Хууль бус мод бэлтгэлийн 4000 гаруй хэрэг бүртгэгджээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.17/ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа.
Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Хууль бус мод бэлтгэлээс дэлхийн хэмжээнд учирч байгаа эдийн засгийн хохирол нь Дэлхийн банкны 2002 оны мэдээгээр жилд 10 тэрбум ам долларт хүрч буй.
Хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор 1, 2 дугаар байрыг эзлэх боллоо. 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувь болж байна.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт үлэмж сайжирч, хууль бус мод бэлтгэлийг бууруулахад иргэдийн оролцох оролцоо нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.