Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар мөн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-амгалан танилцуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.
Энэхүү хуулийн төсөл нь ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн бөгөөд ойн мэргэжлийн байгууллага, хамт олон, орон нутгийн иргэд болон байгаль орчны төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, тэдний саналыг тусгасан байна.
Төсөлд ахуйн хэрэгцээнд зориулж түлээ бэлтгэх зэрэг эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгох замаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан зохицуулалт хийжээ.
Ахуйн хэрэгцээнд зориулж түлээ бэлтгэх зэрэг эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгохоор зохицуулалт хийжээ.
Мөн ойд тооллого хийх ажлыг олон улсын жишигт дүйцүүлэн хийх эрх зүйн орчныг бүрдүүлсний зэрэгцээ өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцсэн тохиолдолд төрөөс урамшуулах асуудлыг тусгажээ.
Тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 77,6 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.