О.Чулуунбат: Засгийн газар хэтэрхий жижиг зүйлээр оролддог
Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат
2013.08.19

О.Чулуунбат: Засгийн газар хэтэрхий жижиг зүйлээр оролддог

Өнгөрөгч долоо хоног улс орны эдийн засагт таагүй болсон мэдээллээр эрх баригч болон  сөрөг хүчний намын гишүүд хоорондоо маргалдаж, бурууг хэнээс хайх, ямар шалтгаанаас ийм нөхцөл байдал үүссэн талаарх асуудалд анхаарал хандууллаа.

Тиймээс нийгэм, улс төрийн амьдралд өнгөрсөн онцлох содон үйл явдал, долоо хоногт хэн гэгч эрхэм ямар асуудлаар олны чихийг сортойлгосон мэдээлэл хийснийг тоймлон хүргэдэг “Долоо хоногийн топ мэдэгдэл”-ийнхээ эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбатын “Засгийн газар улам доошоо ороод байна” гэх мэдэгдлийг онцолж байна.

Тэрбээр, Чингис бондын үр ашиг их байгаа ч ажил нь урагш ахихдаа муу байгаа талаар онцлон ярьжээ. Мөн өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн таагүй уур амьсгалын дан ганц одоогийн засгийн газар, шинэхэн яам болох Эдийн засаг хөгжлийн яамны буруу мэтээр ойлгож байгаа нь буруу гэдгийг тайлбарлаж, Засгийн газар ямар замаар ажиллаж байгааг товч тодорхой хэлсэн нь улстөрчид, эдийн засагчдын анхаарлыг багагүй татсан юм.

ДНБ-ын өсөлтийн таамаглал

Дэд сайд хэлэхдээ, “Манай эдийн засагт сүүлийн 20 жил ажиглагдсан нэг дутагдал бол Засгийн газар хэтэрхий микро төвшинд, жижиглэнгийн асуудалд оролцоод, доошоо орно гэдэг шиг л юм болоод байгаа юм. Засгийн газар бол макро төвшний бодлого стратегийг тодорхойлдог, микро төвшинд ажиллах хүмүүсийн таатай орчинг бүрдүүлэх, зохицуулах үүрэгтэй.

Гэтэл манай Засгийн газар нүүрс ухаж, тээвэрлэлт хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалт аль эртнээс л буурсан. Манайд гадаадын хөрөнгө оруулалт нь ганцхан уул уурхайн салбарт л хийгдэж байсан. Барилга, ноос, ноолуур, мах сүү, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт байхгүй шахуу.

Гэтэл бид уул уурхайн орчноо жил ирэх тусам л муутгасаар ирлээ. Үүнийгээ л эргэж харахгүй бол болохгүй нь ээ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид хэлээд дийлэхгүй бүр залхаад гараад явчихлаа шүү дээ” хэмээгээд энэ бүх шалтгаан эдийн засгийн таагүй нөхцөл байдлыг бий болгоход нөлөөлсөн гэдгийг ч тэрбээр хэллээ.