Г.Шийлэгдамба: Хэн нэгнийг огцруулах асуудлыг хоёр хүн яриад шийдчихдэг юм биш
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.07.22

Г.Шийлэгдамба: Хэн нэгнийг огцруулах асуудлыг хоёр хүн яриад шийдчихдэг юм биш

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Өнгөрсөн лхагва гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн. Ямар шалтгаанаар гэдэг нь одоо ч тодорхойгүй байна. Танд мэдэж байгаа зүйл бий юу?

-Н.Энхбаяр даргын гэрт нэгжлэг хийх тусгай үйл ажиллагаа явагдсан. Энэ тухай хууль хяналтын байгууллагынхан нь албан ёсоор тайлбараа хийх ёстой байх. Бид хөндлөнгөөс дүгнэлт өгөх боломжгүй. Нэгэнт болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон таамаг гарч байна.

Үүнд болгоомжтой хандаж, үйл явдлын талаар бодитой, үнэн зөв мэдээллийг нийгэмд хүргэх нь чухал. Тэгэхгүй бол ард иргэдийн дунд эргэлзээ төрөх магадлал өндөр. Нөгөөтэйгүүр намын даргын ар гэрийнхнийх нь сэтгэл санааны асуудал яригдана.

Гэрт нь хийсэн гэнэтийн нэгжлэг өндөр настай аав ээж, төрөөд удаагүй бэр, гэргийд нь ямар нөлөө үзүүлэх үү. Дээр нь Н.Энхбаяр даргын биеийн байдал нь тааруухан байгаа. Энэ үед хуулийн байгууллагын асуудал давхцаж байгаа нь хүнд байна.

-Та намынхаа даргатай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Биеийн байдал нь ямар байна?

-Өдөр бүр уулзаж байгаа. Биеийн байдал нь хүнд. Гэхдээ намынх нь гишүүд хүний өмнөөс биеийн байдал нь ийм байна, тийм байна гэж ярих хэрэггүй. Саяхан эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл хийсэн.

Түүнээс өмнө эмч нарын дүгнэлт ч гарсан байдаг. Үүнийх нь дагуу Н.Энхбаяр дарга хуулийн хүрээнд ялаас чөлөөлөгдөж, яаралтай эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.

Мөн Н.Энхбаяр даргатай холбоотой аливаа асуудлыг улс төржүүлэх эргэн тойронд нь болж байгаа асуудлыг хэтэрхий дэвэргэж нийгэмд буруу ойлголт өгөх нь яавч ач холбогдолгүй гэж бодож байна.

-Гэрт нь нэгжлэг хийсэн тухай мэдээллийг дуулгасан уу. Хэрхэн хүлээн авч байна вэ?

-Энэ талаар өөрт нь хэлсэн. Хувь хүнийхээ хувьд эмзэглэж, сэтгэл санаа нь зовниж, ар гэрийнхэндээ санаа нь зовж байна билээ. Тэр хүн чинь бусдын л адил айл гэрийн өрхийн тэргүүн учраас санаа нь зоволгүй яахав.                                                                                   

-АН, МАХН-ын хийсэн тохироогоор экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг наадмын өмнө суллахаар тохирсон ч, эрх баригчид амласнаа биелүүлээгүй гээд байх юм. Тийм зүйл үнэхээр байсан юм уу?

-Дахин хэлье.Н.Энхбаяр дарга хугацаанаасаа өмнө суллагдах асуудал нь цэвэр өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой. Энэ дагуу л асуудал яригдаж байна. Ойрын үед тодорхой шийдвэр гарах байх. Өөр улс төрийн асуудлаар үүнийг хөндөн тавих нь албаны бус эх сурвалжаас авсан мэдээлэл гэж ойлгож болно.

-МАХН дотроо хагаралдаж эхлэв үү дээ. Учир нь саяхан намын Мянгатын дарга Ч.Азар мэдээлэл хийж дэд дарга Д.Тэрбишдагва та хоёрт хариуцлага тооцох ёстой гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-МАХН дотроо хагарч бутраад байгаа зүйлгүй. Харин Сонгинохайрхан дүүрэг дээр асуудал бий. Араас нь зохион байгуулалттайгаар тодорхой нэр бүхий хүмүүс энэ бүх үйл ажиллагааг хийж байгаа гэдгийг хангалттай баримтаар мэдэж байна. Ийм ч утгаар холбогдох зарим хүмүүсээ бид намаас хөөх хүртэл арга хэмжээ авна.

Ер нь аль ч намд байгаа урвагч нарыг өөрсдийн эгнээнээсээ зайлуулж байх хэрэгтэй. Дараа дараагийн удаад ийм асуудал гаргасан хүмүүстээ бид хатуу хариуцлага тооцно.

Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба гэдэг хувь хүнийхээ зүгээс хариуцлага хүлээхээс зайлсхийх асуудал огт байхгүй. Гэхдээ энэ намын эв нэгдэл цаашдын оршин тогтнох үйл ажиллагаанд саад тотгор учруулж байгаа болон гадны нөлөөнд орж байгаа нөхдөд хатуу арга хэмжээ авна.

