Л.Гантөмөр сайдын тэрлэсэн 100 захианы учир
БШУ-ны сайд Л.Гантөмөрийн үндэсний шилдэг татвар төлөгч 100 компанид илгээсэн захиа сониуч заримыг алмайруулж, сэргэг нэгнийх нь урмыг бадраав.
Хөрөнгө нөөц, хүн хүчний чадавхи сайтай том компаниудыг “Гэрэл тусгая” хөдөлгөөнд нэгдэж нийгмээ гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллахыг уриалснаараа БШУ-ны сайд өнөөдөртөө хамгийн мэдрэмжтэй сайдаар тодроод байгаа.
Л.Гантөмөр сайдын захианы агуулга нь ажиллагсаддаа зориулан танин мэдэхүйн лекц, уулзалт зохион байгуулах, үр хүүхдүүдийнх нь сурч боловсрох анги танхимыг шинээр байгуулах, шинжлэх ухааны сонирхолтой ном товхимол, баримтат кино орчуулан түгээх зэрэг ажлыг ивээн тэтгэж шинэ санаа, оноо гарган ажиллахыг уриалжээ.
Мухар сүсэг бишрэл түгээн дэлгэрүүлэх, түүн дээр дөрөөлсөн залилан мэхлэх явдал хавтгайрч, хүн амын эрүүл мэнд, Монгол Улсын эдийн засагт ч багагүй хор хохирол учруулж байгаагийн эсрэг тэмцлийн гол арга зам нь шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, танин мэдэх сонирхлыг тэтгэх ажил гэж БШУ-ны сайд Л.Гантөмөр үзэж байгаагаа захидалдаа тодорхой дурьдсан нь учиртай.
Арвин ургац хураая гэвэл үзмэрч, тарничийг бус сайн агрономич, өнтэй өвөлжихийн тулд сан тавиулж хийморийн дарцаг хийсгэхээс илүүтэй ахиухан өвс хадлан базаах зэрэг мэдлэг, арга ухааныг түлхүү хэрэглэх шаардлага нийгмийн өмнө тулгамдаад байгааг сануулжээ.
Тавхан сарын өмнөх 2012 оны 12 дугаар сарын 21-нд Орифлеймчин авгай дэлхий сөнөнө гэж цуурахад олон нийтийн 30 хувь нь итгэсэн буюу эргэлзэн тээнэгэлзэж байсан, Хөвсгөлийн Галтад гэнэтхэн нэг хүүхэн бурханаар бөөлжөөд унасан тухай мэдээллийг сайтар нягтлан шалгалгүйгээр түгээснээс болоод зальт этгээдүүд нийгмийн сэтгэл зүйгээр тохуурхаж, учруулсан хохирол нь багадаагүй.
Зарим нэг үл бүтэх этгээд залилан мэхлэх ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй болохоор санаатай гэмт хэрэг үйлдэх болсон. Жишээлбэл Сэлэнгэ аймагт өргөл барьц сайн өргөхгүй бол удахгүй ихээхэн хэмжээний гай тотгор тохиолдоно гэсэн үгэнд нь итгээгүй айлд нөгөө мэргэн үзмэрч маань шөнө явж очоод машиныг нь шатаасан, хир тортогтоо баригдсан нэгэн бөө залуу хүүг халуун усаар шалзалж амьдаар нь болгох дөхсөн зэрэг хорлонтой хэрнээ гашуун инээд дагуулсан гэмт хэрэг олон гарах болжээ.
БШУ-ны сайд Л.Гантөмөр энэ бүхнийг захиандаа дурдаад “Арвин ургац хураая гэвэл үзмэрч, тарничийг бус сайн агрономич, цаг агаарын үнэн зөв мэдээг ашиглах, өнтэй өвөлжихийн тулд сан тавиулж хийморийн дарцаг хийсгэхээс илүүтэй ахиухан өвс хадлан базаах зэрэг мэдлэг, арга ухааныг түлхүү хэрэглэх” шаардлага нийгмийн өмнө тулгамдаад байгааг сануулжээ.
Буддын шашны тэргүүн ХIV Далай лам ч “Шашин бол ид шид биш. Би шинжлэх ухаанд итгэж, шашнаа сэтгэлээ ариусган жолоодох, бусдыг энэрэн хайрлахуйн төлөө шүтэх болно” хэмээн айлдсаныг монголын томоохон 100 компанид илгээсэн захидалдаа дурдаж хамтран ажиллахыг уриалжээ.
Шинжлэх ухаанч сэтгэхүйгээр монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын тархи толгойг цэнэглэх их ажлыг томоохон 100 аж ахуйн нэгжтэй хамтран эхлүүлж, хэрэгжүүлэхээр зориг шулуудсан БШУ-ны сайд Л.Гантөмөрийн захидлын хариуг баян, чинээлэг компанийн эзэд хэрхэн хариулахыг чих тавин хүлээх л үлдлээ. Цаг хугацаа бүхнийг харуулна.