С.Бямбацогт: Кнопчин гишүүн болсондоо харамсаж байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.05.24

С.Бямбацогт: Кнопчин гишүүн болсондоо харамсаж байна

Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, С.Бямбацогт гишүүн: “Ийм байдлаар доромжлуулж, кнопчин гишүүн болсондоо харамсаж байна. Монгол төрийн бодлого чинь энэ байдлаас унаж байна. Олонхи юунд нь хүн рүү дайраад, давшаад байгаа юм, гоё байна уу” хэмээв.

Харин Ц.Нямдорж гишүүн “Төмрийн хүдэр, зэс, бензин, нүүрний үнэ хэд байна гэж зарлагаа тооцсон юм. Ерөнхийлөгчийн сонгууль болоход Засгийн газар зохиомлоор шатахууны үнийг 50 төгрөгөөр буурууллаа. Харин дараа нь нэмнэ.

Бензиний үнийг буурахгүй гэж Орос мэдэгдэл хийсэн. Тэгэхээр бензиний үнийг бууруулсан нь сонгуулийн сурталчилгаа болгож улс төрийн луйвар хийж байна. Энэ юу болж байна” гэв. Харин Ч.Улаан сайд “Ажлын хэсгийн нөхөд шатахууны үний талаар хэлээд өгчих” хэмээн өөрөөсөө холдуулж суусан юм.

Ажлын хэсгийнхэн нь “Шатахууны үнийг өсгөхгүй гэж тооцсон. Шатахууны үнэ дунджаар 1660-1700 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ” гэв. Харин Ц.Нямдорж гишүүн дизель, бензин хоёр хоорондоо өөр үнэтэй байдгийг мэддэггүй юм уу гэснээр энэ хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.