Цаашдаа ч энэ зарчмаа хатуу барьж ажиллана. Түүнчлэн хэн нэгэн хүнийг огцруулах тухай асуудлыг хоёр хүн яриад шийдчихэж болдоггүй юм. Ер нь манай намын эв нэгдлийг бусниулах гэсэн бусад нам, улстөрчдийн зохион байгуулалттай арга хэмжээ.

Ядаж байхад тэр бүхэн нь үргэлж манай намын нэр дээр хаяглагддаг. Энэ тухай бүх мэдээлэл нь бидэнд байдаг. Харин бусад намууд маань ийм муу аргаар МАХН-ын улс төрийн үйл ажиллагаанд саад учруулах гэж хүмүүсийг нь худалдаж авдаг, явцуу жижигхэн эрх ашгаар нь тоглож өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгох гэдэг явуургүй үйлдлээсээ салах цаг нь болсон.

-Ч.Азар хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн намыгаа байгууллагынхаа эв нэгдлийг хангахын тулд танд хандаж албан бичиг өгөхөд урдаас нь ураад шидчихсэн гэж байсан?

-Асуудалд албан ёсоор хандах ёстой. Явган хэрүүл,эмх цэгцгүй, ёс суртахуунгүй байдлаар намын үйл ажиллагаанд оролцохыг хэзээ ч хүлээж авахгүй. Ер нь бол ажил хийж байгаа хүмүүс рүүгээ дандаа дайрч давшилж, шүүмжилдэг.

Өөрсдөө болохоор өчүүхэн төдий ч намынхаа төлөө ажиллаж чаддаггүй. Бүр хараа ч үгүй. Зөвхөн албан тушаал, мөнгө санхүүгийн ашиг сонирхлоор манай ажилд хандах асуудлыг бид таслан зогсоосоор ирсэн. Цаашдаа ч зогсооно. Үнэхээр манай намын хувьд хүнд хэцүү зүйлүүд бий.

Намын дарга нь ийм байдалтай байна. Хөрөнгө мөнгө, албан тушаалтныхаа үзүүлэлтээр манай нам бусад хоёр улс төрийн хүчнийхээ дэргэд тэнгэр газар шиг зөрүүтэй.

Гэтэл аливаа нам гэдэг чинь цаанаа үзэл бодлоороо нэгдмэл хүмүүсийн нэгдлээр бэхжиж байдаг. Үзэл бодол баримтлалаараа улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Нам гэдэг компани биш гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс нам гэхээр компани, мөнгө олдог арга хэрэгсэл гэж ойлгож байна.

Нөгөө хэсэг нь албан тушаалд хүрэх арга зам гэж ойлгож байна. Бусад нь өөр бусад намуудаас ашиг хонжоо олохын тулд аль нэгэн намын дотор эвдрэн бусниулах үйл ажиллагаа явуулахыг амьдрах аргаа гэж ойлгочихсон.

Ийм хүмүүс МАХН-нд байх ёсгүй. Намын дарга Н.Энхбаяр яг миний хэлж байгаа шиг байр суурьтай хүн. Намын дарга гарч ирээд эдгээр хүмүүст ч мөн зохих хариултыг нь өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Танай намын энэ байдал олон талаас цугласан гишүүдтэй чинь холбоотой юу?

-Манай намд олон намын төлөөлөл бий. Үүнийг эв нэгдэл талаас нь авч үзвэл сул тал болох гээд байдаг. Гэхдээ улс төрийн нам өөрөө гишүүдийнхээ угшил талаас нь харж үзвэл учир дутагдалтай.

Яагаад гэвэл хувь хүний өөрийнх нь үзэл баримтлал, тухайн аль нэг улс төрийн хүчинтэй хамтарч ажиллах үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар цензур тавих явдал байж болохгүй.

Мөн манай намд шинэ хуучны ялгаа байдаг нь үнэн. Гэсэн ч нэгэнт л үзэл бодол нэгдээд ороод явж байгаа бол хэн нэгнийгээ илүүрхэж, гадуурхах хандлага байж болохгүй. Гагцхүү орж ирсэн хүмүүс дотроо түрүүн миний хэлдэг янз бүрийн шалтгаан зорилготой ирсэн хүмүүс бий. Замын дундаас тэр хүмүүс нэгдээд явдаг.

Ер нь бол сайн ногоочин хүн хашаан доторх хогийн ургамлаа байнга түүж байдаг. Тэгж байж эрүүл ургах бусад ногоогоо хамгаалдаг. Яг үүнтэй адилхан улс төрийн намууд ч гэсэн үзэл баримтлалгүй, хийсвэр амархан замаар амьдрах гэсэн, хүмүүсийг хооронд нь хутган үймүүлж, хов жив зөөж, удирдлагуудын хооронд яс хаяж байдаг хүмүүсээ хөөх хэрэгтэй.

