М.Энхсайханы ажлаа өгсөн шалтгааныг намын хурлаар ярилцана
«Шударга ёс» эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг
2013.02.05

М.Энхсайханы ажлаа өгсөн шалтгааныг намын хурлаар ярилцана

УИХ дахь «Шударга ёс» эвслийн бүлэг уламжлал ёсоор эвслийн дэмжлэгтэйгээр Засгийн газарт орж ажиллаж буй сайд, дэд сайдуудын мэдээллийг сонсдог.

Үүний дагуу тус бүлгийн хуралдаанаар БОНХ-ын дэд сайд Б.Тулга салбарынхаа талаар мэдээлэл хийжээ. Бүлгийн дарга Н.Батцэрэг «Сүүлийн жилүүдэд ногоон хөгжил гэж ярьж байгаа ч эдийн засаг улам түрэгдэж буй энэ үед тус яам нь байгаль орчин, ой, усны засаглалыг хэрэгжүүлэх цаг болсон байна» гэв.

Түүнээс МҮАН-ын ээлжит хуралдаан хэзээ болох талаар тодрууллаа.

-МҮАН засгаас гарна гэх яриа байна. Ер нь МҮАН-ынхан хэзээ хуралдах вэ?

-Би ОХУ-д томилолтоор яваад ирсэн. Одоохондоо намынхаа зарим хүмүүстэй уулзаж амжаагүй байна. Намынхантайгаа уулзаж байж хурлын товыг тогтоно, намын дарга нар төлөвлөж байгаа байх.

Манай нам жил бүрийн цагаан сарын дараа хуралдаж, жилийнхээ ажлын талаар ярьдаг. Гэхдээ цагаан сараас өмнө манай намын бүгд хурал болох байх. 

-Тэгвэл засгаас гарах талаар хурлаараа ярих уу?
Намын Бүгд хурлаас өмнө удирдах зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлаа тохирно.

Ер нь М.Энхсайхан гэдэг хүнийг бид ажилд оруулаагүй. М.Энхсайхан МҮАН-ын дарга, шинэчлэлийн Засгийн газарт орсон намын удирдлагын хувьд нам хоорондын харилцааны явцад тодорхой албан тушаалд томилогдсон.

Түүнээс биш ажилд орчихоод гомдоллоод байгаа юм биш. Үүнд улстөрийн харилцаа явагдаж байгаа. Мэдээж, Бүгд хурал дээр энэ талаар яригдах байх.