2013 онд Хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг өсөлттэй байна
Монгол банкнаас дэвшүүлсэн инфляцийг нэг оронтой тоонд барих бодлогын арга хэмжээ үр дүнтэй байгааг тоон үзүүлэлтүүд илтгэж байна.
Оны эцэст инфляци ямар түвшинд байх нь эдийн засгийн өсөлтөөс шууд хамаарна. Өнгөрсөн онд хоёр оронтой тоогоор өссөн эдийн засаг энэ онд хадгалагдах уу гэдэг нь цаашдын бодлогын арга хэмжээтэй холбоотой гэдгийг статистикчид хэлж байна.
Манай улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 12.4 хувь байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 7.1 хувьд хүрч буурснаар эдийн засагчдын өөдрөг төсөөлөл алга болсон. Харин хоёрдугаар улирлын байдлаар 11.3 хувь болж эргэн өсч чадсан байна.
2013 онд эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбар авчирна гэсэн төсөөлөл байсан ч хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүллээ. Эхний хагас жилийн байдлаар аж үйлдвэрийн салбар 10.8 хувиар өссөн бол хөдөө аж ахуйн салбар үүнээс хоёр дахин илүү буюу 20.6 хувиар өссөн нь түүхэн өндөр үзүүлэлтийн нэг юм.
Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од:
Үнийн өсөлт гэдэг нь худалдан авах чадвар бууруулж бодит орлогод нөлөөлдөг. Монгол банк төрийн мөнгөний бодлогыг зангиддаг учир огцом өөрчлөлттэй байгаа валютын ханшийн зах зээлд нухацтай хандах хэрэгтэй. Манай улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувьтай 2012 онд 12.4 хувийн өсөлттэй байсан нд дэлхийд өндөр тооцогдох өсөлт. Үүнийг хэвээр хадгалахын тулд эдийн засгийн салбарын бүтэц, бүх төрлийн бодлого зэргийг хянах хэрэгтэй.
Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалсанаар хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлого бодитой байх юм. Төрийн бодлого ямар ч үед хүн амын амьжиргааг дээшлүүлэх зорилготой байдаг.
Хөдөө аж ахуйн салбарын өсөлт өндөр байх нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байж инфляци буурах боломжтой. Гэвч уул уурхайн салбар идэвхжихгүйгээр манай эдийн засаг царцанги хэвээр байсаар байна.