Мөн бусад намуудын хооронд дамжин гүйж, хэтэрхий тодорхой бүлэглэлийг МАХН дотор бий болгохыг турхирч байдаг хүмүүс гэж байна.

Тэднийг л улс төрийн тавцангаас арчих ёстой. Яагаад гэвэл Монголын улс төр тунгалагшина. Сүүлийн 20 гаруй жилд ардчилал нэрийн дор Монголын улс төрд алдсан ч зүйл бий.

Оносон ч зүйл их. Одоо алдсан алдаагаа засах ёстой. Тэгэхээр АН, МАН, МАХН гэх улс төрийн тулгын гурван чулуу бол өөрөө өөрсдийнхөө дотор байгаа муу аргаасаа салж, цаашдаа зөв зүйтэй улс төрийн нам болон төлөвших үйл ажиллагаандаа анхаарах ёстой байна.

-Таныг генсекийн ажлаа өгнө гэх мэдээлэл гарсан байсан. Энэ ямар учраас гарсан мэдээлэл юм бол?

-МАХН-ын улс төрийн үйл ажиллагаа нь бусад намын анхаарлын төвд байдаг учраас генсектэй холбоотой асуудал ч анхаарах ёстой мэдээлэл болж гарч байх шиг байна. Тийм асуудал байхгүй. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад МАХН-ын даргын ажлыг санал болгож чөлөөлөх тухай асуудал байна гэдэг зүйл өнөөдөр МАХН-д яригдаад байна.

Гагцхүү энэ асуудлыг хэнд ашигтай гэж хөндөөд байна вэ. Энэ намын төлөө юү. Мэдээж үгүй учраас уг мэдээллийг гаргаж тавиад байгаа хэрэг. Гэхдээ хэн нэгний бодоогүй мэдээллээр тэдний хүссэн шиг зүйл болохгүй. Тиймээс үүн дээр ач холбогдол өгөх хэрэггүй л гэж бодож байна.

-МАХН Засгийн газарт байгаа сайдуудаа эргүүлэн татах нь гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас л улс төрийн явуулга уу?

-Баяр наадам өнгөрмөгц МАХН Засгийн газраас гарах шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарсан. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийсэн л дээ. МАХН-ын Гүйцэтгэх товчоо баяр наадмаас хойш хуралдаагүй.

Хуралдаагүй хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гарахгүй шүү дээ. Баяр наадмын |өмнөхөн Гүйцэтгэх товчооны зарим нэгэн гишүүд хуралдаж, Н.Энхбаяр даргын биеийн байдалтай холбоотой асуудлыг ярилцсан.

Түүн дээр Засгийн газарт ажиллаж байгаа гишүүдийнхээ анхаарлыг илүү тавиулж ажиллах ёстой гэдэг талаар ч хөндсөн. Үүнд Эрүүл мэндийн сайд идэвхтэй оролцох ёстой хэмээн ярьсан зүйл бий. Харин Засгийн газраас гарах асуудал нэг нам дангаараа шийдэх хэрэг биш.

Яагаад гэвэл энэ Засгийн газарт бид “Шударга ёс” эвсэл гэдэг статусаар ажиллаж байгаа. Тэгэхээр хоёр намын Удирдах зөвлөл хуралдаж байж уг асуудлыг шийднэ. Тиймээс бодитой эх сурвалжаас аваагүй иймэрхүү мэдээллүүд нийгэмд ямар хурдан тархаж, ард иргэдийн дунд эргэлзээ бий болгож байгааг харуулж байна.

Ер нь улстөрчид аливаа асуудалд хандахдаа дараа нь бас хариуцлагыг тооцож ажилламаар байгаа юм. Нөгөөтэйгүүр засаг төрийг тогтворгүй байлгах тухай асуудлыг яагаад заавал МАХН- тай холбож гаргаж ирж байгаа юм. Би хэлсэн шүү дээ, МАХН нохойд барьдаг мод биш гэж.

Төр тогтворгүй болох тухай аль нэгэн нам, улстөрчдийн, эсвэл тодорхой өөр зорилтот бүлгийн санаатай гаргаж байгаа шуугианы ард МАХН л тэр бүхнийг үүсгэсэн юм шиг харагдах гээд байдаг. Бид заавал энэ Засгийн газраас гарч сайд нараа татаж байж, засгийг тогтворгүй болгох гээд байгаа ийм л нөхцөл байдлыг харагдуулах гээд байна.

Бодит байдал дээр тийм зүйл байхгүй. Үнэхээр тэр Засгийн газарт дургүй, Н .Алтанхуягаа огцруулах гээд байгаа, намын даргаа солих гээд байгаа хүмүүс өөрсдийнхөө үүднээс байр сууриа илэрхийл. Заавал МАХН-тай холбож тавиад байдаг арчаагүй бөгөөд утгагүй улс төрийн явуулгаа болих хэрэгтэй.