Дахин төлөвлөлтийг гүйцэтгэх компани хөрөнгөтэй, түр оршин суух байртай байна
НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын төсөл” болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журмын төсөл”-ийг хэлэлцлээ. Эхний ээлжинд гэр хорооллын долоон байршилд дахин төлөвлөлт хийхээр сонгосон. Эдгээр байруудад оршин суугаа иргэдийн 90 орчим хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжээд буй. Тиймээс НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тодорхой болгоод байгаа юм.
Дахин төлөвлөлтийн журмын төсөлд төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг нь тогтоосон газрыг чөлөөлөх ажлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч хариуцахаар зохицуулжээ. Харин төлөвлөлт хийж,төсөл хэрэгжих хугацаанд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, төсөл хэрэгжүүлэгчийг өөрчлөхгүй байх болон холбогдох бусад баталгааг нийслэлийн Засаг дарга гаргах юм байна. Тиймээс тухайн газрыг эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч буюу барилгын компани, НЗДТГ гурвалсан гэрээ байгуулна. Ингэснээр иргэд барилгын компанид газраа алдахгүй, мэхлэгдэхгүй байх баталгааг олгох аж. Үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах юм. Уг журамд зааснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахдаа нээлттэй ил тод зарчмаар явуулах гэнэ. Түүнчлэн уг байгууллага нь тухайн төлөвлөлт хийх газарт оршин сууж байгаа иргэдийн 75-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байх ёстой. Мөн төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд шаардагдах хөрөнгийг хариуцахаас гадна гэр хорооллын дахив төлөвлөлт хийхээр сонгосон талбайн газар чөлөөлөх ажлыг хариуцахаар журамлажээ.
Дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэлтийг сонгон шалгаруулахдаа тухайн байгууллагын санхүүгийн болон техникийн чадавхи, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх байртай байх зэрэг шалгуурыг тавьж үнэлнэ
Энэ үеэр Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж: Дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэлтийг сонгон шалгаруулахдаа тухайн байгууллагын санхүүгийн болон техникийн чадавхи, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх байртай байх зэрэг шалгуурыг тавьж үнэлнэ гэж байлаа. Харин НИТХ-ын Тэргүүлэгчид “Энэхүү журам нь дахин төлөвлөлтөд орох байршилд оршин суугаа иргэн болон төсөл хэрэгжүүлэгч нарын гарын авлага болохуйц эрх зүйн акт учраас дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн хангасан, хууль эрх зүйн бусад зүйл заалтуудад нийцсэн журам байх ёстой. Тиймээс редакцийн засвар сайн хийж, журмын агуулгыг сайжруулах хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа. Мөн гэр хорооллын төлөвлөлт хийх тогтоож төсөв хөрөнгөө шийдэж, журмаа боловсруулсан учраас энэхүү журмыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зөв гэж үзсэн юм. Иймээс НИТХ -ын ээлжит бус хуралдааныг ирэх даваа гаригт зарлан хуралдуулахаар болж, хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн эцсийн батлахаар болов.