Хүний эрх ба албадан нүүлгэлт
Дуусдаггүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Хүний эрх ба албадан нүүлгэлт” гэсэн сэдвээр ярилцлаа. Нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөтлөн явуулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол улс сая 565 мянган км квадрат нутаг дэвсгэртэй, хоёр сая 800 мянга орчим хүн амтай. Нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг улс. Газрын тухай хууль 1994 онд анх батлагдсан.
2002 онд газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж монгол улсын гэр бүл, иргэд газраа өмчилж, өөрийн гэсэн өмчтэй болох харилцаа бий болсон. Үүнээс хойш газраа өмчилж, эдийн засгийн эргэлтэд оруулж худалдах, борлуулах, түүнээсээ ашиг орлого олох боломж бололцоо бүрдсэн.
Өнөөдөр төр засгийн явуулж буй бодлогын нөлөөгөөр өмчилж авсан газраа албадан нүүлгэх, чөлөөлүүлэх, иргэдийн өмчлөх эрх зөрчигдөх асуудал үүсч байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн нэвтрүүлгийг хийж байна гэлээ.
Улаанбаатар хот шиг таталцлын төвүүдийг бүс нутгуудад бий болгох шаардлагатай.
Түүнчлэн Улаанбаатар хотод ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөл хамгийн сайн бүрдсэн. Үүнийг дагаад хөдөө орон нутгийн орлого багатай, зардал өндөртэй бүс нутгуудаас хот руу шилжилт хөдөлгөөн их болсон.
Үүнийг шийдэхийн тулд Улаанбаатар хот шиг таталцлын төвүүдийг баруун, зүүн, төв, говийн бүс нутгуудад бий болгох шаардлагатай. Энэ асуудлыг бид том утгаар нь шийдэх ёстой.
Хот дотроо яривал гэр хорооллыг барилгажуулах нь зөв ч хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэр дундаа газрыг албадан чөлөөлөх хуулиа зайлшгүй хурдан батлах шаардлагатай.