Г.Шийлэгдамба: Манай нам хамтарсан засгаас гарахгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.07.22

Г.Шийлэгдамба: Манай нам хамтарсан засгаас гарахгүй

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа сайд нар болон УИХ-ын дэд даргаа эргүүлэн татахаар болжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Энэ мэдээлэл хэр бодитой эсэхийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-Танай намын Гүй­цэтгэх товчоо наадмын өмнө хуралдсан гэсэн. Ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Үндэсний их баяр наадмын өмнө манай намын Гүйцэтгэх товчоо албан бусаар хуралдсан. Бид цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, Н.Энхбаяр даргын биеийн байдлын талаар авч хэлэлцсэн.

-Хамтарсан Засгийн газраас танай намыг гарна гэсэн яриа байна. Энэ тухай Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн юм уу?

-Энэ талаар яриагүй. Гүйцэтгэх товчооны хурлын үеэр зарим гишүүнээс Засгийн газраас гарах тухай яриа байсхийгээд гардаг ч энэ нь төдийлэн дэмжлэг авдаггүй. Энэ удаа ч гэсэн ганц нэг гишүүнээс иймэрхүү яриа гарсан нь үнэн. Гэхдээ бид хамтарсан Засгийн газраас гарахгүй.

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо албан ёсоор хэзээ хуралдах вэ?

-Одоогоор хурлын тов гараагүй байна.