Сайд Л.Гантөмөр 100 компанид захидал илгээв
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.06.03

Сайд Л.Гантөмөр 100 компанид захидал илгээв

БШУ-ны сайд Л.Гантөмөрийн захидал ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд итгэнэ” уриаг сануулан, “Гэрэл тусгая” хөдөлгөөн өрнүүлэхэд оршиж байна. Танин мэдэх сонирхол, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэн гэрэл тусгахад том аж ахуйн нэгжүүдийг боломж бололцоогоо ашиглан, идэвх чармайлт гаргахыг БШУ-ны сайд уриалжээ.

Компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ өөрсдийн ажиллагсад, тэдгээрийн үр хүүхэд, нийт хүн амд танин мэдэхүйн ач тустай мянга мянган санал санаачилга гарган хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж буйгаа Л.Гантөмөр сайд өгүүлсэн байна.

“Боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хурууны хээ нь огт давтагддаггүй хүүхэд нэг бүр, хүн болгоныг агуу их ертөнц хэмээн хүлээн зөвшөөрч, тус тусынх нь авъяас чадварыг нээн, насан туршдаа байнга хөгжих дадал, чадавхитай болгохыг зорьж байна.

Боловсрол үгүй салбар гэж үгүй учир төр, багш нар, хувийн хэвшил, эцэг эх, эрдэм гэгээрлийн төлөөх хэн бүхэн хүч бололцоогоо нэгтгэн нийгэмдээ хүчтэй гэрэл тусгана” гэж захидалд өгүүлсэн байна.

Монголчууд ном эрдмийг эрхэмлэн дээдэлдэг, эцэг эх нь өөрсдөөсөө илүү үр хүүхдийнхээ боловсролын төлөө байдаг бүхнээ харамгүй зориулдаг өв уламжлал, давуутал, амжилт ололтоо бататган ахиулах боломж, ялангуяа тооны биш чанарын амжилт гаргах хүсэл нийгэмд түгээмэл байгаа нь энэхүү санаачилга хэрэгжих хөрс суурь нь юм.

Мэдлэг, шинжлэх ухаан, өөртөө итгэхээс илүү ид шид, элдэв мухар сүсэгт автагдах явдал түгээмэл болж, тэр бүхэн нь хүн амын эрүүл мэндийн болон мөнгөн хохирол, алдагдсан боломжийн өртөг нэмсэн үр дагавар учруулж байгаа билээ.

Боловсрол үгүй салбар үгүй учир төр, багш нар, хувийн хэвшил, эцэг эх, эрдэм гэгээрлийн төлөөх хэн бүхэн хүч бололцоогоо нэгтгэн нийгэмдээ хүчтэй гэрэл тусгана.

2012.12.21-нд дэлхий сөнөнө гэсэн цуурхал Оросын хүн амын 4 хувь нь итгэн айдаст автагдаж байсан бол Монголд зарим судлаачийн ажигласнаар ийм эргэлзээ 30 хувьд хүрчээ. Нийслэлийн гудамж эл хуль болж, зуслангийн газарт дэлхий сөнөхгүй байх гэсэн гэнэн санал бодол өнгөрсөн онд нийтийг хамарсан юм.

Хүн бие махбодоосоо метал, түүн дотроо хөөмөл хийцтэй бурхан гарган бөөлжсөн гэдэгт нийгмийг гэгээрүүлэх нэг үндсэн үүрэгтэй сурвалжлагч өөрөө мухраар найдан, түгээж, дуулиан дэгдээж байв. Гарлага гарна гэсэн айлдварт нь итгээгүй хүний машиныг шатаасан залилангийн хэрэгтээ ял шийтгэл хүлээсэн, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан маш олон хэрэг явдал гарсаар байгаа юм.

Юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх сонирхлыг тэлж, аль болох олуулаа гэрэл тусгаснаар мухардмал сэтгэлзүйг багасгана гэж үзэж байгаа БШУЯ оновчтой санал санаачилга гарган зохион байгуулсан компанийг үнэлэн хөхиүлэхээр болсон байна.