УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.05.24

Хөгжлийн банк, Чингис бонд бүгд Засгийн газрын баталгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуулаа. Төсвөөс гадуурх санхүүжилт Бондын мөнгө, Хөгжлийн банкны санхүүжилтээр нэлээн их хэмжээний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байгаа. Энэ дээр Олон Улсын санхүүгийн байгууллагаас манайд тодорхой сануулга зөвлөмжүүд өгч байгаа. Энэ хүрээнд хэлэлцүүлгийн явцад Төсвийн байнгын хороон дээр ямар зүйлүүд яригдсан талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс асуув.

Мөн Сангийн сайд Ч.Улаанаас “Энд яригдаж байгаа хуулийн төсөл дээр Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2014 онд 8.3 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 11.9 их наяд байхаар төсөөлж орж ирж байна. 2014 оны үндсэн чиглэлийн төслийг Байнгын хороон дээр хэлэлцэж байхад Н.Батбаяр сайд хэлж байсан.

УИХ-аас баталж өгсөн 5 тэрбум долларын 3.5 тэрбум долларыг ирэх онд багтааж гаргахаар төлөвлөж байгаа гэж. Үүнийг улсын 2014 оны өрийн хэмжээнд оруулж тооцсон уу гэдгийг тодруулж өгөөч” гэв.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яаман дээр хийгдэж байгаа бүх аймаг, сумдуудаар явж санал авсан 2014-2016 оны хөрөнгө оруулалтуудыг УИХ дээр батална гэсэн. Гэтэл өнөөдөр авсан байгаа жагсаалтуудыг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар тодрууллаа.

Сангийн сайд Ч.Улаан: Засгийн газраас гадаадын болон дотоодын зах зээл дээр борлуулж буй бондын хэмжээг энэ өрийн тооцоонд авч тооцсон гэлээ.

Төсвийн гадуур мөнгө эргэлдүүлэх асуудлыг шийдэхийн тулд хөгжлийн банкны хуулийг эргэж харах ёстой.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Төсвийн гадуур данстай байх, төсөвтэй байх асуудлыг хамтарч байх үедээ МАНАН дунд шийдсэн. Шинэ гишүүд мэдэхгүй байж магадгүй. Хуучин гишүүд энэ асуудлыг яриад байгаад би гайхаж байна.

Хөгжлийн банк гэдэг өөрөө төсвийн гадуур байна гэсэн үг. Үүнийг хуульчлаад шийдсэн асуудал. Чингис бондын мөнгийг Хөгжлийн банкнаас гадуур яваа юм шиг яриад байгаа. Энэ хөгжлийн банкны хүрээнд явж байгаа.

Хөгжлийн банк ч бай, Чингис бонд ч бай бүгд Засгийн газрын баталгаа. Төсвийн гадуур мөнгө эргэлдүүлэх асуудлыг шийдэхийн тулд хөгжлийн банкны хуулийн асуудлыг эргэж харах ёстой гэсэн хариултыг өглөө.