Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай.
Мөн Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав.
Байнгын хороо эдгээр хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг төслд бүрэн тусгасан гэдгээ танилцуулгадаа дурдав.
Төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх.
Тухайлахад, үнэт цаасны зах зээлд оролцогчдын гол бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалтын сангийн талаар тодорхой зохицуулалтыг багтаасан зүйл, хэсэг, заалтуудыг төсөлд нэмж тусгах, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулж байгаа төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх.
Мөн хөрөнгийн бирж үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор байсныг үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж болохоор өөрчлөх зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалттай холбогдсон хариуцлагын заалтуудыг тусгах, үнэт цаасны зах зээлийн талаарх төрийн бодлогыг төрийн захиргааны байгууллагууд хамтран тодорхойлж байх зэрэг зарим гишүүний гаргасан зарчмын саналуудыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.