2022.04.07

Ц.Идэрбат: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөшүүрэг чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж, өдгөө олон хүнд ой мод хайрлах, арчлах ач холбогдлыг ойлгуулсан. Засгийн газрын дэргэд Ойн агентлагтай болж байгаа. Ойн эрх зүйн асуудал яригдаж байгаа энэ үед хэлэх асуудал байна.

Манай Хэнтий аймгийн хувьд 1.7 сая га бүхий ойн сангийн нөөцөөрөө улсын хэмжээнд дөрөвдүгээрт ордог. Ойтой сумдуудад зарим асуудал гардаг.

Мод тарина гэж байгаа ч одоо байгаа ойгоо бид хортон мэрэгчдээс хамгаалах шаардлагатай. Сибирийн хүр хорхой манай ойд голомтолдог. Үүнийг устгадаг ажлууд санхүүгийн хувьд асуудал дагуулдаг. 2018 онд 36 мянган га-д хүр хорхой устгана гэсэн ч чадаагүй байна. БОАЖЯ байгаа ойгоо хамгаалахад маш их анхаарах хэрэгтэй.

Мэргэжлийн боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. МСҮТ-д ойн анги нээгдэхэд хүн суралцахгүй байна. Үүнд хөшүүрэг өгөх хэрэгтэй. Энэхүү асуудалтай холбогдуулан хуульд хэрхэн тусгах вэ?

Хөдөө орон нутагт сэтгэлээрээ мод тарьдаг, үржүүлдэг хүмүүс бий. Яамны зүгээс санаачилга гаргаж, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст тухайн газрын дуудлага худалдаанаас өөр уян хатан аргаар өмчлүүлэх зэрэгт анхаармаар байна.

Түүний асуултад Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.