.

Цаашдаа монголын төрийг авч явахад бидний болж байгаа зүйл нь юу вэ, болохгүй байгаа нь бас юу вэ гэдэгт анхаарлаа хандуулсан уулзалт болсон доо. Эдгээр ярьсан ажлуудыг бид дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Үнэхээр Монгол Улсын Засгийн газрын гишүүд нь хариуцлагагүй, ажиллаж байгаа бол УИХ нь олонхи нь хариуцлагаа тооцож чаддаг байх ёстой. 

-Өчигдөр /уржигдар/ танай намын гишүүд бизнес эрхлэгчдийг хүлээж авч уулзлаа. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” илтгэлд ч мөн бизнес эрхлэгчдийн талаар дурдсан. Гэхдээ ерөнхийлөгч бол илтгэлээрээ энэ нийгмийн хамгийн дарлагдсан ард түмэн бол бизнес эрхлэгчид гэж тодорхойлсон. Гэтэл ингэж дарлагдаж, зовсон ард түмэн рүүгээ чиглэсэн ажлыг өнөөгийн Засгийн газар хэр хийж байна вэ. Тэд хэсэгт анхаарал хандуулж чадаж байна уу? 

-Том төрөөс ухаалаг төр лүү нэртэй үндэсний зөвлөлдөх уул залтын хүрээнд яридсан нэг гол асуудал нь бизнес эрхлэгчид. Өнөөдөр монголд бизнесийн орчин муудаж байна. Тэр тусмаа бизнес эрхлэгчдийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж бай на.

Энэ бол буруу, цаашдаа үүнийг бид засч залруулах ёстой гэдэг талаар шийдвэр гаргагчдад хандсан, зоригтой алхмуудыг хийх, зоригтой олон хуулиудыг өөрчлөх асуудлуудыг голчлон ярьсан. Өмчийн эрхийн болон гэрээний эрх зүйн тухай хуулийг гаргая, хүний эрхтэй холбоотой олон хууль дээр анхааръя гэж ярьсан. Ярина гэдэг бол хийхийн эхлэл. Эдгээр яригдсан асуудал цаашдаа ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаа. 

-Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж байгааг та хэрхэн харж байгаа вэ. Хэдийгээр гишүүнээсээ татгалзаж байгаа анхны тохиолдол биш ч хамгийн сүүлд намаасаа татгалзсан С.Арвин гишүүний асуудал маш хурдан шийдэгдсэн шүү дээ? 

-УИХ-ын чуулганаар Р.Амаржаргал гишүүний асуудыг хэлэлцэхээр энэ долоо хоногт орж ирж байна. Олон улсын хүний эрхийн өдөр болж өнгөрлөө. Тийм учраас иргэн хүн өөрөө иргэнийхээ хувьд УИХ-д саналаа тавьсан байна. Би олонхийн нэрийн өмнөөс хариуцлага үүрье гэж маш тодорхой санал тавьсан. Хувь хүнийх нь хувьд би Р.Амаржаргал гишүүнийг Монголын төрд байх ёстой, чадвар, мэд лэгтэй, боловсролтой, тулхтай төрийн түшээ гэж үздэг.

Гэхдээ өөрөө ийм өргөдөл өгөөд гарна гэж байгаад харамсч байгаа. С.Арвин гишүүн бол МАН-ын нэрээр дэвшээд МАНын дэмжигч, сонгогчдын саналыг үнэгүйдүүлсэн хүн. Гэхдээ эндээс нэг зүйлийг хэлэхэд улстөрд байгаа энэ их урвалтууд монголын ард түмний итгэл үнэмшил, үнэт зүйлийг нулимчихаж байгаа юм л даа. Тийм учраас монголын ард түмний төрд итгэх итгэл, улстөрчдийн энэ их ёс зүйгүй байгаа байдал ард түмэнд огт таалагдахгүй байгаа шүү дээ.

Тиймээс энэ асуудалд бас л бодитой дүгнэлт хийж харах цаг нь болсон. Миний хувьд АН-тай олон жил хамтарч ажиллаж байна. Энэ намд дадлага туршлагатай олон гишүүн бий. Гэхдээ энэ намынхан маань олонхи болчихоороо, нөхцөл байдлаа өөрчилж байна. Асуудалд их өөр өнцгөөс ханддаг юм байна. Урьд ярьж хэлж байсан зүйлээсээ их өөр арга туршлагаар ажиллаж байна. Нэг үгээр бол, дотоод ардчиллынхаа үнэт зүйлүүдээс ухарч байна.

Асуудалд олонхоороо түрэмгийлж хандаж байна. Гэхдээ ялалт, ялагдал гэдэг бол мөнхийн зүйл биш. Үүнд эцсийн зогсоол гэж байхгүй. Нөгөө талаас МАН энэ удаад ялагдсан ч хэн нь зөв ярьж, хийж хэн нь буруу ярьж, буруу харж байгааг монголын ард түмэн олж харах өдөр ирнэ л гэж бодож байгаа. Алдаа оноогоо дүгнэж цэгнээд асуудалд илүү бодитой хандах боломжийг бидэнд олгосон гэж харж байгаа. Ялагдал маань ялалт болох өдөр ирнэ л гэж бодож байна. 

-Таныг эмэгтэйчүүдийн холбооныхоо ажлыг өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ? 

-Энэ мэдээллийг ямар хүн явуулж байгааг гадарлаж л байна. Энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харлаа. Цаг нь болохоор хариултыг өгье дөө. Нэр хүнд, албан тушаалыг зарим хүн эрх ямба гэж ойлгоод өөртөө ашигтайгаар ашиглах тухай бодоод байх шиг байна. Би бол тэгж боддоггүй. Олон эмэгтэй өөрсдийнхөө өмнөөс дуу хоолой минь болж ажиллаач гэж итгэл хүлээлгэсэн учраас эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах гэж зүтгэж л явна. 

-Намын XXVII их хурлын үеэр намын дүрэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар багагүй ажил хийсэн санагдаж байна? 

-МАН-аас нэр дэвших, сонгогдох, томилогдох, албан тушаалуудад 25 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заал тыг намын дүрэмд оруулж өгсөн. Энэ бол хэн нэгнийг аль нэгэн суудалд томилуулахаасаа илүү тэй эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ асуудлыг илүү олж харж шийдвэрлүүлэх оролцоог нэмэгд үүл сэн заалт юм. Улс төрийн бүх шатны сонгуульд эмэгтэйчүүд маш идэвхтэй оролцдог. Сонгуулийн дүн гарсны дараа сум, аймаг, орон нутгийн төвшинд болон Засгийн газрын төвшинд нийтдээ 3000 гаруй улс төрийн албан тушаалд хуваарилж томилдог.

Гэтэл шийдвэр гаргах төвшинд дандаа эрчүүд сууж, зөвхөн гүйцэтгэх ажилд л эмэгтэйчүүд томилогдох нь элбэг байдаг. Тиймээс энэ байдлыг халж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ заалтыг албан ёсоор оруулж батлуулсан. Манай намын дүрмийн энэ заалтыг бусад улстөрийн намууд ч гэсэн хэрэгжүүлэх байх гэж найдаж байна.