2022.05.31
Б.Саранчимэг: Говь нутгийг ойжуулахад анхаарч бойжуулах газар байгуулах нь чухал
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Энэ хууль батлагдсанаар ойн агентлаг байгуулагдана. Ойгоо нэмэгдүүлэхэд цаашдаа цэгцтэй, бодлоготой анхаарч ажиллаж, үр дүн гарна гэж найдаж байгаа. Ялангуяа говь нутгийг ойжуулахад анхаарч бойжуулах газрыг ихээр байгуулах шаардлагатай. Бойжуулах газрыг байгуулъя гэхээр газар нь их төлбөртэй байдаг учраас хүндрэлтэй байна гэсэн саналыг хэлсэн. Тиймээс үүн дээр гарц, гаргалгааг шийдэж анхаарч ажиллах нь зөв.
Ойгоо нэмэгдүүлнэ гэж байгаа боловч байгаа ойгоо хамгаалах тал дээр мөн илүү их анхаарч ажиллаарай. Хушны ой байхгүй боллоо. Бид эдийн засгаа бодоод ойгоо сүйтгээд их алдагдал амсаж байна. Хушны ойгоо хамгаалах тал дээр ажилла л даа.
Ой цэвэрлэх нэрийдлээр модоо тайраад, эко-системийн тэнцвэрийг алдагдуулж байна. Энэ тал дээр хэдэн төгрөг төсөвлөж, ямархуу байдалтай байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.