Гэр хорооллыг дахин төлөвлөх журам боловсрууллаа
Энэхүү журмын төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
2013.02.19

Гэр хорооллыг дахин төлөвлөх журам боловсрууллаа

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  2013 оны 2 дугаар сарын 18-нд болж хуралдаанаар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын төсөл болон  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журмын төслийг хэлэлцлээ.

Эхний ээлжинд гэр хорооллын 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр сонгосон бөгөөд эдгээр байршлуудад оршин суугаа иргэдийн 90 гаруй хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн юм. Тиймээс НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг хэлэлцэн тогтоосон юм.  НИТХ-аас батлагдсан байршлуудад дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх,  гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох иргэн, аж хуйн нэгж, төрийн байгууллагын эрх, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан байна. Дахин төлөвлөлтийн журамд төсөл хэрэгжих талбайн байршил, хэмжээг тогтоох асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батална.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг батална гэж заажээ.  Мөн хэрвээ, иргэн оршин суугч нараас дахин төлөвлөлтөд орох санаачилгаа өөрсдөө гаргасан тохиолдолд өөрсдийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх зорилгоор Иргэдийн төлөөллийн байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь төсөл хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулна гэж заасан байна.

Дахин төлөвлөлтийн журмын төсөлд зааснаар гэр хорооллын сонгосон талбай буюу НИТХ-аас төлөвлөлт хийхээр байршил хэмжээг тогтоосон газрыг чөлөөлөх ажлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч хариуцахаар зохицуулжээ. Харин төлөвлөлт хийж, төсөл хэрэгжих хугацаанд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчийг өөрчлөхгүй байх болон холбогдох бусад баталгааг нийслэлийн Засаг дарга гаргахаар заасан байна.

Энэхүү журам нь дахин төлөвлөлтөд орох газрын иргэн болон, төлөвлөлт хийх аж ахуйн нэгжүүдэд гарын авлага болох ёстой учраас энгийн ойлгомжтой, хуулийн дагуу боловсруулсан байх учиртай гэдгийг удирдалгын зөвлөлийн гишүүд хэлж байлаа.  

Дахин төлөвлөлт хийхийг тухайн газрын иргэдийн олонхи нь дэмжсэн ч дэмжихгүй байгаа иргэд бас цөөнгүй байгаа юм.

Энэ нь төлөвлөлтөд орох газрыг чөлөөлөх үед хүндрэл үүсгэж магадгүй учраас энэ асуудлыг нарийн тусгаж журамдаа оруулах хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа нэг томоохон ажил. Төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүргийг үндсэн хуулиар хүлээсэн тул энэхүү үүргээ биелүүлэхийн тулд олонхийн эрх ашгийг хүндэтгэн аливаа шийдвэрээ гаргана. Тйимээс нэг хүний эрх, бусдын эрхээр хязгаарлагддаг учраас  дахин төлөвлөлтөд орохыг хүлээн зөвшөөрөөгүй айл өрхүүдэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж захиргааны хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ зохицуулалтыг мөн журамдаа тусгах нь зөв юм гэх саналуудыг хэллээ.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү журмыг хэлэлцсэнтэй холбоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журмын төслийг мөн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцлээ.

Энэхүү журамд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахдаа нээлттэй ил тод зарчмаар явуулах бөгөөд нийслэлийн Засаг дарга төсөл шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулахаар заасан байна.

Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсны дараа тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн саналыг хүлээн авах зарыг олон нийтэд мэдээлж, 14 хоногийн дотор хүлээн авч нээхээр журамласан байна. Төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдох аж ахуйн нэгж байгуулалгын саналыг ажлын хэсгийн гишүүд тус тусдаа үнэлэж, нэгдсэн үнэлгээг санал тус бүрээр гаргах юм байна. Шалгарсан этгээд нь 30 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэх талбай дахь газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 80-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд төсөл хэрэгжих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж батлуулна гэж заасан байна.

Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү журмын төслийг хэлэлцээд, иргэн болон төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд байгуулж байгаа хэлэлцээр ил тод байх ёстой.   Харин төсөл хэрэгжих үед  төсөл хэрэгжүүлэгч иргэн бүртэй гэрээ байгуулан ажиллаж, хэрвээ гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг  тодорхой болгох хэрэгтэй зэрэг саналыг хэллээ. Эдгээр саналуудыг журмын төсөлд нэмэн оруулж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмыг НИТХ-д өргөн барихаар боллоо.