Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Засгийн газар макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг 6 хувьд барих, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 16 хувьд хүргэх.
Мөн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, барилгын материалын импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих.
Мөн орчны бохирдлоос хамгаалж, доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бий болгох, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, “Сум” төслийг хэрэгжүүлж эхлэх, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж цалин хөлсний бодлогыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг бататгах боломжийг бүрдүүлж байна гэж тус байнгын хороо үзсэн байна.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж инфляцийг бууруулна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж инфляцийг бууруулна.
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, хяналт, удирдлагын тогтолцоо, бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм.
Ирэх онд Оюутолгойн ордын үйлдвэрлэл энэ оныхоос бараг хоёр дахин нэмэгдэж, “Эрдэнэс-Тавантолгой”-н Баруун болон зүүн цанхын олборлолт далайцтай явагдаж эхлэх бөгөөд мөн газрын тос, төмрийн хүдрийн олборлолт ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна.
Дөрөвдүгээр цахилгаан станц болон Хөтөлийн цементийн үйлдвэрийн өргөтгөлийг барихын зэрэгцээ цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлж, төмөр замын суурь бүтцийг шинээр барих ажлыг хийнэ гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд тогтоолын төслийн танилцуулга хийхдээ дурдаж байсан юм.
Харин өчигдөр үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо хуралдаж тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэснийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа дурдлаа.