С.Бямбацогт: Улсын Их Хурал доромжлуулж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ийм байдлаар их хурал доромжлуулж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Цөөнхөө хүч түрээд хууль зөрчөөд явж байгаа. Өнөөдөр УИХ ингэж доромжлуулж, Засгийн газартаа хөтлөгдүүлж, Засгийн газрын оруулж ирсэн чанартай, чанаргүй, болсон, болоогүй асуудлыг сонсоод үг дуугүй кноп дарж, кнопчин гишүүн болсондоо харамсаж байна.
Монгол төрийн нэр хүнд унаж байгаа. Их хуралд орох гэж бид их юм болдог. Хууль зөрчинө зөрчихгүй, мөнгө тараана тараахгүй. Тэгж орж ирчээд бидний хийж буй ажил, баталж байгаа хуулийн царай ийм л байна гэлээ.
Кнопчин гишүүн болсондоо харамсаж байна.
Түүнчлэн тэрээр төсвийн хүрээний мэдэгдэл бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулагдах төсөв байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг зарцуулна гэж тооцоолсон бэ? Үүнээс ирэх онд бодлого хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцсон бэ? гэсэн асуултыг асуулаа.
Сангийн сайд Ч.Улаан: 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулж байгаа. Хэдий хэмжээний хөрөнгө төлөвлөсөн гэдгийг төсвийн хүрээний мэдэгдэл дээр тооцож гаргасан энэ мөнгө бол хуулийн хүрээнд зарцуулж болох дээд хязгаар байгаа.
Энэ хязгаартаа багтаад эдийн засгийн бодлогоо нарийвчлана. Энэ ажил долоон сараас ирэх оны төсвийг боловсруулах явцад хийгдэнэ гэсэн хариултыг өглөө.