УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.05.29

Халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна

УИХ дахь гурван ч байнгын хороо өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хамгийн эхэнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж “Нийг­мийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллийг сонсгосон юм.

С.Эрдэнэ сайдын ярьж буйгаар сүүлийн жилүүдэд улстөрийн болон сонгуулийн амлалтаас болж иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа нь нийгмийн халамжийн салбарын нийт зардлын 80 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс нийгмийн халамжийн тог­толцооны шинэчлэлийн бодлогын асууд­­лаар тус яамнаас нийгмийн ха­ламж, даатгал гэсэн хоёр чиглэлээр бодлогоо тодорхойлжээ.

Мөн нийгмийн  эмзэг хэсэгт  чиглэсэн халамжийн зардал өсөөгүй гэнэ. Харин инфляцийн түвшинг амьжиргааны өртөгтэй уялдуулан халамжийн хэмжээ нэмэгдсэнээр зардал өссөн байна.

 Тодруулбал өнгөрсөн 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал 0.85 хувьтай бай­сан нь дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад бага хэмжээ гэдгийг сайд мэдээлэлдээ онцолж байлаа.

Өнөөдөр судалгаагаар нийт өрхийн 80 орчим хувь нь 1-2 хүүхэдтэй гэсэн үзүүлэлт байгаа.

Нийгмийн халамжийн нэг хүнд ногдох хэмжээ нь нэг сард 10 мянгаас 103 мянга 600 төгрөг байдаг аж. Энэ нь өнөөдрийн амьжиргааны доод түвшинтэй тэнцэхүйц болж чадахгүй байгаа бөгөөд нийгмийн халамжийн үйлчилгээ нь зорилтот хэсгээ тодорхойлоогүй, халамж, үйлчилгээ төрөлжиж хөгжөөгүй, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр давамгайлсан үйлчилгээтэй, улстөрөөс ихээхэн хамааралтай, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх механизмгүй, хяналт мониторинг сул байдаг нь судалгаагаар тогтоогдсон аж.  Иймд тус яамнаас зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн  халамж үйлчилгээг төрөл­жүүлэх, улмаар хүнд сур­­­­­тал, шат дамжлагыг арилгах гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт  асууж,   саналаа   хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Одонтой ээжүүдийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг хэзээ шийдэх болон өнгөрсөн жил иргэдэд олгож байсан 21000 төгрөгийг зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгох боломж байна уу гэдгийг тодруулсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Эдгээр ээжүүдийг дэмжих тал дээр яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэдгийг асуусан юм.

Түүний асуултад С.Эрдэнэ сайд хариулахдаа “Одонтой ээжүүдийг дэмжих асуудлыг яамны зүгээс судалж энэ тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүд, нөхөн үржихүй, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр судалгаа хийгдэж дуусах шатандаа орж байна. 

Мөн Засгийн газрын түвшинд олон хүүхэдтэй ээжүүдийг дэмжих тэр дотроо хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурав дахь хүүхэд буюу гурваас дээш хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина.

Ялангуяа жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх, амин дэмийн нэмэгдэл олгох, 0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгох, түүн дотроо гурав дахь хүүхдийг төрүүлсэн тохиолдолд төрөөс дэмжих бодлогыг түлхүү барьж ажиллана.

Өнөөдөр судалгаагаар нийт өрхийн 80 орчим хувь нь 1-2 хүүхэдтэй гэсэн үзүүлэлт байгаа. 21000 төгрөгийг иргэдэд олгосноор нийгмийн эдийн засгийн үзүүлэлтэд ямар нөлөө үзүүлэв гэдэг дээр судалгаа хийхэд эерэг үзүүлэлт харагдахгүй байгаа.

Тийм  учраас  21000 төгрөг олгох замаар ядуу хэсгийн амьжиргааг дэмжих үү, эсвэл ажлын байр бий болгох, хүмүүсийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд асуудлыг авч үзэх нь илүү оновчтой, үр дүнтэй байх уу гэдэг дээр яамны зүгээс судалгаа хийж байна. Харин түрүүчийн Засгийн газрын дутуу олгосон 21000 төгрөгийг энэ жил гүйцээж олгохоор улсын төсөвт мөнгө суулгасан” гэв.