Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.
2013.06.03

“Сум хөгжүүлэх сан”-гаас 72 тэрбум төгрөгийн зээл олгов

Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас өнөөдөр “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан болон албаны хүмүүс оролцож өнгөрсөн хугацаанд тус сангийн зээл олголт, эргэн төлөлт, зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор  зээл олгодог “Сум хөгжүүлэх сан”-д 2013 онд 2011 оны зээлийн эргэн төлөлтөөс 2,1 тэрбум, 2012 оны санхүүжилтээс 20,8  тэрбум төгрөг, 2013 оны санхүүжилт 24,0 тэрбум төгрөг нийт 46,8 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрсөнөөс 4599 төслийг сонгон шалгаруулж, 22.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Үүний үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болж, 4387 ажлын байр хадгалагдсан байна. “Сум хөгжүүлэх сан”-гийн 2013 оны зээл олголт 48,7% байгаа нь хоёрдугаар улирал гэхэд зээл олголт дуусахаар байгааг харуулж байгаа аж.

Үүний үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болж, 4387 ажлын байр хадгалагдсан байна.

Түүнчлэн зарим сумдад явуулсан хяналт шалгалтын ажлаар 2012-2013 онд “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн хэрэгжилттэй танилцаж, сумдын төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүн, төсөл сонгон шалгаруулсан байдалтай танилцаж үзээд “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэх, уг зээлийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсаны дагуу Хөдөлмөрийн сайд, Авилгатай Тэмцэх Газрын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна.

Мөн “Сум хөгжүүлэх сан”-гийн зээл нь орон нутагт хэрэгтэй, эрэлт ихтэй боловч, иргэдэд зээлийн мэдээлэл хүрдэггүй, сонгон шалгаруулалт шударга бус явагдаж байгаа тухай гомдол 1111 төвд ирсээр байгаа бөгөөд сумын Засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хуулийн дагуу байгуулагдахгүй, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, сумын хөгжлийн бодлого, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх нь тодорхойгүй, сумын ИТХ-аас Хяналтын зөвлөл байгуулан зээлийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой боловч, ИТХ-ийн төлөөлөгчид нь Төсөл сонгон шалгаруулах зөвлөлд “иргэний төлөөлөл” болон ордог гэх зэрэг зөрчил дутагдлууд хяналт шалгалтын үед илэрчээ.